Айдас…

Монгол Улс ядуу байхаа боль­сон. Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3000 ам.долларт хүрч, төсөв нь 300 тэрбумын ашигтай гарсан нь  ОУВС-аас суурин төлөөлөгчөө татах шалтгаан болсон. Энэ бүгд мэдээж, уул уурхайн салбарын ололт. Тиймээс гадаадынхан Монголд хэрэгжиж буй томоохон төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг анхааралтайгаар ажиглаж байна.

Өнгөрсөн сард болсон “Дисковер Монголиа-2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад орол­цогч­дын сонирхлын гол цэг нь Таван­толгой болон Оюутолгой төсөл байлаа. Монгол Улсын Засгийн газраас дээрх төслүүдийг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон  яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг  хөрөнгө оруулагчид анхааралтайгаар ажиглаж буй нь  илэрхий байв. Тиймдээ ч  Монголд алт, зэс, нүүрс байна, та нар хөрөнгө оруулаач гэх гуйлгатайгаар эхэлж байсан есөн жилийн өмнөх анхны“Дисковер Монголиа”-гаас ял­гаа­тай нь   өнөөдөр гадаадынхан  та­найд хөрөнгө оруулья, гэхдээ Мон­го­лын Засгийн газар найдвартай түнш байж чадах уу гэх асуулт. Хөрөнгө оруулагчдын Монголын эрх баригч, хууль тогтоогчдоос байнгын хүсдэг, гуйдаг  ганцхан зүйл нь хууль эрх зүйн тогтвортой орчин.  Аль ч чуулга уулзалтаар асуухгүй өнгөрдөггүй асуулт нь энэ. Уул уурхайн салбар асар их хөрөнгө оруулалт шаардагддаг учраас ч  тэдэнд нөөц баялгаас илүү хууль эрхзүйн тогтвортой орчин, Зас­гийн газрынх нь тоглоомын дүрэм шударга, тодорхой байх л чухал болов уу.

Тавантолгой төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр өнгөр­сөн есдүгээр сард хэлэлцээд Засгийн газарт эргүүлэн буцаасны дараахан ОХУ-ын хэвлэлээр уг төслийг  хун хавч, цурхай гурвын үлгэртээ адилт­ган бичиж эхэлсэн. Монголын Засгийн газарт  оросуудын илтгэл алд­арч байгаа, мөн уг төслийн хэдэн хувийг хэн эзэмших нь тодорхойгүй болсон талаарх мэдээлэл  тус улсын хэвлэлээр  цацагдсан.

Үүнээс хэдхэн хоногийн дараа УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газарт хаяглан захидал илгээв.  Уг захидлын гол санаа нь 2009 онд УИХ-аар хэлэлцэж, Засгийн газрын үзэглэсэн Оюутолгойн гэрээг өөрчлөх явдал. Оюутолгойн орд Монголын өмч учраас Монгол Улс 50 хувийг нь эзэмших ёстой гэсэн гишүүдийн байр суурь  хөрөнгө оруулагчдыг гайшируулж эхэллээ.

Гэрээг нь үзэглээд хоёр жилийн дараа Монголын Засгийн газар бид буруу тооцжээ, хувиа нэмэгдүүлье гэх нь гадны хөрөнгө оруулагчдад хэрхэн сонсогдож байгаа бол.  Эрхэм гишүүд ийм гэрээг хийж болно хэмээн Засгийн газарт даалгахдаа энэ хувийг нэмэгдүүлмээр байгаагаа тухайн үед, хоёр жилийн өмнө шаардаж яагаад болоогүй юм бэ гэдгийг хөрөнгө оруулагчид Монголын парламентийнхнаас асуумаар байгаа байх. Тоглоомын дүрмээ байнгын өөрчилж, олон ааштай айлын авгай шиг аягладаг Монголын улстөрчдөөс айж байгаа болов уу, гадны хөрөнгө оруулагчид.  Оюутолгойн ордын 34 хувийг эсвэл, 50 хувийг Монгол улс эзэмшинэ гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчид шийдчихээгүй. Монго­лын парламентээр хэлэлцүүлж, УИХ-аас баталсан тогтоолын дагуу Засгийн газар нь гэрээг үзэглэсэн. Хэрвээ Оюутолгойн ордоос монголчуудын эзэмших хувь чамлалттай байсан юм бол тухайн үед асуудлыг шийдвэрлэхгүйгээр нэгэнтээ галт тэрэг хөдөлчихсөн үед өөрчилье, өөрчлөхгүй бол дуэльд дууна гэдэг хэр оновчтой үйлдэл болохыг хэлж мэдэхгүй нь. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил өнөөдөр зарим гишүүд гэрээг  өөрчлөхөөр гэнэтийн эх оронч дүр эсгэсэн нь  Монголын хууль батлагчид найдваргүй, тогтворгүй нөхөд юм байна гэх айдасыг  гадныханд төрүүлж эхэлжээ.  Тавантолгойн төслийг хэр­хэн хэрэгжүүлэх вэ, хэн хэн нь уг төсөлд хөрөнгө оруулах вэ гэдэг аль эртнээс л гадаадын “акул”-уудын анхаарлыг татах болсон.  Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн хууль зөрчсөн, хариуцлагагүй, бэлтгэл муутай төсөл Засгийн газарт өргөн барьж, өнөө төслийг  нь ҮАБЗ-өөс буцаасан нь хөрөнгө оруулагчдын хувьд илтгэл алдрах, эмзэглэл дагуулах асуудал болоод байна. Тэд Монголын Засгийн газарт илтгэл алдарсан талаараа ил тод зарлаад буй.

Монгол Улсыг гадаадынханд таниулж буй хоёр том төсөл нь ийнхүү бүтэлгүйтэх тал руу хандаж байгаа нь монголчуудыг ч бас айлгаж байна. Мон­голын Засгийн газар найдваргүй, Монгол Улс дээрэмчин юм байна гэх бодол өнөөдөр, маргааш, хэзээ нэгэн цагт Монголд хөрөнгө оруулахаар төлөвлөж буй хөрөнгө оруулагчдын толгойд шигдчихвэл эх орны хишиг, оюутны цалин, хөгшдийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, төрийн албан хаагчдын цалингийн өсөлт бүгд будаа. Төсөв юун ашигтай гарах. Алдагдал нь тэрбумаар хэмжигдэж, ажилгүйдэл ядуурал замаа алдана. Мөнөөх есөн жилийн тэртээх шигээ Монгол Улс хөрөнгө оруу­лагчдыг гуйж гувших үе рүү­­гээ  нэг алхам хойшоо гишгэхэд хүрвэл яана.

Ж.Нямсүрэн

“Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих