Ах нь дүүгээ дэмжиж, АН-ын нэр дэвшигчид солигдох уу?

4-6-2_700x7001Завханаас дандаа сонгогддог хэдхэн хүн бий. Гэхдээ энэ жил шинэ хүмүүс дэвшинэ, гарах магадлал ч өндөр гэнэ. Тодруулбал, МАН-аас “Сонор трэйд”-ийн ерөнхий захирал, “Завхан хүнс” группын ерөнхийлөгч, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболд нэр дэвшихээр бэлтгэж буй. Тэрээр анх удаа нэр дэвших гэж байгаа ч нутгийнхан нь андахгүй. Нэртэй бизнесмэн бөгөөд түүний удирддаг “Завхан хүнс” групп мал, мах бэлтгэж, Бургастайн боомтоор хил гаргадаг нь нутгийн малчдын ахуй амьдралд ихээхэн дэмтэй байдаг гэнэ. Иймд Б.Энхболдод нутгийнхан нь ам сайтай ажээ.

МАН-ын нөгөө нэр дэвшигч нь Ш.Батсамбуу. Тэрээр “Нарантуул” олон улсын худалдааны төвийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү, Завхан аймгийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга юм билээ. Мөн л хувьдаа чамгүй бизнестэй нэгэн. Завханы унаган хүү тэрээр энэ жил нутагтаа очхоор болжээ. Харин ах Ш.Сайхансамбуу нь МАН-аас нутагтаа дахин нэр дэвшинэ гэж олон хүн таамаглаж байгаа ч аль ч талаас нь бодож үзсэн дүүтэйгээ, тэгээд нэг намаас өрсөлдөж таарахгүй. Тэгэхээр Ш.Сайхансамбуу 2016 оны сонгуулиар өнжинө, гэхдээ тэр Завханд очдогоороо очиж дүү Ш.Батсамбуугаа, уугуул нам МАН-аа дэмжин ажиллах биз ээ.

Завхан аймгийг төлөөлж УИХ-д Д.Оюунхорол гишүүн суудаг. Тэрээр гурван удаагийн парламентад гишүүнээр ажиллаж байгаа МАН-ын гишүүн. Энэ жил дээрх хоёр шинэ нэр дэвшигчид орон зайгаа өгөх бололтой. Учир нь эрхэм гишүүн Д.Оюунхорол намынхаа эмэгтэй лидерүүдийн тоонд зүй ёсоор багтдагийн хувьд МАН-ын нэрийн жагсаалтын дээгүүрт бичигдэнэ гэж нутгийнхан нь итгэлтэй байгаа гэнэ. Жагсаалтын эхний хэдэд орсон хүн УИХ-д сонгогдох магадлалтай учир Завханыхан дахин нэг түшээтэй болно гэж найдаж байгаа хэрэг.

МАН-аас дэвшин парламентад сонгогдож байсан, мөн 2012 оны сонгуулиар нэр дэвшиж нэлээдгүй өндөр хувийн санал авсан ч ялагдсан Д.Балдан-Очирыг Завхандаа дахин очно гэлцэнэ. Гэхдээ хоёрхон мандаттай тус тойрогт МАН-ын нэр дэвшигчид илүүдэх гээд байдаг. Тэгэхээр Д.Балдан-Очирын хувьд өмнө нь уг гарал, уугуул нам гэж ярьдаг байсныг нь бодвол МАХН-д орж, тус намаас Завханд дэвшинэ гэх нэг талын таамаг байж болох юм.

Харин АН-ын нэр дэвшигчдийн тухайд асуудал их. УИХ-ын гишүүн Я.Санжмятав сүүлийн үед тойрогтоо очихгүй байгааг бодоход намын нэрийн жагсаалтад орох  болов уу. Тэрээр өөрийн дотны найз, Төрийн банкны гүйцэтгэх захирал асан, Завхан аймгийн АН-ын тэргүүн дэд дарга Д.Батсайханд боломж олгож байгаа гэнэ. Д.Батсайхан ч сонгуульдаа бэлтгэхээр банкны ажлаа өгөөд хэдэн сар болж буй. Гэхдээ энд нэг асуудал бий. Д.Батсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн гомдол Авлигатай тэмцэх газарт очсон гэх мэдээлэл байна. Түүнийг ийн шалгуулах болсон шалтгааны цаад эзэд МАН биш АН-ынхан өөрсдөө гэдгийг мэддэг хүмүүс нь ярьдаг л юм билээ. Энэ бол түүнийг АН-аас нэр дэвшүүлэхгүй гэсэн санаа юм. Хэрэв Д.Батсайхан нэр дэвшиж чадахгүйд хүрвэл Я.Санжмятав гишүүн хуучин тойрогтоо очих байх. Яагаад гэвэл намын нэрийн жагсаалтын эхний хэдэд буюу сонгогдох магадлалтай тооны квотод багтахгүй гэсэн аюул бий. Я.Санжмятав гишүүн АН-ын “Алтан гадас” фракцийнх.  “Шонхор” фракцийг удирддаг намын дарга нь жагсаалтын дарааллыг тогтоох эрх мэдэлтэй учраас тэр хойшоо жийгдэх тал бий.

Я.Санжмятав, Д.Батсайхан хоёрт Завханд очих боломж олдохгүй байгаагийн цаад шалтгаан гэвэл АН-аас З.Нарантуяаг тэнд сойх гээд эртнээс бэлтгэсэнтэй холбоотой гэнэ. Тэрээр УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд дарга нь Санхүүгийн зохицуулах хорооны даргад санал болгон нэр дэвшүүлж, парламентаар томилуулж байв. Оны өмнө Сонгуулийн хуулийн дагуу үүрэгт ажлаа өгөх өргөдлөө хуучин дарга З.Энхболдод өгөөд одоо сонгуульд бэлтгэж байгаа аж. Тэгэхээр намын даргын ойрын хүн болох З.Нарантуяа Завханд дэвших боломжтой нэгэн. Өнгөрсөн сарын сүүлээр УИХ-ын дарга З.Энхболд Завханд ажиллах үеэрээ хоёр талдаа Д.Батсайхан, З.Нарантуяа хоёрыг дагуулчихсан явна лээ.

АН-аас нэр дэвшихээр горилж буй бас нэгэн эрхмийг Д.Чимэд-Юндэн гэдэг. Тэрээр өнгөрсөн сонгуулиар Завханд бие даан нэр дэвшиж нийт сонгогчдын 15 хувийн санал авч байв. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Завханд 2012 оны сонгуульд нэр дэвшиж байсан Л.Батсайхан бие даана гэсэн бол эвслийн нөгөө нэр дэвшигч П.Гансүхийн нэр одоогоор дуулдахгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.ГАН


URL:

Сэтгэгдэл бичих