Гэр хорооллынхон цэвэр бохир шугамд холбогдож эхэллээ
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн гэр хорооллын 96 өрх, 8 байгууллага цэвэр, бохир усны нэгдсэн системд холбогдлоо. Дэлхийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд 2008 онд гэр хорооллын айл өрхийг цэвэр усны нэгдсэн системд холбох судалгааг хэд хэдэн гэр хороололд явуулж хүн амын нягтрал, амьжиргааны түвшин, хот төлөвлөлт зэргийг үндэслэн тухайн газрыг сонгож төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм.
Төслийн хүрээнд 4,6 км цэвэр усны шугам хоолой, 2,4 км бохирын шугам суурилуулан, өдөрт 120 шоометр ус цэвэрлэх хүчин чадалтай бие даасан цэвэрлэх байгууламж барьж, 96 өрх, 8 байгууллагыг энэхүү системд холбох ажлыг 1,4 тэрбум төгрөгийн өртгөөр барьж, туршилт, тохируулгын ажлыг бүрэн дуусгаад өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.
Энэхүү загвар төсөл нь Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд гэр хорооллын амьдралын чанарыг дээшлүүлж, орон сууцны хорооллын жишгээр аж төрөх нөхцлийг иргэд, оршин суугчдад бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 58 дугаар сургууль, 109, 36 дугаар цэцэрлэг, 15,17 дугаар хороо, 34 дүгээр гал унтраах анги, өрхийн эмнэлэг зэрэг байгууллагууд өнөөг хүртэл гүний худгаас шахуургаар усаа татаж, ус хангамжийн асуудлаа шийдэж байсан бол одоо нэгдсэн сүлжээнд холбогдсоноороо үйл ажиллагааны доголдолгүй, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх боломжтой болж байна. Айл өрхүүд ч худгаас байнга ус зөөх шаардлагагүй болж, хэрэглээгээ гэр дотроосоо ханган, халаах төхөөрөмжийн тусламжтайгаар халуун усны хэрэгцээгээ давхар шийдэж, орон сууцны айлуудаас ч тансаг хийцтэй ариун цэврийн өрөө, гал тогоо бий болгожээ.
URL: