Н.Алтанхуяг гишүүн айдастай байна уу?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдэгдлийг дагасан үйл явдлууд цаашид өрнөх шинжтэй. Түүний мэдэгдэлдээ “хуйвалдааны төр”-ийг удирдан зохион байгуулагчаар нэрлэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр чуулганы нээлт дээр гэнэт үг хэлэхээр шийдсэн гэх мэдээлэл тарсан. Энэ нь мэдээж Н.Алтанхуягийн мэдэгдэлтэй холбоотой гэдгийг ажиглагчид хэлж байв. Гэвч хэлсэнгүй.
Н.Алтанхуягийн хэлснээр энэ мэдэгдлээ УИХ-ын хаалттай чуулган дээр хийхээр зэхэж байсан аж. Тэрээр энэ асуудлаа ярихаар хаалттай чуулган хуралдуулах санал гаргаж байсан боловч тийм чуулган болоогүй. Тиймээс ингэж мэдэгдэл хийх “аргагүй байдал” үүссэнийг онцолж байсан. Түүний мэдэгдлийг олон нийт янз бүрээр л хүлээн авч байна. Чухамдаа намынхан нь хийгээд жирийн иргэд түүний мэдэгдлийг хоёр хуваагдсан байр суурьтайгаар хүлээн авч байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ынхан зарим нь Н.Алтанхуягийн эр зоригийг магтан дуулж, “хуйвалдааны төр”-ийн хамаг булхайг дэлгэлээ гэж байхад, нөгөө хэсэг нь жинхэнэ авлигач, хуйвалдааны зохион байгуулагч нь өөрөө шүү хэмээж байгаа. Нөгөөтэйгүүр түүний хэлсэн “аргагүй байдал” гэж чухам юу байв гэдэг олны анхаарлыг татаж байна.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь ахлах зөвлөх Л.Гансүхийг нь “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой асуудлаар баривчилсан. Улмаар шүүхээс ял оноосон. Мөн “Цэвэр агаар” сангийн хэрэгт охиныг нь хамаатуулж, хүргэн Г.Дэнзэн нь тэрбум тэрбумын тендерийн асуудалд нэр холбогдсон.
Үнэндээ энэ бүхэн өөрийнх нь хэлснээр 2-3 жил үргэлжилж байгаа. Тэрээр энэ хүртэл тэсч ирсэн. Гэвч хаврын чуулганы өмнөх өдөр гэнэтийн мэдэгдэл хийхэд хүргэсэн нь чухам юу байв?
Н.Алтанхуяг мэдэгдэлдээ “…Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэгийг өнөөдөр энд нэр цохон хэлэхээс өөр арга алга. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын хонгилоос айдаг юм. Хэлмэгдэхээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст маань хэдий аюултай ч би айхгүй ээ. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй учир над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой” гэсэн.
Эх сурвалж, журмын нөхдийнх нь зүгээс гарч байгаа мэдээллээр бол дээрх баривчилгаа, шүүх цагдаагийн асуудал өөрт нь тулчихаад байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг айдастай байна. Хэзээ мөдгүй өөрт нь ирэхээр болоод буй АТГ, цагдаа, шүүхийн зарлан дуудах хуудасны “сураг”-ийг дуулсан тэрээр ийн гэнэтийн мэдэгдэл хийж, “хуйвалдааны төр”-ийн удирдагчийг нэрлэсэн байх гэх яриа ч бас байна. Юутай ч Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, АН-ын даргын суудлаас нь нэгмөсөн буулгасан, залгуулаад ойр дотныхныг нь шалгаж, компанийнх нь байранд хүртэл нэгжлэг хийж байсныг олон нийт мэдэх билээ.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: