Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-5

527-14597310223-24-3_700x700Увс аймгийг газрын тосны лицензээр хууль бусаар эзэлсэн Хонкон­гийн “Гладвилл” компа­нийн талаарх баримт, мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.
“Гладвилл” компани Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн баримтыг бид өмнөх дугаарт дэлгэсэн. Мөн хайгуулын үйл ажиллагааг хоёр өөрөөр танилцуулж, Увс нуур түүний ойр орчмын онгон дагшин газарт ну­тагт заналхийлж байгаа “Гладвилл”-ийг цээжээрээ хамгаалсаар байгаа Увс аймгийн дарга нарын цаад ашиг сонирхлын тухай ч хөндсөн. Тусгаар улсын Засгийн газар гадаадын хуурамч компанитай хамтарна гэдэг үндэсний аюулгүй байдалд нөлөө­лөхөөр том асуудал. Тий­мээс үүнийг тагнуул, хууль хяналтынхан анхааралдаа авсан гэж найдъя.
Энэ удаа “Гладвилл”-ийн “найз”, “охин” ком­па­ниудын учиг сүвэг хэр­хэн нэгддэг, тэд аймгийн удирдлагуудыг хэрхэн авли­гадсан, “Увс-1” тал­байн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд орсон ноцтой заалтуудын тухай хүргэе.
ХАНДИВЫН МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛСАН УУ?
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурвал 200 мянган ам.доллар, олборлолт эхэлсний урамшуулалд нэг сая ам.доллар өгнө гэсэн авлигын гэмт хэргийг уриалсан заалтууд оржээ
Мөнгө зуучлал гэдгийг хэн ч уншсан, харсан мөнгө угаах гэсэн үг биш үү. Үүнийг баталж мэргэжлийн хүмүүс “Компанийн эрхлэх үйл ажиллагааг юугаар ч илэрхийлж болно. Гэхдээ мөнгө зуучлал гэж болохгүй. Хууль зөрчсөн болно. Улсын бүртгэгчид ч үүнийг бүртгэхгүй” гэж байв.
“Гладвилл” 2010 онд Хонконгод байгуулагдаж Монгол Улсад орж ирэхдээ “Увс Бадрал” компанитай хамтарч “Монголиа гладвилл Увс петролиум” компанийг байгуулсан тухай өмнөх дугаарт дурьдсан. “Гладвилл”-ийн түнш “Увс Бадрал” гэх компани газрын тосны үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, эсвэл энэ чиглэлийн туршлагатай юу гэвэл үгүй. 2014 оны нэгдүгээр сард О.Бямбажав, Хайку Жан гэх монгол, хятад хоёр эр тус бүрээсээ 169.3 сая төгрөгийн хөрөнгийн сантай үүсгэн байгуулсан тус компанийн эрхлэх үйл ажиллагааных нь чиглэл тун хачирхалтай. Тодруулбал, компанийн үйл ажиллагааны чиглэлийг мөнгөний зуучлал гэж улсад бүртгүүлжээ. Мөнгө зуучлал гэдгийг хэн ч уншсан, харсан мөнгө угаах гэсэн үг биш үү. Энэ таамгийг хэр бодитойг бататгахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрыг зорив. Бүртгэлийн ажилтнууд болон компанийн бичиг баримт бүрдүүлнэ гэсэн хүмүүс нэгэн дуугаар эсэргүүцлээ. “Компанийн эрхлэх үйл ажиллагааг юугаар ч илэрхийлж болно. Гэхдээ мөнгө зуучлал гэж болохгүй. Хууль зөрчсөн болно. Улсын бүртгэгч ч үүнийг бүртгэхгүй” гэж тэд хэллээ. Тэгвэл бүртгэж авсан болоод ийнхүү баримт нотолгоо болон үлдсэн нь энэ. “Увс бадрал” компанийн мөнгөн хөрөнгө 338.6 сая ч үүнээс хэд дахин их хөрөнгө орж гарсан баримт ч бидэнд олдсон юм. Тиймдээ ч “Увс бадрал” мөнгө угаах зорилгоор байгуулсан компани юм биш биз гэсэн хардлага яалт ч үгүй төрөхөөр. Учир нь “Увс-1” талбайн төсөлд хамтрах гадаадын компаниудын хөрөнгө хэр цэвэр вэ гэдэгт эргэлзэх шалтгаан олон бий. Тухайлбал, “Увс-1” төслийн хөрөнгө оруулагч АНУ-ын “Black stone” сангийн үндсэн хөрөнгө гэхэд Монгол Улсын төсвийн долооны нэг хувьтай тэнцэх хөрөнгөтэй гэж байгаа.
Тэгвэл “Гладвилл”, “Увс Бадрал” хоёрын дундаас төрсөн “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн цаана хэн байна вэ. Улсын бүртгэл дэх мэдээллээр бол удирдлага нь Б.Бат-Амгалан гэх эрхэм. Б.Бат-Амгалан бас “Увс-1” талбайн газрын тосны төсөл хариуцсан захирал. Гэхдээ цаад эзэд нь хятадууд. Ер нь “Увс-1” талбайг тойрсон компаниудын эзэд бүгд БНХАУ-ын иргэд байгаа юм.
Төслийн захирал Б.Бат-Амгалан Увс айм­гийн АН-ын дэд даргын албатай. “Увс-1” талбайн орон нутаг дахь газрын тосны салбарын захирал М.Ганбаатар гэж бий. Тэрээр бас аймгийн АН-ын лидер, дэд дарга асан. Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн ч намын даргын албыг хашиж явсан нэгэн. Ийнхүү газрын тосны үйл ажиллагааг орон нутагт чиглүүлж буй толгойнууд нь аймгийн АН-ын удирдлагууд. Тэднийг ингэж дахин онцлох учир нь Увс аймаг өнгөрсөн жил 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэж, тус аймгаас гаралтай улс төр, бизнесийн салбарынхнаас эхлээд энгийн иргэн хүртэл эрвийх дэрвийхээрээ хувь нэмрээ оруулж, хандив өргөсөн билээ. Тэгвэл энэ ажиллагаанд газрын тосныхон ч дутсангүй. “Гладвилл” компани 400 сая, “Увс бадрал” компани 200 сая төгрөг хандивлаж, бусдыгаа хол тасархай орхижээ. Ойн үйл ажиллагаанд зориулсан гэсэн бүрхэг тайлбартайгаар хандивын 600 сая төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй болжээ. Үйл ажиллагаа нь жигдрээд удаагүй компаниудын энэхүү үйлдлийг учир мэдэх хүмүүс авлига гэж тайлбарлаж байв. Ингэж хардах ч нөхцөл байлаа.
Хандивын хөрөнгө Увс аймгийн төсөв рүү биш, “Увс нутгийн хөгжлийн хөтөч” гэх төрийн бус байгууллагад шилжжээ. Увс аймгийн дарга нар ойн арга хэмжээг угтаж тус төрийн бус байгууллагыг байгуулж, удирдлагаар нь аймгийн Засаг даргын орлогчийг томилжээ. Тиймээс үүнийг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх байгууллага гэж харж болохоор. Гэхдээ хандив, хөрөнгө оруулалтууд аймгийн төсөв рүү, орон нутгийн санд орох ёстой. Ийм нөхцөлд Шилэн дансны хуулиар зарцуулалт нь ил тод, нээлттэй болно. Гэвч Увсын дарга нар үүнээс эмээсэн бололтой. Аймгийн төсөвт орох ёстой хөрөнгийг өөрсдийн дураар зарцуулахаар төрийн бус байгууллага байгуулжээ. Үүнийг орон нутгийн зарим хүн “600 сая төгрөг бол нэг цэцэрлэг барьчих хөрөнгө. Гэвч зарцуулалт нь тодорхойгүй байгаа нь аймгийн удирдлагууд ирэх сонгуулийн зардлыг бүрдүүлж байгаа хэрэг” хэмээн тайлбарлаж байв. Харамсалтай нь Увсын дарга нар Засгийн газрын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газарт дуудагдах нөхцөл болоод байна. Учир нь газрын тосныхны 600 сая төгрөг хандивлах эрхзүйн орчин нээлттэй байсан эсэх, дэргэдээ ТББ хууль бусаар байгуулсан, хандивын мөнгийг аймгийн төсөв рүү биш ТББ-ын дансанд хүлээн авсан, түүнийг хэрхэн зарцуулсан зэрэг нь авлигын гэмт хэргийн нөхцөл болж буйг хуульчид онцолж байна.
ГАРЫН ҮСЭГ ЗУРВАЛ 400 САЯ, ОЛБОРЛОЛТ ЭХЭЛВЭЛ ХОЁР ТЭРБУМ…
“Увс-1” талбайг тойрсон бас нэгэн ноцтой баримт бол Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Тус гэрээг өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотод хоёр тал байгуулах үеэр Увс аймгийн удирдлагууд Туушин зочид буудалд нэлээд хоног буудалласан тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тус буудлын хамгийн хямд өрөө 600 мянгаас дээш. Төрийн албан хаагчид ийм үнэтэй харшид олон хоног саатах төсөв хөрөнгө даанч үгүй. Харин “Гладвилл” компани тэдний арыг дааж, гэрээгээ урагшлуулсан гэх яриа орон нутгийн иргэдийн дунд гарчээ.
