З.Энхболдын хөгөө чирсэн долоо хоног

145956640556ff374574a3eӨнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн голлох үйл явдал, анхаарал татсан сэдвүүдийг zaluu.comдолоо хоногийн тойм буландаа онцолж байна.

З.Энхболдын зангараг дутлаа

УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган зарлачихаад танхимдаа гишүүдээ цөхрөлтгүй гурван хоног хүлээж эцэстээ чуулганыхаа нээлтийг хийж амжилгүй хаасан. Энэ бол улстөрийн хувьд үнэндээ эмгэнэл юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахаар зарласан ээлжит бус чуулган нь нээлтээ хийж чадалгүй хэд хонож эмчилгээтэй явсан, чөлөөтэй, томилолттой явсан АН, “Шударга ёс” эвслийн гишүүдийг гуйж гувшсаар арайхийн ирцээ бүрдүүлж хүслээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл Ж.Амарсанааг огцруулсан. Тэгвэл хаврын чуулган нээлтээ хийхээс хэдхэн хоногийн өмнө яаран сандран зарласан ээлжит бус чуулган нь  үнэхээр амжилт олсонгүй. Намынхаа Үндэсний зөвлөлдөх хороог ч хуралдуулж хүчрэхгүй байгаа З.Энхболдод өөрийн хүслээр ээлжит бус зарлаад хуралдуулчих тийм ч амархан биш байсан нь олйгомжтой. Энэхүү явдал нь З.Энхболдын зангараг дутаж байгаагийн тод томруун жишээ гэж сөрөг хүчнийхэн төдийгүй намын гишүүд нь жиг жуг хийлцэж байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар нэн яаралтай гэж сүржигнэн, урьдчилан бэлдсэн хуулийн төслөөр далайлгаж буй нь Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл. Мөн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл.

АНУ-ын Вашингтон хотноо Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт өнгөрсөн сарын 31 энэ сарын сарын 1-нд болж өндөрлөсөн. Дэлхийн улс орнууд дээрх конвенцод нэгдэн орсоор байгаа ч хүчин төгөлдөр болоход есөн орны санал дутаж байгаа юм. Иймээс эрх баригч АН-ынхан хүч түрэн яаарч сандран дээрх конвенцид нэгдэхээр хүчилсэн ч сөрөг хүчин ул суурьтай хандана гээд хөдөлж өгсөнгүй.

Саарал ордны гадна цацсан шар нунтаг цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг сандаргав

Ээлжит бус чуулганыг эсэргүүцэн Төрийн ордны өмнө “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд жагсаал хийсэн. Энэ үеэр үл мэдэх шар нунтаг бодис Төрийн ордны гадаа цацсан нь жагсаалыг хүчээр тараахад хүргэж цагдаа онцгой байдлын алба хаагчдыг сандаргаж жагсагчдаас хоёр хүнийг саатуулан байцаалт авсан. Эцэстээ энэ нь шар шохой болох нь тогтоогдож “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаярыг 25.000 төгрөгөөр торгосноор энэ үйл явдал өндөрлөсөн.

Хаврын чуулганы үеэр З.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг оруулна

УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн ирц бүрдэхгүйгээс ээлжит бус чуулганы нээлтийг хийж чадахгүйгээр хаасан буруутнаар МАН-ын гишүүдийг нэрлэсэн. Харин үүнд МАН-ын удирдлагууд тайлбар хийж мэдээлэл хийсэн юм. “УИХ-ын дарга ажлын өдрүүд дуусч байхад хууль бусаар ээлжит бус чуулган зарласан. УИХ-ын Дэгийн тухай хуулинд ээлжит бус чуулганыг долоо хоногийн өмнө зарлана гэж заасан. Гэтэл энэ заалтыг зөрчсөн. УИХ-ын дарга баасан гаригийн орой ээлжит бус чуулган зарлачихаад даваа гаригт МАН-ын бүлгийн гишүүдийн байлцахыг шаардсан. Чуулган завсарласан энэ үед гишүүд тойрогтоо гадаадад ажиллаж байна. Энэ үед ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэх хэрэгтэй байсан. МАН-ын бүлгийн гишүүд далайсан газар нь гарч, далдалсан газар нь далд орж ажиллаж чадахгүй. МАН-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Коммунист намын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ айлчлалын тов ээлжит бус чуулган зарлахаас өмнө товлогдсон байсан. Ер нь З.Энхболд хэзээ ээлжит бус зарлах бол гээд хүлээгээд сууж байна гэж байхгүй шүү дээ. Иймээс хууль бус үйлдэл гаргаж, микрофон ашиглах эрхээ хэтрүүлэн ашиглах үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Хэрэв З.Энхболд энэ мэт үйлдлээ таслан зогсоохгүй бол хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганы үеэр ярина” гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн юм.

Ч.Сайханбилэгийн болчимгүй үйлдэл

Өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн голлох үйл явдлын нэг нь Төрийн ордноо чуулсан Монголын эдийн засгийн чуулган байлаа. Энэхүү чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ аж ахуй нэгжүүдийг эзэдийнх нь улс төрийн сонирхлоор гадуурхан ялгаварлаж мэдээлэл хийсэн нь цөөнгүй хүний эгдүүцлийг төрүүлээд байгаа. Мөн элгээрээ мөлхчихөөд байгаа эдийн засгаа хэрхэн аврах талаар бус улс төрийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн нь дээрх нөхцөл байдлыг үүсгэсэн гэхэд болно. Тэрээр “МАН-ын гишүүд болох Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарыг компаниудынхаа өрийг төл” гэснийг МАН-ынхан Айл гэрийн аав шиг хүн улс орон, аж ахуй нэгжээ намаар нь ялгаж талцуулах эхлэлийг тавьлаа гэж үзэн уучлалт гуйхыг шаардсан юм.

Ордонд өрнөсөн оймсны паян

“Монголын эдийн засгийн чуулган 2016” чуулга уулзалтын хаалтын Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Л.Наранбаатар намынхаа даргын өөдөөс  оймс шидсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох сенсааци байлаа. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдыг индэр дээр үг хэлж байх үед “Эдийн засгийн алуурчин огцор. Чи эдийн засгийг алсныхаа төлөө огцор. Улс орныг ядууруулж, өрөнд оруулсан биз дээ. Огцор” гэж оймсоо шидэлсэн. Түүнийг Төрийн тусгай хамгаалалтын албаныхан танхимаас албадан гаргаж, цагдаагийн байгууллагаас байцаалт авсан байна. Тэрээр өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа “Ардчилсан Монгол улсын иргэн би төрийн хуулиа дээдлэнэ. Оймсны хэргээр өнөөдөр үргэлжлүүлэн байцаалт өгнө. Санаа тавьсан та бүхэндээ баярлалаа” гэж бичжээ.  Ойрын эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үед Л.Наранбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан аж. Мөн түүнд 25 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож магадгүй гэнэ. Дашрамд, АН-аас “Л.Наранбаатар албан ёсны Дархан-Уул аймгийн АН-ын дарга биш, тус аймгийн намын дарга нь Н.Мөнхдаш юм. Л.Наранбаатар нь АН-ын гишүүн” гэсэн мэдээллийг өгч байна.

Авлигатай тэмцэх газрын дараагийн бай С.Эрдэнэбүрэн, Ж.Равдандорж

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг өнгөрсөн пүрэв гаригт АТГ-аас саатуулсан талаар манай сайт мэдээлсэн. Р.Эрдэнэбүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар шалгаж эхэлсэн байна.  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Равдандоржийг Авлигатай тэмцэх газрынхан баривчилжээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар түүнийг дээрх албыг хаших үедээ авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр саатуулсан аж.

АН-ынхны алалцаан

“Жудагт Монгол” холбооноос “Бүх ард түмний эв нэгдэл” гэх цуглааныг  Ялалтын талбайд зохион байгуулж, АН-ынхны доторх “алалцаан”-ыг ил болгов.  Уг цуглаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар оролцсон байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ төрд сонгож болохгүй, нэр дэвшлээ гэхэд дэмжихгүй байх хүмүүсийн нэрсийг зарлалаа. Үүнд, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Д.Хаянхярваа, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийн нэрсийг дурдлаа. Тэр дундаа “та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү” гэж онцолсон нь багагүй хугацаанд өрнөх хэрүүлийн эхлэл болох нь дамжигггүй юм.

 

Д.ЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих