Увс нуурын сав газарт газрын тосны хайгуул хийж байна
Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэсэн нь Увсчуудыг усгүй болгох аюулд хүргэжээ Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” гэх компани Увс нуурын ойр орчимд нефтийн хайгуул хийж байна. Одоо тус компани Увс нуурыг тойруулан өрөм суурилуулж, увсчуудыг ундны усгүй болгох аюулд хүргэчихлээ гэсэн үг . Энэ талаар өмнө нь хэвлэл мэдээллийн зарим нэг хэрэгслээр гарч байсан ч төд удалгүй таг чиг болсон. Тиймээс та бүхэн энэ талаарх мэдээллийг дахин олон нийтэд хүргэж өгөөч гэж хүсэх байна” хэмээн нутгийн иргэд хандсан юм.
Ямартай ч дээр нэр нь дурдагдсан гадны хөрөнгө оруулалттай компани 2015 онд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг үзэглэж тус аймгийн “Увс-1” талбайд 19720 ам метр талбайд газрын тосны хайгуул хийх тусгай зөвшөөрөл авчээ.
Ингэхдээ найман жилийн хугацаатай 800 гаруй сая ам. долларын хөрөнгө оруулалт хийж газрын тосны хайгуул, олборлолт явуулахаар болсон байна.
Увс нуур нь том, жижиг 20 гаруй гол, горхи цутган нийлдэг. Уг нь тус нуурын ай сав газрыг 1994 онд УИХ-ын шийдвэрээр дархан цаазат газар болгосон юм. Энэхүү дархлагдсан газар нь 679.6 мянган га газар нутгийг хамардаг. Түүнчлэн Увс нуурын ай сав газарт 40 мянга гаруй археологийн дурсгалуудыг хадгалдаг учраас Юнескогийн Дэлхийн өвийн жагсаалтад 2003 онд бүртгэжээ. Тэгэхээр одоогийн Увс аймгийн Засаг дарга болон ИТХ-ын удирдлагууд дэлхийн өвд хэдийнэ бүртгэгдсэн, дархан цаазат газар, Монголын хамгийн гүн нуурын сав газарт хайгуулын зөвшөөрөл олгох шийдвэрийг зөвшөөрч, улмаар Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсны цаана юу байна вэ. Энэ шийдвэр нь Увс нуурт цутгадаг гол, горхиудын урсгалыг тасалж, тэр орчмын экологийн бүтцийг сүйтгэхгүй гэх баталгаа бий юу. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, нөгөө талаас эдийн засгийн үр ашгийг нь хэн хэрхэн тооцсон юм бэ? Ер нь тэр орчимд газрын тосны илрэц байх магадлал бий юу?
Д.Цэндсүрэн дарга төрсөн нутагтаа яасан ч алт ухуулахгүй хэмээн ам гарч байв
Тус аймгийн Засаг даргын хууль бус үйлдлүүдийн талаар бишгүй нэг хов сонсогддог. Тухайлбал, 2014 оны наймдугаар сард “Босоо Хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан Д.Цэндсүрэнг шүүхэд өгч шалгуулна хэмээж байсан. Засаг дарга аймгийнхаа Хяргас сумын Дэлгэрэх гэх газарт Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” ХХК-д алт олборлох зөвшөөрөл өгснийг тийнхүү шалгуулахаар болж байсан юм. Ардаа асаалттай танк тавьсан тус компанийн удирдлагууд Засаг даргаар гул барьж Хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравданг үл тоон хууль бус ажиллагаа явуулж байсан. Үүнийг тухайн үед тус сумын иргэд иргэний хөдөлгөөнийхөнд мэдэгдснээр нийслэлээс олон сэтгүүлчид газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан бүхий л зүйлийг баримтжуулан авч байсан учраас дахин нурших нь илүүц байх.
Ямартай ч Д.Цэндсүрэн дарга 2012 оны сонгуулиар аймгийн засаг дарга болох үедээ “төрсөн нутагтаа яасан ч алт ухуулахгүй” хэмээн амлаж байсан мөртлөө яагаад хэлсэн үгнээсээ ийнхүү буцах болов. Бүр цаашлаад өнөөдөр газрын тос хайхын тулд гадны компанийхнаар Увс нуурын сав хөндийг өрөмдүүлэхийг зөвшөөрөв гэдэг асуудлууд урган гарч байна. Газрын тос гарна, олборлолт үйлдвэрлэл явуулж ашиг олно гэх баталгаа харагдахгүй байхад Увс нуурын орчмыг ухаж төнхөх нь яавч байж болмооргүй санагдаж байгааг ч нутгийн иргэд өнгөрсөн хугацаанд хангалттай хэлж ярьж байсан юм.
Увсын удирдлагуудад өвс тэжээл зарж дамлах юу ч биш
Түүнчлэн Засгийн газар гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нартай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын аяныг энэ сарын 15-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Гэтэл олон хүний хүч хөдөлмөр шингэсэн хандивын өвч тэжээлийг Увсын урагшгүй албатууд зараад сууж байна. Бүр зах зээлийн үнээс хямдаар буюу нэг боодол өвсийг гурван мянгаар, тэжээлийг нь зургаан мянган төгрөгөөр худалдан борлуулж олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Аргаа барсан албаны хүмүүс “Увс аймгийн удирдлагад хариуцлага тооцох болно” хэмээн хэлж байх вэ дээ. Энэ талаар ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа хэлэхдээ “Энэ сарын 24-нд Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуягт өвс, тэжээлийг ирж авах үүрэг өгсөн байгаа юм. Тодруулбал, 1200 боодол өвс таван тонн тэмжээлийг ав гэсэн. Өвс тэжээл үнэгүй ч гэлээ сумд нь тээврийн зардлаа хариуцаж авах чиглэл угаас өгсөн.
Газар дээр нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр нэг шуудай тэжээлийг 6000 төгрөгөөр зарж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханшнаас хоёр дахин хямд үнээр гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 400 боодол өвс, таван тонн тэжээлийг зараад дуусчихсан гэсэн. Үүнийгээ Улаанбаатараас сумдад хүргэсэн тээврийн зардлаа гаргуулж авч байгаа гэж тайлбарлаж байгаа. Одоогоор О.Ганхуяг дарга БНХАУ руу яваад эзгүй байна. Ирэхээр нь бид асуудлыг танилцуулж хариуцлага тооцно” гэсэн хариу өгсөн юм.
Эх сурвалж:
URL: