Төр=Өр
Монголчууд эртнээс “өргүй бол баян, өвчингүй бол жаргал”, “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэх зэргээр амьдрал ахуйдаа өр шир тавихаас аль болох зайлсхийж ирсэн ард түмэн. Гэтэл одоо цагт энэ хэлц үг эсрэгээрээ болсон бололтой. Ажилчид цалингийн, ахмадууд тэтгэврийн, компаниуд бизнесийн, хувь хүмүүс хэрэглээний, оюутнууд сургалтын төлбөрийн, төр засаг бондын зээл нэртэй өрнөөс өрний хооронд “татганан” өдөр хоногийг өнгөрүүлсээр.
Зээл бол байх ёстой зүйл гэж хэлэх хүмүүс олон байх. Энэ үнэн. Гэхдээ зээлээ төлөх амьралын, цалингийн баталгаатай цагт зээл нь тухайн зээлдэгчид өрийн дарамт болохгүйгээр хэрэгжих ёстой. Харин манайд бол эсрэгээрээ банкны зээлэнд хэдэн хүн байр орон сууц, хашаа байшин, унаа машинаа алдсаныг бид таашгүй.
Бидний мэдэх АНУ тэргүүний барууны улс орнуудад нэг талаас зээлийн тогтолцоо асар өндөр хөгжсөн, нөгөө талаас ажлын хөлс, авдаг цалин нь харьцангуй өндөр, тэр нь өөрөө зээлийн баталгаа болдог зарчим үйлчилдэг.
Гэтэл манайд “хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөх”-ийн үлгэрээр барууны ипотекийн зээлийг монголчилж байгаа нэрээр иргэдийг хохироох, сар бүрийн цалин орлогыг нь тэн хагасаас илүүг нь зээлийн хүүнд авах явдал бодитой байсаар байна. Ахуй амьдралын хэрэглээнд авдаг цалин нь хаанаа ч хүрэлцдэггүй нөхцөлд ахмадууд нь хүүхдүүдийнхээ амьдралд тус дэм болохоор тус бүрдээ зээл авсаар зээлээс зээлийн, өрнөөс өрний хооронд бид амьдарсаар байна.
2015 оны 3 сарын байдлаар нийт ажил эрхлэгчдийн 47.3 хувь жилийн 8-40 хувийн хүүтэй цалингийн зээл, өндөр настнуудын 83.7 хувь нь жилийн 18 хувийн хүүтэй тэтгэвэрийн зээлтэй байна гэсэн судалгааны дүн үүнийг нотолж байгаа юм.
Иргэдийн зээл, өрийн асуудлыг тухайн хувь хүний асуудал учраас дүүрсэн хэрэг гээд орхие. Харин төр засгийн зээл, өрийн асуудал байж болох хэмжээнээс ихэдсэн тухай мэдээлэл чих дэлсэх боллоо.
2010 онд Монгол улсын нийт гадаад ДНБ-ний 31 хувьтай тэнцэж байсан бол 2016 он 3 сарын байдлаар энэ хэмжээ улам бүр өсөж нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 77.4 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь улс орны эднийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдалд хэдийнээ заналхийлэх түвшинд хүрчээ.
Та бүхэнд 2012-2016 онд Засгийн газрын асван зээлийг танилцуулья.
Үүн дээр нэмээд Засгийн газрын зүгээс ОУ-ын банк санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас авсан зээлийн хэмжээг хүргэе
– 2012 онд -187.3 сая
– 2013 онд – 214 сая
– 2014 онд 202.9 сая
– 2015 онд 293.6 сая ам доллар буюу нийт 897.8 сая ам.доллар болчихоод байна.
Арилжааны бонд, улс орнуудаас авсан зээл дээр нэмээд ОУ-ын банк санхүүгийн байгууллага, түншлэгч орнуудаас авсан зээлийг нэмэхэд бүгд нийлээд 6 ТЭРБУМ 969 САЯ 700 МЯНГАН ам.доллар болчихоод байна. Үүнийг тоогоор илэрхийлэл 6.969.007.000 ам.доллар буюу ойролцоогоор 17.074.067.150.000 төгрөг буюу 17.074 Их наяд /триллион/ төгрөгийн өр улс оронд маань үүсчихээд байна.
2017 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх өрийг анхлан төлж эхлэнэ. Ийм нөхцөлд бид иргэдийн амьдралыг дээшлүүлнэ, улс орноо хөгжүүлнэ гэж ярьж байгаа улс төрчидөд итгэж чадах уу…??? Өнөөдрийн байдлаар бондын зээлээ хэрхэн төлөх нь тодорхойгүй, эргэн төлөлтийн ямар нэгэн график, хөрөнгийн эс үсвэрээ тодорхойлж чадаагүй байна.
Бодит байдал нэгэнт ийм байхад эрх баригчид өрийн хэмжээг ард иргэдээсээ нууж байгаа нь харамсалтай. Тэд улс орын өр зээлийн асуудал аль ч улс оронд байдаг энгийн зүйл мэтээр тайлбарлаж байна. Мэдээж улс орон бүр л зээл авч хөгждөг, өр тавьж урагшилдаг нь тодорхой. Гэхдээ ДНБ-ний боломжтой дэмжээг давна гэдэг бол маш том эрсдэл. Дээр нь өнөөгийн манай улс төрчид барууны соёлыг дээдэлдэг, АНУ тэргүүтэй баруунд боловсрол эзэмшсэн улс. Тэд “өртэй хүн өөдөлдөггүй” гэдэг хэлц үгийн учрыг ухан ойлготол хэдийнэ бид өр зээлэндээ “барьцаа” өгөх бий дээ.
Хамгийн ойрхон жишээ Тажикистан улс байна. Тажикистан улс манай урд хөрш БНХАУ-аас зээлсэн их хэмжээний өрөө төлж чадахгүйн улмаас газар нутгаасаа таслаж Хятад улсад өгсөн байдаг. “Хятадын Засгийн газар Тажикистаны эрх баригчдын санал болгосон тус улсын Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өрөндөө бүр мөсөн авахаар Душанбед үзүүлэх тусламжийн хэмжээ болон барааныхаа нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг зорихын зэрэгцээ дээрх бүс нутаг өөрийн цэргүүдээ оруулж эхэлжээ” гэсэн мэдээг Монголчууд бид харалган улс төрчдийнхөө буруу бодлого, их өрийн золиос болж хэзээ нэгэн цагт сонсох бий гэсэн айдас сэтгэлийг маань зовоож байна.
Бид нэгэнт өрөө төлж чадахгүй бол ОУ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу тухай улс оронтой зөвшилцөж асуудлаа шийдэх ёстой. Тэгвэл Монгол орны өргөн уудам газар нутагт “нүдээ унагаж” байгаа улс манай өмнөд хөршөөс эхлээд Солонгос, Япон гээд мундахгүй олон бий. Манай улсад уриалгахан зээл олгож байгаа улс орнууд бидний ийм нөхцлийг аль хэдийнэ тооцсон байж магадгүй л юм.
Ийм нөхцөлд хүрэхгүйн тулд иргэд та бидний сэрэмж сэхээ хэрэгтэй байна.
Төр засгийн зорилго бол улс орноо хөгжүүлж, ард иргэдээ амиржуулах явдал. Харамсалтай манай төр эдийн засгаа доройтуулж, иргэдээ элгээр нь мөлхүүлж, улс орноо өрийн барьцаанд тавьсаар л байна.
Төр = Өр – Ийм нөхцлийг бид хэдий болтол хүлээн зөвшөөрөх вэ…???
Ц.Мөнх
URL: