БСШУЯ-наас төсөвлөсөн мөнгөө өгөөгүй учир 95-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажил зогсжээ
Баянгол дүүргийн наймдугаар хороонд байрлах 95 дугаар цэцэрлэг энэ өвлийг дээвэр нь онгорхой, цэцэрлэгийн хашаа барилгын хогоор дүүрсэн байдалтай өнгөрөөсөн юм.
Өнгөрсөн онд ачаалал ихтэй зарим нэг цэцэрлэгийг өргөтгөхөөр болж тус цэцэрлэгийг гурван давхар болгохоор барилгын ажлыг эхлүүлэх тендерийг өнгөрсөн долдугаар сард зарласан байна. Ингээд “Алтан зурлага” ХХК тендерт шалгарч, өнгөрсөн есдүгээр сарын 23-нд өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлжээ.
Өргөтгөлийг ажлыг хоёр давхраас хийх тул нийт 12 ангид суралцдаг 500 гаруй хүүхдээ нэгдүгээр давхрын ангид хичээллүүлэхээр болжээ. 95 дугаар цэцэрлэгийн 12 ангийн 500 гаруй хүүхэд зургаан ангид өнгөрсөн есдүгээр сараас өдий хүртэл суралцаж байгаа юм. МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Гүйцэтгэгч компани тодорхой шалтгаанаар өнгөрсөн арваннэгдүгээр сараас үйл ажиллагаа зогсоосон. Гэтэл өнөөдөр цэцэрлэгийн дээвэр онгорхой, орчин тойр нь барилгын хогоор дүүрсэн байдалтай байна. Нэг ангид хоёр ангийн 70 гаруй хүүхэд суралцаж байгаа нь нэг хүүхдэд ногдож байгаа талбайн хэмжээ багассан. Ийм байдалтай хууль эрх зүйн хүрээнд тус цэцэрлэг ажиллах боломжгүй. Энэ байдалд БСШУЯ-наас анхаарал хандуулахгүй байна” гэсэн юм. Харин цэцэрлэгийн удирдлагын зүгээс эцэг, эхчүүдийн зүгээс ажил төрөлтэй, хүүхэд харах хүнгүй учир битгий хаалгаа бариач хэмээ өргөдөл санал хүсэлтээ ирүүлжээ.
95 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй “Алтан зурлага” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сугартай холбогдсон юм. Тэрбээр Улсаас 781 сая төгрөгийн цэцэрлэгийн өргөтгөлийг ажлыг хийлгэхээр гэрээ байгуулсан. Бидний хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд цэцэрлэгийн өргөтгөлийг ажлыг хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байсан. Гэвч улсаас нэг ч мөнгө өгөхгүй байсан тул манай компани өөрсдийн хөрөнгөөр арваннэгдүгээр сарын 20-н хүртэл барилгын өргөтгөлийн ажлын 50 хувийг гүйцэтгэсэн. Энэ явцад зураг төсөл алдаатай гарсан тул дахин өөрсдийн хөрөнгөөр зураг төслийг ажлыг хийсэн. БСШУЯ-наас төсөвлөсөн мөнгөний 30 хувийг авч ажлаа дуусгамаар байна гэтэл улсын төсвийн тодотголоор арванхоёрдугаар сард төсөвлөсөн байсан мөнгө хасагдсан гэсэн тайлбар өгсөн. Ингээд бид Сангийн яам, БСШУЯ-нд удаа дараа хандсан. Өнөөдөр БСШУЯ очиж, гэрээгээ сунгаж, энэ сарын 15-наас өргөтгөлийн ажлаа эхлүүлэхээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрлөө авсан. Хүүхэд сурах орчин тул манай компани эхний ээлжинд банкнаас зээл аван өөрсдийн хөрөнгөөр тус цэцэрлэгийн өртгөлийн ажлыг дуусгахаар болж байгаа. Дараа нь БСШУЯ-наас хөрөнгө мөнгө олж авахаар хөөцөлдөнө дөө гэсэн тайлбар өгөв.
Дээрх цэцэрлэгийн өргөтгөлийн ажлаас харахад манай улсын байгууллагууд хэрхэн ажилладаг нь харагдаж байна. Гүйцэтгэгч компанид төсөвлөсөн мөнгийг нь цаг тухайд нь өгсөн бол өнөөдөр 500 гаруй хүүхэд зургаан ангид багтаж ядан суралцахгүй байх байлаа.
Т.Буянаа
URL: