Хаврын чуулган халуухан эхлэх нь

4161b5d2461b78f4originalМАН хаврын чуулганыг хатуухан эхлүулэх бололтой. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хариуцлага тооцохоо илэрхийллээ. Өнгөрсөн мягмар гарагг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах товтой байв.

Гэвч МАН-ын гишүүд хурал тасалснаас хуралдаж чадахгүй байгаа талаар УИХ-ын дарга З.Энхболдын зүгээс мэдэгдсэн. Тодруулбал, цөмийн хог хаягдлыг Монголд булшлахыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжиж байгаа учраас чуулгандаа ирэхгүй байна гэсэн нь төрийн эрх барих дээд байгууллагын индрээс илгээсэн увайгүй үг болохыг Ж.Мөнхбат хэллээ. Тиймээс хууль бус чуулганы нэрийдлээр иргэдээ талцуулж байгаа УИХ-ын дарга З.Энхболдтой хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар гаргаж тавихаа мэдэгдэв. Ингэхдээ Дэгийн тухай хууль зөрчин өөрийн үзэмжээр “Далласан газар ил гарч, далайсан газар далд ор” гэдэг шиг УИХ-ын гишүүдэд хандаж буйг хэлэв. Учир нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар ээлжит бус чуулганыг долоо хоногийн өмнө зарлах учиртай аж. Гэтэл УИХ-ын дарга өнгөрсөн баасан гарагийн орой зарласан нь ийн үзэх үндэслэл болжээ.

Мөн “Ямар үед ээлжит бус чуулган зарлах вэ гэдгийг холбогдох хуульд заачихсан байдаг. Сүүлийн дөрвөн ээлжит бус чуулган юу болсныг та бүхэн мэдэж байгаа. Авлигачдыг өршөөх, Засгийн газрын гишүүнээ огцруулах, Монгол Улсын Үндсэн хуулийн дээгүүр гишгэж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулах гэж ээлжит бус чуулганыг зарладаг болсон. Өнөөдөр ураны асуудлаар нийгмээ хоёр хуваагаад талцуулчихлаа. Цөмийн хог хаягдлын асуудлаар анхаарах хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл, ураны хог хаягдлыг оруулахгүй гэсэн атлаа цөмийн бүтээгдэхүүн тухай орон гаргаж эхэлбэл үүссэн оронд нь хог хаягдлыг нь булшилна гэсэн заалт хуульд нь байна. Энэ юу гэсэн үг вэ. Ядуу буурай оронд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн агуулгатай өгүүлбэр ч явж байна. Үүнийг УИХ ээлжит бус чуулганаар хөнгөн хуумгай шийдэх шаардлагагүй. Хэдхэн хоногийн дараа эхлэх хаврын чуулганаар хэлэлцэж болно” гэдгийг Ж.Мөнхбат хэллээ. Түүний тайлбарласнаар МАН-ын гишүүд тойрогтоо, гадаадад томилолттой ажиллаж байгаа аж. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболд Хятадын Коммунист намын урилгаар тус улсад ажиллаж байгаа гэнэ.

Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны тулгамдсан асуудал хэлэлцэж буй Эдийн засгийн чуулганд үг хэлэхдээ УИХ-ын гишүүн О.Содбилэг, Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр нарын компанийг нэр цохон өрөө төл хэмээн зарласан нь аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй явдал болсон хэмээн үзэж байгаа аж. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Монголын хамгийн том татвар төлөгч аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйхыг шаардлаа. Тэрбээр “Монгол гэдэг айл гэрийн аав шиг нь хүн. Ерөнхий сайд улс орноо, аж ахуйн нэгжээ намаар ялгаж талцуулж улс төрийн хямралын үндсийг тавилаа. Улстөрчид намаараа талцаж, хэрэлдэж болно. Харин аж ахуйн нэгжүүдийг үүнд хутгаж болохгүй. Яагаад Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын компанийг энд нэр цохов гэдэг нь учиртай. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Тэнд олон булхайг илрүүлсэн. Удахгүй УИХ дээр дэлгэж тавина. Үүнийг нь гаргаж тавих гэсний төлөө дайрч байна. Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын ээлжит бус чуулган дээр З.Энхбодд Үндсэн хууль зөрчсөн гэдэг баталгааг Цэцэд гаргаж өгсөн. УИХ-ын гишүүн О.Содбилэг Оюутолгойн Дубайд хулгайгаар хийсэн гэрээ Монгол Улсын эрх ашигт хор уршигтай гэдгийг мэдэгдсэн. Тиймээс тэдэн рүү дайрч байгаа” гэв. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах арга хэмжээ ч авч магадгүй аж. Ерөнхийлөгч авлигын индекс өссөн бол Хууль зүйн сайдтай, өрсөлдөх чадварын индекс буурсан тохиолдолд Сангийн сайдтай, зээлжих зэрэглэл буурвал Ерөнхий сайдтай хариуцлага тооцдог зарчмыг баримтлах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд дээрх үзүүлэлтүүд хэд хэдэн шат буурсан нь Ерөнхий сайд долоо хоногийн дотор татвар төлөгчдөөсөө уучлал гуйх шалтгаан хэмээн МАН-ын зүгээс үзжээ.

 

Д.Мягмардорж /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: lam 000 Огноо: 1 April 2016

shatj yheh nyy

Сэтгэгдэл бичих