Ямартаа ч хэвлэл мэдээ­­лэл, орон нутгийнханд хэл усгүй эхлүүлсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээг олохоор бид багагүй хугацаанд хөөцөлдөж, эрэн сурвал­жилсны эцэст гэрээний үндсэн нөхцөлтэй хэсгийг ил болгож чадсан юм. Ер нь БХГ-г хоёр тал ил болгохыг хүсдэггүйг Тамсагийн ордын жишээнээс харж болно.
Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарсан талбайгаас хоёр тал хувь хүртэх заалтууд одоогоор асуудалгүй гэж газрын тосны мэргэжилтнүүд хэлж байлаа. Гэхдээ ашиг хүртэх хувиас илүү өөр заалтууд анхаарал татав. Тодруулбал,  гэрээнд гарын үсэг зурсны урамшуулалд 200 мянган ам.доллар,  олборлолт эхэлсний урамшуулалд нэг сая  ам.долларыг манай талд өгнө гэжээ. Мөн олборлолт нэмэгдүүлсний урамшуулалд 500-800 мянган ам.доллар өгнө гэсэн нь авлига бий болох нөхцлийг бүрдүүлсэн заалтууд болжээ. Уг нь манай улсын хууль журамд гэрээ байгуулах стандарт гэж бий. Тус стандартад хэрэв тэгвэл, гарын үсэг зурвал ийм урамшуулал олгоно гэсэн утгатай зүйл заалт оруулахыг хориглодог тухай зарим хуульч онцлон тэмдэглэж байв.
Бүтээгдэхүүн авах гэрээнд авлигыг уриалсан заалтууд ингээд зогсохгүй. Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжиж жил бүр 100 мянган ам.долларыг олгоно гэсэн сүүлийн заалт бий. Нэг үгээр, ганц ажилтантай Увс аймаг дахь газрын тосны салбар гэх “том” байгууллагад ийм их хөрөнгө оруулахаар болсон нь хардлага төрүүлэхээр байгаа юм. Учир нь Увс аймаг дахь газрын тосны салбарыг аймгийн АН-ын дэд дарга асан М.Ганбаатар гэгч удирдаж буй.
Газрын тосны хай­гуулд ажиллах хүч, туслан гүйцэтгэгч ком­па­ни, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг асуудал дагуулсан зүйлсийг бичвэл энд сонин зай талбай хүрэл­цэхгүй. Ил болгож чадсан баримтад энэ мэт хуулийг гууль болгосон, хуудуутай ажиллагаа явагдаж байхад Хятадын компани орон нутагтай байгуулж байгаа олон төрлийн гэрээг хэр­хэн базаж байгаа нь ойлгомжтой.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ХАЯГЛАХ НЬ
Увс аймгийн газар нутгийн гуравны нэгийг эзэлсэн энэхүү газрын тосны хайгуулын мөрөөр сурвалжлах тусам Хятадын компани Монгол Улсын хуулийг алхам тутамдаа зөрчиж, хуулийг гууль болгосон, булхайтай баримтууд олдсоор байсан. Нөгөө талд нутгийнхаа толгой нь болсон эрх мэдэлтнүүд, удирдлагууд тэдний хамсаатан болсон баримтууд ч тэр. Тиймээс энэхүү цуврал сурвалжлагад дурдсан баримтуудаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандахыг хүслээ.
Улсад бүртгэлгүй ком­панитай Монгол Улсын Засгийн газар хамтран гэрээ байгуулсан, “Гладвилл” компанитай нэгдсэн гадаадын хөрөнгө оруулагч, хамтрагч компа­ниудын хөрөнгө хэр цэвэр болохыг тагнуулынхан шалгах ёстой. Монгол Улсын хуульд байхааргүй үйл ажиллагааны чиглэл “нээж”, мөнгө угааж байж болзошгүй “Увс бадрал”, түүний хамсаатан “Гладвилл”-тэй холбоотой баримтуудыг цагдаа нар шалгахыг хичээнгүйлэн хүсье. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцлүүдээр авлигын гэмт хэргийг өдөөсөн, дэргэдээ ТББ байгуулж хандивыг авсан Увс аймгийн ЗДТГ-ынхан авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ, Авлигатай тэмцэх газрынхаан?
Төгсгөлд нь хэлэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох үндэслэл бүрэн бий гэдгийг эдгээр баримтаар нотлохыг оролдлоо. Газрын тосны хайгуул нэрээр нэг намын ашиг сонирхлоор дулдуйдсан хүмүүс газар нутгийнхаа аюулгүй дархан байдлыг алдагдуулж, байгаль орчин ялангуяа Төв Азийн усны хагалбар, нүүдлийн шувууд хийгээд дэлхийд ховордсон ирвэсийн унаган нутаг болсон Увс нуур, түүний ай сав газарт нөлөөлж, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчиж буй энэхүү сэдвийг бид үргэлжлүүлэн хөндсөөр байх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих