Т.Аюурсайхан О.Магнай болон ШӨХТГ-ын ноцтой булхайг илчиллээ

ceecc2233e57133e68b5910bd25cc03785e069f6О.Магнай томоохон компаниудтай шүүхийн тавцан дээр эвлэрдэг байжээ…

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нэг хэсэгтээ л хэвлэлийнхний онцлох хүн байв. Учир нь тэрбээр хяналт шалгалт болгоноо олон нийтэд ил тод мэдээлж, торгуулийн арга хэмжээг ч чамлахааргүй тавьж байгаагаа хэлдэг байсан. Иймээс иргэд О.Магнайг ШӨХТГ-т зөв салхийг оруулж, шударгаар ажиллаж байна хэмээн харж басхүү дэмжиж байсан цаг саяхан. Гэвч О.Магнайгийн хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ эрс зөрж байсныг Т.Аюурсайхан манай сайтад анх удаа дэлгэлээ. Энэ бүхнийг доорх ярилцлагаас дэлгэрэнгүй уншина уу.

…О.Магнай торгуулиа хүчингүй болгож эвлэрсэн ч торгосон мэтээр мэдээлж байсан.

-“НИК” ХК-ийг торгох шүүхийн шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай баримт материалыг танай байцаагч нуун дарагдуулж байсан асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн НИК-ийг торгох шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргасан. Үүнийг ШӨХТГ-ын тухайн үеийн удирдлага, байцаагч хэрэгжүүлээгүй.

-Хэрэгжүүлээгүй гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Аравдугаар сард бид улсын байцаагч нарынхаа  хуулийн дагуу архивт хүлээлгэх ёстой ч хүлээлгэн өгөөгүй баримт материалуудыг илрүүлж архивт  татах ажлыг явуулсан.

Энэхүү ажиллагааны явцад “НИК”-ийг торгох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцаж байсан улсын байцаагчийн цоожтой шүүгээнээс шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэхэд шаардлагатай байсан  тоо баримт нь гарч ирсэн.

Энэ тоо баримт шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй буюу НИК-ийн 2011 оны зөрчилтэй бүтээгдэхүүн тус бүрийн орлогын мэдээлэл байсан. Энэ мэдээллийг зөвхөн тухайн аж ахуй эрхлэгчээс авах боломжтой байдаг. Нууцлалын зэрэглэлтэй. Өөрөөр хэлбэл,  Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар бол ерөнхий дүнгээр нь мэдээлэл гаргаж өгөхөөс биш бүтээгдэхүүн болгоноор орлогын мэдээлэл өгөөд байдаггүй6

-100, 200 саяын торгууль тавьсан хэрнээ хүчингүй болгочихдог-

-Тухайн байцаагчид байсан НИК-ийн зөрчилтэй бүтээгдэхүүний орлогын мэдээлэл ШӨХТГ-т яг хэзээ ирсэн гэсэн үг вэ?

-Энэ мэдээлэл 2012 онд албан ёсны албан тоотоор ирсэн байдаг. Тиймээс энэ мэдээлэл тухайн үед хэнд ирсэнийг судлахын тулд эх хувиар харах гэтэл архив дээрээс алдагдсан байсан.

Энэ дагуу дотоод хяналтын ажлын алба байгуулж, тухайн байцаагчид ажлын хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэвч албан тушаалаас чөлөөлж, захиргааны хариуцлага хүлээлгэхээс гадна гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд шалгуулахаар АТГ-т өгсөн.

-Тэгвэл энэ хэрэгт байцаагчаас гадна тухайн үед ШӨХТГ-ыг удирдаж байсан О.Магнай хамааралтай юм биш үү?

-Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага  хянаж шалгаад тогтоох байх.

40 гаруй тэрбум төгрөгийг  зориулалтын бусаар ашигласан байжээ

-ШӨХТГ-ын өмнөх удирдлагууд гаргасан шийдвэрүүдээ  хүчингүй болгож, шүүх дээр эвлэрдэг асуудлууд байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Ер нь энэ байгууллага дээр анх ажиллахад байгууллагын сахилга бат, хариуцлага бол сул байсан. Төрийн байгууллага гэдэг ийм байх ёсгүй.  Архивын хяналт шалгалтын удирдамж, дүгнэлт албан шаардлага, торгууль шийтгэврийн хуудас байхгүй, алдагдсан, эзэн холбогдогчгүй болсон зэрэг нөхцөл байдалтай байсан.

Ажил хүлээлцэж байгаа хүмүүс нэг ширхэг ч цаас хүлээлгэж өгөхгүй явцгаасан. Олон хяналт шалгалтын материалууд байгаагүй.

-Тухайлбал?

-Барилгын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хяналт шалгалтын мэдээллүүд  дарагдсан байсан.  Улмаар алба хаагчдаас хийсэн ажлынх тайланг нэхэхэд ганцхан алба хаагчаас хагас дутуу хуулбарласан материал гарч ирж байх жишээний.

Үүнийг цааш лавшруулан шалгахад уг хөтөлбөрийн 40 гаруй тэрбум төгрөгийг  зориулалтын бусаар ашигласан зөрчилтэй байсан.

Энэ мэт торгууль тавьчихаад хүчингүй болгодог асуудал байсан. Ялангуяа их хэмжээний буюу 100, 200 саяын торгууль тавьсан хэрнээ хүчингүй болгочихдог.

Хүчингүй болгох байсан юм бол яах гэж торгосон юм. Эсвэл анхнаасаа торгуулийн хэмжээгээ бодитой тавихгүй яасан юм гэдэг асуудал байгаа. Нөгөөтэйгүүр торгуулийг хүчингүй болгож байгаа нь үгсэн хуйвалдаж буй  хэрэг. Тэгвэл үгсэн хуйвалдаж байгаагаа сайн дураараа илчлэх ёстой. Эсвэл гүйцэтгэлийн хяналт шалгалт заавал хийх хэрэгтэй байсан юм.  Тэгэхгүйгээр хоёр хүн уулзаад “уучлаарай би дахиж тэгэхгүй” гээд л торгохгүй өнгөрөх асуудал байж болохгүй.

-Шүүх дээр эвлэрсэн тохиолдол хэр их байна вэ?

-Сүлжээ дэлгүүрүүд дээр л гэхэд 1.2 тэрбум төгрөгийн торгууль байсан. Үүнийг шүүх дээр очоод эвлэрээд, торгуулиа хэрэгсэхгүй болгосон.

СӨХ-ийн Дээд зөвлөл дээр 568.5 сая төгрөг буцаан олгуулах асуудал  яригдсан. Бас л эвлэрчихсэн.

Энэ талаар шүүгч тогтоол гаргахдаа хамгийн гол хоёр заалтыг нь  буюу СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах болон 568.5 сая төгрөг төлүүлэх заалтыг нь орхигдуулсан байсан.  Миний хувьд энэ дээр арга хэмжээ авч тухайн шүүгчийг Ёс зүйн хороонд  өгсөн.

Энэ үед шүүгч өөрийнхөө тогтоолыг өөрчилж дээрх дүгнэлийг хуулиараа заавал оруулах ёстой гэдгээ шүүхийн шийдвэртээ тусгасан. Өмнө нь оруулаагүй шалтгаанаа техникийн алдаа гэж хэлсэн. Техникийн болон үг үсгийн алдаа байж болно. Гэтэл ийм утга агуулгын алдааг би техникийн алдаа гэж үзээгүй. Тиймээс ШЕЗ-ийн Ёс зүйн хороонд дахин хандсан.

-Мобиком 2.3 тэрбум төгрөгний торгуулиа хүчингүй болгож, эвлэрэхийг хүсчээ-

-Энэ бүх асуудлын цаана хуучин удирдлага О.Магнай хамааралтай юу?

-Тийм. Үнэхээр СӨХ-ийн Дээд зөвлөлийг татан буулгана гэж байсан бол эвлэрсэн байгаа.

Сүлжээ дэлгүүрүүдтэй нэгийгээ үзнэ гэж байсан ч очоод эвлэрээд торгуулийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ бол үнэн.

-Таны хувьд шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох, эвлэрэх хүсэлттэй хэр тулгарч байв?

-Мобиком 2.3 тэрбум төгрөгний торгуулиа хүчингүй болгож, эвлэрэх үү гэсэн санал ирүүлсэн. Зөвшөөрөөгүй.

Онгоцны шатахууныг дамлан худалдаалдаг  “Сод Монгол” ХХК-ийн хэргийг шалгаад зөрчлийг таслан зогсоож нийтэд нь 4.6 тэрбумын торгууль оногдуулсан. Үүнийг “Сод Монгол” ХХК-ийн зүгээс  хүчингүй болгож өгөөч гэх хүсэлтийг тавьсан ч хүлээж аваагүй. Мөн шүүх дээр эвлэрэх боломжтой юу гэсэн ч боломжгүй  гэх хариуг тухай бүрт нь өгсөн.

Цаашлаад “Хаан банк”-ны 4.5 тэрбум төгрөгний торгуулийн арга хэмжээ байна. Ялангуяа томоохон торгуулийн арга хэмжээг  хуулийн дагуу авсан. Улсын байцаагчдын гаргаж ирсэн нотлох баримтыг үндэслэлтэй гэж үзэж байгаа.

С.Орших

 


URL:

Нэр: ИНЭЭДМИЙН БАЯР Огноо: 5 April 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих