“Эрүүл чийрэг Монгол хүн”-ээ аваръя

14598188775703117d4f8a9Улстөрчдийн увайгүй үйлдлээр хийсэн “бургер”-ийн хавчуурганд эрүүл мэндийн салбар өртөв. Ардчилсан нам Ч.Сайханбилэгийгээ авч үлдэхийн тулд ЭМСЯ-аар дэнчин тавьж, өдгөөгийн Шадар сайдыг томилох сураг гарсан ч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилж чадаагүй л байна. Энэ бол монгол төрийг дампууруулж, улс төрийн наймааны хэрэгсэл болгосны гай. Эрүүл мэнд, спортын яам нь толгойгүй болоод гурван сар боллоо. Дээрх хугацаанд манай улсад бүрэн устаад байсан улаан бурхан, малын цэцэг өвчин дэгдэж байхад эрх баригчид нүдэн балай, чихэн дүлий сууж байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд бөөс, хуурсандаа баригдаж байхад БСШУЯ нь “Мүүн” ярьсан шигээ сууж байгаа нь монгол төрийн эмгэнэл.

АН-ын “Монгол хүн-2020″ мөрийн хөтөлбөрт ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН хэсэгт “Шударга өрсөлдөөн сонголтонд суурилсан хамгийн чанартай эрүүл мэндийн оношлогоо эмчилгээ үйлчилгээ  авах боломжийг иргэн бүрт олгох нь эрүүл мэндийн салбарын үндсэн зорилт мөн” гэсэн өгүүлбэр бий. Тэгвэл энэ мөрийн хөтөлбөр, өгүүлбэрийн биелэлт, хэрэгжилт хаачсан бэ. Хөдөөгийн сумдаар кор өвчин тархаж, нийслэлд улаан бурхан өвчин дэгдэж байхад ЭМСЯ нь эзгүй хэвээрээ л байгаа нь Ардчилсан нам ард түмнээ хөсөр хаясны “гавьяа”. Улс төрийн өчүүхэн ашиг хонжооны төлөө бүхэл бүтэн улсыг эрүүл мэндээр нь хохироож байгаа эрх баригчидтай хэн хариуцлага тооцох вэ. Ард түмний өвчин зовлонгоор бизнес хийж, олон улсад хямд үнээр зарагддаг эмийг монголчуудад үнэтэй шахдаг явуургүй сэдлийг АН-ынхан цэцэглүүлсэн. Ганцхан жишээ дурдъя. ЭМ-ийн дэд сайд асан Ж.Амарсанаа төрийн алба хашиж байх хугацаандаа элэгний В вирусын эсрэг үйлчилгээтэй Тенофобир эмийг 300 мянган төгрөгөөр дамлан худалдаалж байсан баримт бий. Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж Тенофобир эмийг импортлох эрхийг авч, улмаар иргэдэд үнэтэй зарж байжээ. Өнөөдөр импортлогч компани өөрчлөгдсөнөөр Тенофобир эм 22-хан мянган төгрөг болсон байх жишээтэй. Ард түмнийхээ зовлонгоор жаргал “бүтээдэг” ийм л увайгүй этгээтүүдийг бид төрд сонгосон байна.

“ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН” биш өвчиндөө баригдаж, өрөнд дарагдаж, төрд дээрэлхүүлсэн монгол хүнийг эрх баригчид сүүлийн дөрвөн жил бий болгож чадлаа. Өрнөөс өрний хооронд амин зуулгаа болгох гэж яваа ард түмэн чинь өвчиндөө шаналж, өдөр хоногийг аргацааж байна. Банкны өрөнд дарамтлуулна, өвчиндөө дарамтлуулна, эрх баригчдын санаачилсан хэрэгтэй, хэрэггүй татвараар бас дарамтлуулна. Уг нь “ардчилал” гэдэг үгийг “эрх чөлөө” гэж ойлгодог байлаа. Харин өнөөдөр “ардчилал” гэдэг үгийг “дарангуйлал”, “дампуурал”, “хямрал”, “айдас” гэж ойлгож байна. Зөвхөн элэгний өвчлөлөөр Монгол Улс нэг өдөрт долоон иргэнээ алддаг гээд бодохоор эрүүл мэндийн салбар нэг мөсөн хямарсан гэсэн үг. Иргэний дайн нүүрлэсэн улс оронд ч нэг өдөр ингэж олноороо эндэх явдал цөөхөн гардаг. Эх орон минь хямралгүй, иргэн нь өвчингүй амьдрах үе удахгүй ирнэ. Хүний зовлонгоор жаргал “бүтээдэг” цаг ч дуусна. “Эрүүл чийрэг монгол хүн”-ээ аврахын тулд төр нь төр шиг болох цаг бас ирнэ.

 

С.НЭМЭХ


URL:

Сэтгэгдэл бичих