Грекээс Турк руу цагаач дүрвэгчдийг буцааж эхэллээ
Өчигдөр Европын холбоо, Туркийн байгуулсан хэлэлцээрийн хүрээнд цагаач дүрвэгчдийг суулгасан эхний ээлжийн хөлөг онгоц Турк улс руу буцжээ. Европ тивийг зорьж байгаа цагаач дүрвэгчдийн дийлэнх нь Туркээс Эгейн тэнгисээр дамжин Грек рүү хүрч очиж байгаа юм.
Иймээс Шенгений хилд цагаач дүрвэгчдийн нэвтрэх гол замыг хааж, хууль бус тээвэр эрхэлдэг бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор Грект очсон цагаач дүрвэгчдийг Турк руу буцаах дээрх хэлэлцээрийг байгуулсан юм. Өчигдөр тус хэлэлцээр бүрэн хэмжээнд хэрэгжиж эхэлсний хүрээнд эхний ээлжийн 136 цагаач дүрвэгч зорчигч тээврийн 2 хөлөг онгоцонд суун, Грекийн Лесбос арлаас Туркийн Дикили хот руу буцсан байна.
Үүний дараа Грекийн Хиос арлаас 3 дахь хөлөг онгоц гарч, Дикили хотод 66 цагаач дүрвэгчийг хүргэжээ. Турк руу буцсан эдгээр цагаач дүрвэгчийн 130 орчим нь Пакистаны иргэд байгаа юм байна. Үүнээс гадна Афганистаны 42, Сирийн 2 иргэн, мөн Иран, Шри Ланк, Марокко зэрэг улсын иргэд байгаа юм. Энэ үеэр дүрвэгчдийн орогнол эрэх суурь эрхийг хамгаалахыг шаардсан цөөн тооны идэвхтэн дүрвэгчдийг буцаахыг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан байна. Мөн Дикили хотынхон цагаач дүрвэгчдийг нутагтаа хүлээн авахыг эсэргүүцсэн жагсаал хийжээ.
Грект оронол эрэх өргөдөл гаргаагүй, эсвэл орогнол эрсэн өргөдөл нь буцаагдсан цагаач дүрвэгчдийг л Турк руу буцааж байгаа гэх тайлбарыг холбогдох албаныхан өгч байна. Гэхдээ Грект байгаа цагаач дүрвэгчид орогнол эрэх өргөдөл хэрхэн гаргах талаар тодорхой мэдээлэлгүй байсан, мөн Турк руу цагаач дүрвэгчдийг буцааж байгааг мэдээгүй гэх гомдол мэдүүлж байгаа юм байна.
URL: