Улстөрийн намуудад айдас хуруулсан өөрчлөлт

Хаврынч уулганаар АН-ын бүлэг УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар завсарлага авч төрийн ажилд багагүй төвөг удсан. МАН-ынхан ч буулт хийхийг хүсээгүй болохоор сар гаруйн хугацаанд хэлэлцээрийн байдалтайгаар өнгөрүүлсэн.

Тэгвэл намрын чуулганаар энэ байдал давтагдахгүй гэх баталгаа алга. АН-ын  бүлгийн зарим гишүүн манай бүлгийн  Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр авсан завсарлага хэвээр байгаа шүү хэмээн сүдүүлгийн өнгө аястай үг чулуудна. Төр түшилцэж буй улстөрчдийн эвлэршгүй энэ байдлыг арилгахын тулд намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын Сонгуулийн тухай  болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гацаанд орчихоод урагшилж өгөхгүй байгаа улстөрийн учгийг тайлж, хужирийг тунгаана гэсэндээ ингэсэн гэдгийг ч УИХ-ын тамгын газрынхан, даргын дэргэдэх зөвлөлийнхөн учирлах. Гэвч улстөрийн намын гишүүдийн зүгээс энэ хоёр хуулийг батлагдах эсэхэд эргэлзэж байгаа. Ажиглагч, судлаачид  ч ийм бодолтой байна. Сонгуулийн хуульд  пропорциональ элемент  оруулах, Үндсэн хуульд намын хатуу гишүүнчлэлийг шаардахгүй, орон нутгийн удирдах албанд намын харъяалал байх шаардлагагүй гэсэн өөрчлөлтийг оруулахаар ярилцаж байгаа.

Энэ тухай үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  ажлын хэсгийн бэлэн болгоод байгаа тайланд ч багтаасан байна. Тэгэхээр намын хатуу гишүүнчлэлийг үгүй хийхээр анхан болон дунд шатанд ажиллаж байгаа, улстөр, бизнесийн бүлэглэлийнхэн аврах хантаазгүй болно гэсэн үг. Нөгөө дураараа дургиж,  хөрөнгө мөнгө шамшигдуулж сурсан нөхдүүдэд гишгих газар, амьсгалах агаар дутагдаад хүндхэн байдалд орно биз. Ганц тэд ч биш улстөрийн намууд ч тийм таатай байхгүй. Төрийн албан хаагч гэдэг нэрээр олон зуун хүнээ намаасаа алдсан,  одоо орон нутгийн удирдлага гэдэг шалтгаанаар дахин хэдэн зуугаар нь алдахыг хүсэхгүй.

Тоо толгой хөөж намынхаа хүчирхэг байдлыг харуулж  сурсан улстөрийн намуудын хувьд элвлэрч чадахгүй нэг зүйл энэ байж болно. Хувь хүмүүс ч нам гэх аврах хантаазаа тайлчихвал айдас хэмээх сүүдэрт орж  хууль хяналт, цагдаа, аавын хаалга татах энүүхэнд хүрнэ. Өнөөдөр хантаазтай атлаа явчих гээд байхад тайлсан хойно юу ч болж мэднэ гэдгийг тэд мэдрэхгүй байна гэдэг юу л бол. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн зунжингаа ярилцаад орон нутгийн улстөржилтийг үгүй хийе гэдэгт санал нэгджээ.  Тэдний зөвшилцсөнөөр сум, аймгийн дарга, ИТХ-ын гишүүд намаас бус орон нутгийнхаа хөгжлийн төлөө гэсэн хүн өөрийгөө нэр  дэвшүүлэн өрсөлдөх болж байна.

Түүгээр ч барахгүй нэр дэвшигч нийслэлээс хар машинтай ирсэн гийчин бус тухайн орон нутагтаа ажиллаж, амьдардаг байх юм.  Харин аймгийн Засаг даргын Ерөнхий сайд шууд томилж байхаар өөрчилжээ. Тэгэхээр аймгийн Засаг дарга Засгийн газар, орон нутгийг холбогч гүүр болж ажиллана гэсэн үг. Үүгээр орон нутагт нүүрлээд байгаа улстөржилт, жалга довын үзэл, нэг гэртээ багтаж шингэхээ байсан эхнэр нөхрүүд эв зүйгээ олно гэж тэд тооцоолсон байна. Харин нийслэлчүүд Засаг дарга буюу мэрээ өөрсдөө сонгоно. Хаврын чуулганы завсарлагаанаар гишүүд орон нутагт ажиллахдаа энэ саналаа танилцуулж чамгүй дэмжлэг асан аж.

Харин улстөрийн намуудын хувьд тодорхой шийдэлд хүрэлгүй, чимээгүйхэн ажиглаж байна.  намын хатуу гишүүнчлэлийг үгүй хийе, улстөрчид  л улстөрждөг байя гэсэн санал хэрхэн дэмжигдэхийг намрын чуулган шийднэ. Үүнийг дагаад Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт орно. Дараа нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн гацаа арилна гэж байгаа. Эрх барьж буй улстөрийн намуудад айдас хуруулсан хуулийн төсөл ямар боловч бэлэн болж.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн хэрхэн зөв тооцоолон улстөрийн учгийг тайлахыг харах үлдэж байна.

Ц.Ургамал


URL:

Сэтгэгдэл бичих