Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёр улс төрийн соёл “0”
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн “Эдийн засгийн чуулган 2016” Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарын улс төрийн соёлыг харуулаад амжсан гэхэд болно.
Эдийн засгийн чуулганы нээлт, хаалтад үг хэлсэн эрхмүүд эдгээр өдрүүдэд улс төрийн соёлын “хичээл”-д олон нийтээс муу үнэлгээ авсан юм. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийн чуулганыг нээж үг хэлэхдээ “Босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө” хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр хүндэд халдсан юм.
Энэ тухайд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдад ил захидал илгээж, “Монголын эдийн засгийн чуулган эдийн засгийг хэрхэн босгохоо ярилцах зорилготой. Харин “хүнийг хэвтүүлэх” тухай бус байсан болов уу. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганыг эндүүрч хүн хэвтүүлэх тухай “хошин ”яриа болгов. Эдийн засаг гэж хэчнээн донгодов ч эдийг “ам хоосон яриа”-гаар засаглаж болохгүйг сая мэдсэн Ч.Сайханбилэг “хүн хэвтүүлэх” тухай яривал эдийн засаг сэргэх болов уу гэж дахиад л эндүүрсээр” гэх зэргээр хатуу үгс чулуудсан юм.
Тэгвэл тус чуулганыг хааж үг хэлсэн УИХ-ын дарга З.Энхболд мөн л улс төрийн соёлоор маруухан гэдгээ харуулаад амжив. Учир нь түүнийг чуулганыг хааж үг хэлэх үеэр Дарханы АН-ын дарга Л.Наранбаатар “Эдийн засгийн алуурчин огцор” хэмээн хашгирч, спикер рүү оймсоо шидэж орхисон. Энэ үед спикер оймсноос цэвэрхэн бултсан ч араас нь хэлсэн үг олон нийтэд төдийлөн таалагдсангүй.
Тэрбээр үгээ таслаад дундуур нь “Ийм өвчтэй хүмүүс бас ордог юм уу, энд. Сонгууль ойртсоны шинж. Манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс зөндөө байдаг юм шүү дээ” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. Дээрх оймс шидсэн асуудал манайдаа л анхны тохиолдол байж болох ч гадны парламентад гутлаа шидэх, зодолдох нь бараг хэвийн зүйл гэж хэлж болно.
Нэгэн үе салаавч гаргадаг моод дэлгэрээд байсан бол өдгөө оймс шидэх тренд болох бололтой. Ямартай ч улстөрчид аливаа зүйлд бэлэн байхгүй л болохгүй болсон цаг. Сонгууль ойртсон энэ өдрүүдэд хэнээс юу гарахыг таашгүй.
Харин ялихгүй юманд ямааны гарз гэгчээр жижиг сажиг асуудалд ундууцаж, төрөлхийн араншигаа харуулж, улс төрийн соёл гэдэг зүйлд “0” оноо аваад байвал дахин төр барилцахад хэцүү л болов уу. Ямартай ч спикер индэр дээрээс намын нөхрөө “мэдрэлийн өвчтэй” хэмээн цоллож, Ерөнхий сайд нь албан ёсны чуулганд хаа хамаагүй босоо Ганбаа хэвтлээ хэлсэн үгэндээ тодотгох нь тухайн арга хэмжээг хүндэтгээгүйнх үү эсвэл байгаа байдал нь л тэр үү гэх мэт эргэлзээг үүсгэсэн. Тэгэхээр орчин үеийн залуусын хэллэгээр улстөрчид жаахан соёл “шахахгүй” бол онигоонд орж дуусах нь дээ.
Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
URL: