Их долоон гүрний гадаад хэргийн сайд нар Хирошима хотод уулзалт хийнэ
“Их 7”-гийн бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нар энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Японы Хирошима хотод уулзалт хийх гэж байна. Өчигдөр Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга тус уулзалтаар ямар, ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар олон нийтэд танилцуулсан байна.
Түүний мэдээлснээр “Их 7”-гийн бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нар олон улсад тулгамдсан гол асуудлууд, тэр дундаа Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, Азийн хэд хэдэн орон газар нутгийн маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгистэй холбогдсон асуудлыг хөндөн хэлэлцэхээр төлөвлөж буй юм байна.
Мөн алан хядах ажиллагаа, шашны хэт даврах үзэл, цагаач дүрвэгчдийн асуудал болоод Ойрхи Дорнод, Украины хямралыг ирэх 7 хоногийн уулзалтаар авч хэлэлцэхээр болжээ. 1945 онд АНУ-ын хаясан атомын бөмбөгт бараг бүрэн сүйдсэн түүхтэй Хирошима хотод “Их 7”-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулах гэж байгаа. Японы эрх баригчид Хирошима хотод болох энэ уулзалтаар дамжуулан дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгох уриалгыг олон улсад дэвшүүлэхээр зорьж байна.
Ирэх тавдугаар сард Японы Мие мужид зохион байгуулагдах “Их 7”-гийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг угтсан Хирошима дахь уулзалт амжилттай болж өндөрлөнө гэж итгэж байгаагаа Японы засгийн газрын нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга өчигдөр илэрхийлсэн байна.
MNB.MN
URL: