УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг НОЦТОЙ мэдэгдэл хийлээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдэгдэлдээ:

527-145447005309(18)

- Монголчууд мань хоёрхон сарын дараа сонголтоо хийх гэж байгаа. Маргааш хаврын чуулган эхэлнэ. Ийм хариуцлагатай цаг үед ард түмэндээ анхааруулж мэдэгдэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Та бүхэн бүгдээрээ мэдэж санаж байгаа.  Өнгөрсөн хавар, намрын чуулганаар Монголын төр маань үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байгаа юу, УИХ-ын бие даасан байдал бодитойгоороо байна уу, үгүй юу. Ер нь Монголын төрийг хэн удирдаж байна вэ, Монгол Улсын үндэсэий аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар хаалттай хуралдаан хийж, нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдве гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж авсангүй. Тийм учраас энэ тухай нийт монголчууддаа хандаж, хаалттай чуулганаар хэлэх байсан зарим зүйлээ нээлттэй хэлэхээс аргагүй байдалд хүрлээ.

 

Удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид маань хэрээс хэтэрч, зохиомол магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр  бүрдчихээд байна. Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм. Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн. Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна.

 

АН-ын хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж, АН засаглаж чадахгүй байна. Хоорондоо хагараад ажил хийдэггүй нам юм гэж харлуулах ажлыг зориуд санаатайгаар зохион байгуулсаар байна. Энэ хуйвалдаанд нэг хэсэг нь барьцаалагдчихсан байгаа. Сөрөг хүчин МАН чимээгүйхэн шиг гэтээд, баясаад сууж байгааг  бүү март. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэдэг, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгоо ашигладаг цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Тэнд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүйгээр зохиомол хэрэг үүсгэн, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийн шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлэн барьцаалаад сейфэнд хийгээд барьцаалагчихдаг болсон. Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн засгийн газрыг хуйвалдан огцруулж , Засгийг хууль бусаар авснаар харагдаж байгаа юм.

 

Энэ хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, санаатайгаар бүх зүйлсийг эмх замбараагүй байдалд оруулж, эх толгой нь мэдэгдэх  байж байна. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг ардын зүйр үг бий.

 

Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр  хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу чирэгдэхээсээ, хэлмэгдэхээсээ айдаг. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдаж, төрөөс төрсөн тэрбумтанууд энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил. Авлигатай тэмцэх амаргүй ажилд саад учруулж байгаа” мэтээр ард түмнээс тусламж гуйж жүжиглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

 

Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас ойр дотны хүмүүст минь болоод аюултай ч гэсэн айх зүйл алга. Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн.  Ард түмэн айдас, талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа түйвэрддэг цаг дууссан.

 

Монголын заяа их юм. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Үеийн үед юугаа ч зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно. Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард түмнээ уриалж байна. Шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын тулд би эцсээ хүртэл тэмцэнэ. Бидний Монгол үүрд бадраг гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих