Ерөнхийлөгчийг “дарангуйлагч” гэж Н.Алтанхуягаас өөр хүн хашигарсан бол гоё сонсогдох байлаа

14597796455702783da6ec9“Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжье ээ” хэмээн хамгаас чангаар хашигарч явсан хүн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Гэтэл тэр өнөөдөр “…Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Учир нь тэр хүний үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу хүн бүхэн чирэгдэхээс айдаг. Хэлмэгдэхээс айдаг болсон. Гэсэн ч би Монгол улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж…” ийнхүү сэтгүүлчдийн өмнө ярьж зогсох юм.

Хүний хувь заяа гэж хачин юм шүү. Ердөө гуравхан жилийн өмнө өмөөрч, хамгаалж, бахархаж, дарцаглаж явсан нэгэн өнөөдөр тэр бүгдээ үгүйсгэж харагдах юм. Уг нь “Хуулийн засаглал тогтох уу, хулгайчийн засаглал тогтох уу” гэсэн маш чухал зурвас үетэй монголчууд нүүр тулгаад байна. Энэ үед хэн нэгэн гэмт хэрэгтнийг эсвэл төрийн мөнгийг баруун, солгойгүй цацаж төрөөс төрсөн тэрбумтан эрхмийн эрх ашгийг хамгаалвал энэ төрийн ялзрал хэзээ ч арилахгүй мэт.

“Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийж хууль шүүхийн байгууллага болон Монгол Улсын Ерөнхийлөгч рүү хандсан эрс шийдэмгий мэдэгдлийг хийгээд амжлаа. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн. Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна. Хуйвалдааны төр Монголын ард түмний хүсэл зоригоор бий болсон Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж байна. Ардчилсан нам хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж, Ардчилсан нам Засаглаж чаддаггүй юм гэдэг үг гаргаж хуйвалдаж байна. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Учир нь тэр хүний үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу хүн бүхэн чирэгдэхээс айдаг. Хэлмэгдэхээс айдаг болсон. Гэсэн ч би Монгол улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр бүх бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтаны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил юм. Энэ ажилд маань саад учруулж байгаа” гэх мэтээр ард түмнээсээ тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Миний өнөөдрийн мэдэгдэл амь, нас ойр дотны хүмүүст маань аюултай ч гэсэн айх зүйл алга. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй, өөрийнх нь бүлэглэлд оролцдоггүй учраас надруу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт, шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой. Угаасаа хоёр, гурван жилийн туршид асар их материалыг бэлтгэсэн байгаа. Ардчилалыг хамгаалж үлдээх цаг ирсэн. Ард түмэн айдсаасаа гарах цаг болсон. Авлигачийн худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж улсаа луйварддаг цаг дууссан” гэлээ.

Түүнийхээр өнөөдөр Монголын төрд үүрлээд буй бүхий л муу муухайтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой аж. Тэр л намаа хагалан бутаргаж байгаа, тэр л төрийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж яваа намын нөхдөө хорьж, тэр л бүх хууль хяналтын байгууллагын “толгойд” гарч “сандайлсан” гэнэ. Энэ бүгдийг нь зоригтойгоор хэлсэн Н.Алтанхуягийг ч гэсэн Ерөнхийлөгч зүгээр өнгөрөөхгүй гэнэ. Хачин юм шүү, хэдхэн жилийн өмнө Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан Ерөнхийлөгчөөс өөр сайхан хүнгүй мэт аашилж байсан. Гэтэл одоо тэд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах дөхсөн энэ өдрүүдэд Ерөнхийлөгч рүүгээ дайрч давшилж байх юм. Дайрах болсон үндэслэл нь өөрсдийнх нь бүхий л булхай ил болж эхлэхээр тэгсэн байх ч талтай. Нөгөө “хулгайч, хулгайчаа бариарай” гэдэг үлгэртэй л адилхан зүйл болж байх шиг.

Угтаа бол энэ бүх үгс, дайралт давшилтыг Н.Алтанхуяг биш өөр хүн хэлсэн бол арай л үр дүнтэй байх байсан. Магадгүй Э.Бат-Үүл, Р.Амаржаргал эсвэл өөр хэн ч бай хэлсэн бол ард түмэн итгэдэггүй юм аа гэхэд ядаж анхаарч сонсох байсан биз. Гэвч эсрэгээрээ энэ бүгдийг Н.Алтанхуяг хэлсэн нь туйлаас хүчгүй байлаа. Алтангадасын гол төлөөлөгчийн хэлсэн үг Н.Алтанхуягийг эх орон ч, “мужик” мэтээр харагдуулах шаанстай. Гэтэл түүний үгийг иргэд түүний хэлсэн үгийг байдаг л нэг хоорондын зөрчил, өөрийгөө хамгаалах гэсэн башир арга мэтээр хүлээж авч байгаа нь харамсалтай. Тэргүүлж байсан Засгийн газрынх нь олон хүн идсэн, уусан хэрэгт холбогдсон нь энэ бүгдийг үнэ цэнэгүй болгож орхилоо. Учир нь түүний тэргүүлж байсан Засгийн газар л энэ төрийг өрөнд оруулсан. Тэр л энэ бүх улс төрийн асуудлуудын гол зангилааг эрчилсэн. Тийм ч учраас өнөөдөр хууль хяналтынхан Шинэчлэлийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээс хэд хэдэн хүнийг шалгаж, зарим нөхдийг нь “аавынд” илгээгээд байгаа. Тэдний хамгийн том жишээ бол Л.Гансүхийн хэрэг. Нүүрс хөтөлбөр гэгчийг Н.Алтанхуяг л санаачилсан. Түүнийг нь хэрэгжүүлж, санхүүг нь зохицуулсан Л.Гансүх өнөөдөр хэрэгт холбогдож төмөр торны цаана гурван жилээр эрхээ хасуулаад байгаа. Үүний дараа түүний хүргэн хүү гэгддэг Г.Дэнзэнгийн хэрэг сөхөгдөж, АТГ бас л түүнийг нь илчилж байлаа. Мөн төрсөн охинтой нь холбоотой хэргүүд ч сөхөгдөж байв. Гэвч бас л шалтган шалтгаанаа хайсаар асуудлыг намжааж амжив. Хамгийн сүүлд Шинэчлэлийн Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг АТГ-аас удаа дараагийн авилгын хэрэгт холбогдуулан байцааж эхэлсэн. Р.Эрдэнэбүрэнг шалгах болсон шалтгаан нь Барилгын үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой. Уг хөтөлбөрийг Н.Алтанхуяг л Ерөнхий сайд байхдаа эхлүүлж байсан. Тэр утгаараа энэ асуудал эвгүйтвэл Н.Алтанхуягийнхаа “хүзүүг” ч ороох магадлалтай.

Ийнхүү АТГ болон цагдаагийн байгууллагаас Шинэчлэлийн Засгийн газартай холбоотой хэд хэдэн хэргийг шалгаж байна. Хэрэв байдал буруугаар эргэвэл дээрх хэргийн гол буруутнаар Н.Алтанхуяг ч “тохогдох”-ыг үгүйсгэх газаргүй. Тиймээс өөрийн арьсаа хамгаалж үлдэхийн тулд Н.Алтанхуяг шударга ажиллаж буй хууль, хяналтынхан руу буруу, зөвгүй дайрч эхлэв бололтой. Түүний хэлж байгаа шиг хууль, цагдаа гээд бүх байгууллагуудыг Ерөнхийлөгч удирдах боломжгүй. Тэр зөвхөн АТГ болон Шүүхийн ЕЗ-ийн гишүүдийг томилуулах саналыг УИХ-д оруулдаг. Харин томилох ажиллагааг УИХ л хийдэг шүү дээ. Тиймээс Алтангадас фракцийн гол хүн болох Н.Алтанхуягийн хийсэн өчигдрийн мэдэгдэлд үнэн гэж итгэхээс илүүтэй “арьсаа хамгаалах” гэсэн оролдлого хэмээн хардаж болохоор байгаа юм. Ер нь том зургаар харвал АН-ын “дотор халуун” улайсан эрчимжиж одоо сүүлдээ дарга нар нь бие биенийхээ эсрэг тэмцлийг өрнүүлж эхлэв бололтой.

Г.Ган

 


URL:

Сэтгэгдэл бичих