Эрдэнэт ба Төмөр замын бүх шатахууныг хангадаг “Жаст” компанийн давуу эрхийн тухай
Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний голыг нугалдаг хамгийн чухал обьект бол “Уулын баяжуулах Эрдэнэт концерн”, “Улаанбаатар Төмөр зам” хоёр юм. Энэ хоёр хоёулаа ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай. Эрдэнэт ба Төмөр зам хоёроос болж хойд хөрштэйгээ манай улс эдийн засгийн хараат байдалтай явсаар ирсэн. Эдийн засгийн хараат байдлаасаа монголчууд салахыг хүсдэг боловч олон саад бэрхшээл, олон жилийн гэрээ хэлэлцээр дуусаагүй хэвээрээ байгаа.
Сүүлийн үед Монгол-Оросын хамтарсан компаниуд байгуулагдан манай зах зээлд нэвтрэн хойд хөршийн нөлөөлөл нэмэгдэх боллоо. Бид мөнхийн хөрш оронтойгоо аль болох учраа ололцох бодлого барьж байгаагийн хувьд энэ нь буруу зүйл биш юм. Харин эдгээр компаниуд манай зах зээл дээр аль зэрэг шударгаар өрсөлдөж буй нь анхаарвал зохих сэдэв.
Өөрсдийгөө дотоодын хувь нийлүулэгчтэй гэх “Жаст” хэмээх томоохон компани зах зээл дээр уул уурхай, банк санхүү, шатахуун импортлох үйл ажиллагаа явуулдаг. Эзэн нь Ш.Батхүү хэмээх Ерөнхий сайд асан С.Баярын гарын хүн гэх чадварлаг бизнесмэн бий.
“Жаст”-ынхан Орос-Монголын хамтарсан хамгийн том үйлдвэр болох Эрдэнэтийн уурхайд хэрэглэх бүх шатахуун тосыг дангаараа даадаг. Дээр нь УБТЗ-аар явах галт тэрэгний түлшний тэр их хэрэглээг хангана. Нэр төдий тендер зарлаад яаж ийж байгаа л Жастыг шалгаруулчихдаг байна. Энэ хоёрын шатахууны хэрэглээ нь жилдээ 80 сая долларт хүрдэг. Үүнийг бусад ШТС-ууд барьцах, атаархах нь аргагүй юм.
Түүнээс гадна “Жаст”-ынхан “Хадгаламж” банкийг оросуудтай нийлэн худалдаж авлаа. Түүнийгээ хатагтайг Алтанд талыг нь өгч оронд нь ШТС-уудыг нь авч гэнэ гэсэн дуулиан гадуур явж байна. Энэ мэтчилэн Орос ба “Жаст” гэсэн хэл ам тасрахгүй байна. “Жаст”-ын жаатай эр ах нартай гэмгүй явсны хүчинд сайн л яваа биз. Болохгүй нь юу байхав.
Харин “Жаст”-тай холбоотой уул уурхайн салбар дахь асуудал нэлээн удаан маргаан тарих нь бололтой. Нөгөө алдарт “Олон Овоот”-ын ашиглалтын лиценз энэ компани дээр байгаа бөгөөд энэнээс болж банк санхүүгийн байгууллага дампуурч олон хүн хувь нийлүүлсэн хөрөнгөө олж авч чадахгүй байгаа нь харин тоглоом биш юм.
С.Баярын Засгийн газрын үед Өмнөговийн “Олон Овоот” гэдэг газар алтны магнат Ц.Мянганбаяр нэгэн томоохон алтны орд газар ашиглалтад оруулахаар болсон юм. 2006 оны аравдугаар сараас уг төсөл эхэлж “Монгол газар”, “Жаст” хоёр 60:40 харьцаатай хөрөнгөө нийлүүлж алт олборлохоор болжээ. Мөнгө нь Жастад байгаа, лицензүүд нь Мянгаад яваа. Мөнгө орох бүрийд л “Монгол газар” лицензээ цувуулж “Жаст”-ын охин компани руу эсвэл энэ хоёрын хамтарсан охин компанийн нэрэн дээр шилжүүлээд байсан. “Жаст” долоон сая доллар өөрөөсөө гаргаж, бусад эх үүсвэрээс 4,6 сая доллар, монгол төгрөг 246 саяыг босгосон байна. Гэтэл “Монгол газар” үерхэлдээ үнэнч байсангүй. “Голдман сакс” гэх өөр банктай сүжрэн лицензээ бариад гүйдэг боллоо. 2008 оны намар Ц.Мянганбаяр “Жаст”-тай хамтрахаа бүрмөсөн больсноо зарлаж “Голдман сакс”-тай нийлж тэндээс мөнгө босгодог боллоо. Хуучин хамтрагчийнх нь өгөө аваа нийтдээ 14,3 сая доллар болсныг нь буцааж өгөхөөр ч болсон байна. Энэ хооронд өдөр ирэх тутам хүчээ авч байсан “Жаст” компани “Олон овоот”-ын ордтой хамтарч ажиллаж энэ ордод зээл өгсөн бүхий л байгууллагуудтай хамтарч, хэрвээ лиценз бидэнд ирвэл өрийг чинь бид төлнө гэж өөртөө татаж амжжээ.
Энэ хооронд олон газрын зээлэнд дарагдсан Ц.Мянганбаяр олсон мөнгөөрөө ордоо ашиглалтад оруулж чадахгүйд хүрч санхүүгийн байдал нь хүндэрмэгц эргээд “Жаст”-тайгаа хамтрахаар болжээ. Энэ удаад “Жаст” тэгвэл хувь нийлүүлэлтээ 50:50 хувиар тохиръё гэж чангалжээ. Хэлснээр нь боллоо. Тэгмэгц Ц.Мянганбаяр “Голдман сакс”-аа хэрхэн гол гаргах тал дээр ажиллах хэрэг гарлаа. Тэднийх 30 сая доллар зээлсэн бөгөөд үүнээсээ талыг нь олоод явж байтал “Жаст” эргээд ирдэг.
Голдман Ц.Мянганбаярын лицензийг барьцаалаад зээл олгочихсон байдаг. Жастынхан хөрөнгөө оруулсан ч лицензгүй хоцорчихоод байдаг. Ингээд лицензийн төлөөх ажиллагаа эхэлжээ. Байдал эвгүйгээр эхэлмэгц “Голдман сакс” мөнгөө олж авахаар хөөцөлдсөн. Энэ хооронд “Жаст” зүгээр суусангүй. Хуульч өмгөөлөгч хөлслөн “Голдман”-гаас алдаа юу байна гэдгийг сайтар судалсны эцэст нэг гаргалгаа олсон нь маргааны бай болоод байна.
Тэр нь ашигт малтмалын лиценз барьцаалан зээл олгохын тулд Монголд заавал банк санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн заалтын дагуу “Голдман”-аас Ц.Мянганбаярын лицензийг нэхсэн байна. Шүүх мүүхээр ч явж шальсангүй Ашигт малтмалын газар (АМГ)-ын даргатай ярьж байгаад л Голдманд барьцаалсан лицензийн бүртгэлийг хүчингүй болгож шинэ эрхийн бичигтэй болж аваад өөрийн нэр дээрээ шилжүүлжээ. “Голдман сакс” энэ явдлыг шударга бус, хуйвалдаан, шүүхийн байгууллагаар шийдээгүй, зөвхөн АМГ-тай хуйвалдаж өрөөсгөл шийдвэр гарсан, олон улсын шүүхэд хандана гээд давхиж яваа юм” байна.
“Анод”-ыг дампууруулсан уг гайтай лицензийг зүй нь дуудлага худалдаанд оруулж арилжаалах ёстой байсан гэж УИХ-ын гишүүн О.Чулуунбат нар үзсээр байгаа. Энэнээс болж “Голдман сакс” 15 сая долларын дутуугаа олж авахаас өнгөрөхдөө тулсан. Түүнээс гадна “Зоос” банк 60 тэрбум төгрөгөө “Олон Овоот”-д зээлүүлсэн. “Олон Овоот”-ын энэ уурхайг 100 тонн алтны нөөцтэй гэхээр олон газар итгэж зээл өгсөн. Зарим мэдээлэлд зуу биш ердөө найман тонн нөөцтэй ч гэж ярьж байна. Ямартай ч “Зоос”-ыг шүүхдүүлэхгүйн тулд бүгд эрвийх дэрвийхээрээ хөдөлж Засгийн газар чармайлт тавин бонд босгохоор болсон юм. Засгаас татвар төлөгчдийн гэж хэлж болох мөнгөний эрх нээгдмэгц “Зоос”-ын 25 хувийг эзэмшдэг “Европын сэргэн босголт”-ынхон оруулсан мөнгөө авч чаджээ.
Харин цаана нь жижиг хувь нийлүүлэгчид болох 600-700 хүний хөрөнгө замарлаа. Тухайлбал “Олон Овоот”-д итгэсэн нэгэн япон эмэгтэй хоёр сая доллараа оруулчихаад авч чадахгүй өнөөдрийг хүрсэн байна. Тэрээр хэлэхдээ: Зээлийн барьцаа болох Олон Овоотын лицензийг монголчууд дуудлага худалдаанд оруулаад зах зээлийн үнээр нь зарах ёстой байсан, зарж олсон мөнгөөрөө Засгийн газраас олгосон 100 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж “Зоос” банк үргэлжлүүлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулах байсан. Гэтэл лиценз яахлаараа “Жаст”-д шударга бусаар очдог байна вэ. Энэ ямар эрх дархтай компани вэ гээд заргалдаад байдаг. Энэ талаар УИХ-аас ажлын хэсэг гараад шалгаж байгаа боловч олигтой үр дүнд хүрээгүй нэгэн томоохон хэрэг босч ирээд байна. Олны хардлага “Жаст” дээр төвлөрч “Эд нар АМГ-ыг яаж судсыг нь бариад лицензээ буцаагаад авчихав. АМГ-ыг энэ асуудлаар Авлигатай тэмцэх газраар шалгуулах нь зүйтэй” гэх боллоо.
Одоо “Олон Овоот”-ын алтны ашиглах эрхийн лиценз “Жаст” дээр байдаг бөгөөд Ашигт малтмалын газрынхан хаана байсан хэний нэр дээр байхаас үл хамааран хурааж авч дуудлага худалдаанд оруулах бүрэн эрхтэй юм байна. Тэгсэн мөртлөө энэ асуудлыг шийдээд өгөх гол чухал газрууд хөдөлж өгдөггүй. Банкны хувьд гэхэд л “Монголбанк” хамгийн гол учрыг мэдэх атал ноён Л.Пүрэвдорж одоо болтол дорвитой байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь хардлагыг улам лавшруулж байгаа аж.
Банк санхүү, уул уурхайн тэрбумаар яригддаг энэхүү дээдсийн хүрээлэлд “Жаст” компанийн учир нь үл ойлгогдох эдгээр олон давуу эрхийг хардах хүн олширсоор байна. Яагаад Оростой холбоотой асуудал бүхэнд “Жаст” жаатай явдаг. Яагаад Олон Овоотын буцилаанд “Жаст” цэвэрхэн гарч бусад нь хохироод үлдэв гэхчилэн ноён Ш.Батхүүтэй холбоотой атаа чөтөө мөд дуусахгүй нь. Энэ бүгдийг УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн даруй үнэн зөвөөр нь шийдэж асуудлыг цэгцлэхгүй бол даамжраад хоёр улсын найрсаг харьцаанд ч сэв сууж мэдэхээр болчихжээ. Шударга, иргэний, ардчилсан нийгэм байгуулж байгаа манай орны хувьд мөнгө санхүүгийн ийм томоохон будилааныг бусад жирийн иргэд ч анхааран харж ямар учиртайг мэдэхийг хүсч байна.
Ж.СҮРЭН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН
URL: