Ч.Сайханбилэг Ерөнхий сайд уу, хагалан бутаргагч уу
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд уу, хагалан бутаргагч уу
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Эдийн засгийн форум дээр хэлсэн улс төржсөн үг ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Учир нь Ерөнхий сайд хоёр хөршөөсөө эхлээд улс төрийн гол намууд, нэр бүхий улс төрчдийг доромжилсон агуулгатай үгийг хөрөнгө оруулагчид, гадны элчин сайдуудын өмнө хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд хүний амнаас гарамгүй түүний үгнүүд ямар далд утга агуулж байгааг задалж үзье.
Хоёр хөршөө “хийгээд” амжилтад хүрэх үү?
Эдийн засгийн форумын нээлтэнд Монгол дахь элчин сайдууд, дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, хөрөнгө оруулагчид, Дэлхийн банк, Олон улсын вальютын сангийнхан, гадны томоохон хэвлэлийн төлөөлөгчид ирсэн байв. Мөн Франц, Америк, Германы худалдааны байгууллагынхан ч оролцов. Тэдний нүдэн дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвагийн аль нэгэнд эхэлж шийдэггдэг үе өнгөрөөд 26 жил боллоо” гэж үгээ эхэлсэн юм. Түүнийг үгээ хэлэхэд хөршүүд, гадныхан анхааралтай сонсож л байсан. Энэ бол ард түмэнд таалагдах үг мөн л дөө. Ч.Сайханбилэгийн хэлдэгээр популизм. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд хүн олон орны Элчин сайд нарын өмнө дэлхийгээр нэг ингэж зарлах хэрэг байсан уу гэдэг эргэлзээтэй асуулт л даа. Ерөнхийдөө хоёр хөршгүйгээрээ бид асуудлаа шийддэг л гэж байгаа хэрэг. Сонирхолтой нь манай эдийн засгийн олон асуудал хоёр хөршөөс хамааралтай байж ирэв. Бас Ч.Сайханбилэгийн энэ үгнээс олон зүйлийг ургуулан дүгнэж болно. Ямар ч гэсэн “та наргүйгээр бид 26 жил яваад ирлээ” гэж даналзаад байхаар хөршүүд маань гайхах л байх.
Өөрийнхөө намаа ч, өрсөлдөгч намуудаа ч муулаад Ч.Сайханбилэг хаа хүрэх вэ?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгаа хямралаас гаргах талаар ямар ч санаачилга гаргасангүй. Харин өөрийн намаа, өрсөлдөгч улс төрийн хүчнүүдээ баруун зүггүй галлаад “тасарчихжээ”. Тухайлбал тэрээр “Эдийн засгийн гурав дахь сорилт Азиас ч болсонгүй, Австралиас ч гайтсангүй, өөрснөөс маань болсон, өөд нь хаясан чулуунаас үүдсэн хүндрэл байлаа” гэж хэлсэн юм. Энэ үгнээс нь дүгнэвэл эдийн засгийг АН-ынхан унагасан гэсэн санаа агуулагдана. Ерөнхийдөө эдийн засгийн сорилтууд АН-ын буруу бодлогоос болсон л доо.
Харин өрсөлдөгч улс төрийн бүх намуудаа хөрөнгө оруулагчдын өмнө муулах сайн зүйл биш л дээ. Ч.Сайханбилэг “Сүүлийн үед улс төрийн намууд нэг л их тоо ярьсан хүмүүс болоод байгаа. 60:30:10 л гэнэ. 21:100 л гэнэ. Гадныхан Монголыг залгилаа гэж 4 жил хашгирсан нам нөгөө гадаадынхандаа орд газраа 60 тэрбумаар зарах гэнэ. Алаагүй баавгайн арьс хуваадаг үлгэрээр тэрийгээ 30, 10 гээд хувааж өгөх юм байх” гэж МАХН-ын бодлогыг үгүйсгэв. МАХН-ын дарга Н.Энхбаярын дэвшүүлж буй бодлогыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийнхүү шүүмжлэв. Уг нь Ч.Сайханбилэг л Н.Энхбаярыг дэмжиж Шадар сайд болгох гэж зүтгэсэн. Тэгээд БНСУ яваад өгөхөөр хойгуур нь гадныханы өмнө бодлогыг нь шүүмжилж байна.
Ч.Сайханбилэгийн дараагийн шүүмж МАН-д хаяглагдав. Тэрээр “Гаднаас мөнгө босгохыг эсэргүүцэхээ гол ажил болгосон нам, дэлхийд данстай ганц үйлдвэр, гол төслөө хөдөлгөлөө гэж засагтайгаа хариуцлага тооцох гэдэг манай ууган нам 21 аймагт 100 үйлдвэр бүтээн байгуулах юм гэнэ. Ямар мөнгөөр” гэж тавлан асуув. Саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хөнгөн үйлдвэрлэлийг сэргээх “21:100″ бодлогоо танилцуулсан. Түүний тайлбараар бол 21 аймагтаа 2021 оноос өмнө 100 үйлдвэр барьж тусгаар тогтнолоо сэргээн зарласан 100 жилийнхээ ойд бэлэг барих санаа гэсэн. С.Бямбацогтын санаачилга олны сэтгэлд хүрсэн учир Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цавчин унагахаа мартсангүй. Тэгэхдээ намтай нь хамаатуулан МАН-ыг “хийгээд” авав.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл улсын Ерөнхий сайд хүн гадныханы өмнө эдийн засгийн хямралыг даван туулах бодлого ярихгүй бусад намуудаа муулаад сууж байгаа нь сайхан санагдахгүй л байх. Сайхан харагдахгүй л байна лээ.
Гадныханы өмнө үндэсний аж ахуйн нэгжүүдээ өрөө төл гэж орилдог Ерөнхий сайдтай боллоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дараагийн дайрлт үндэсний аж ахуйн нэгжүүд байлаа. Уг нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдохдоо үндэсний том аж ахуйн нэгжүүдийг бий болгон дэмжих гэсэн санаачилга гаргаж байсныг олон хүн мартсан байх л даа. Гэхдээ улсын Ерөнхий сайд хүн үндэсний аж ахуйн нэгжүүдээ элдэвээр хэлж, харцага, шонхор шиг дайрах сайхан харагдаагүй. Тэрээр эдийн засгийн “шийдэл”-ийн талаар үг хэлэхдээ “Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг Өрийн тал нь хаачив гэж асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм. Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхээ тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье” гэж томров. Хөрөнгө оруулагчидын урьж ирүүлчихээд хөрөнгө оруулалт ярьж яваа аж ахуйн нэгжүүдээ муулдаг Ерөнхий сайд байдаг болов уу? Ч.Сайханбилэг гэж хүн байнаа гэсэн яриа гарчихжээ.
Гэхдээ Ч.Сайханбилэг яагаад заавал Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарыг онцлов? Энэ гуравыг онцлох үндэслэлтэй л дээ. Учир нь Ч.Сайханбилэгийн хэлдэгээр ” өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж” явсан хүмүүс бол энэ гурав мөн л дөө. Л.Энх-Амгалан Чингис бондын зарцуулалтын талаар эрх баригчидын булхайг дэлгэсэн нь “өдсөн” болсон. Н.Номтойбаяр өмнөх Ерөнхий сайдыг огцруулахаас эхлээд одоогийн УИХ-ын даргын талаар Үндсэн хуулийн цэцэд хандан хавсарч унагах гэсэн нь “өдсөн” болсон байх. Харин О.Содбилэг бол Ч.Сайханбилэгийг хамгийн томоор “өдсөн” нүгэлтэй хүн. Тэрээр Ч.Сайханбилэгийн хийсэн Дубайн гэрээ Монгол Улсад ямар их хохиролтой болохыг хамгийн их ярьсан. Эдгээр гурван гишүүний энэ мэт үйлдлүүд Засгийн тэргүүнийг “өдсөн”-д тооцогдсон учир тэднийг хөрөнгө оруулагчдын өмнө элэглэн бах таваа хангасан хэрэг л дээ. Ингэлээ гээд Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг гурав муухай харагдаагүй. Харин сайхан нэртэй хүн л муухай харагдсан. Улсын ерөнхий сайд байж бизнес эрхэлж байсан хүмүүсээ, тэдний аж ахуйн нэгжийг муулаад байх үнэхээр л таатай байсангүй.
С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, С.Ганбаатар, Х.Баттулга, Г.Занданшатар нар Ерөнхий сайдад ямар гай болов?
Ерөнхий сайдын дараагийн бай нь эдгээр хувь улс төрчид байлаа. Ерөнхий сайд өөрт нь таалагдаагүй болгоныг муулах гэж оролдов. С.Бямбацогт бол “21:100″ гэсэн бодлого гаргасан нь Ерөнхий сайдын заналтанд өртжээ. Тийм ч учраас гадныханы өмнө “21:100″ гэсэн бодлогыг нь онцлон миаллаа. Эндээс харвал МАН-ынхан ухаантай байвал “21:100″ эрх баригчдыг сандаргаж мэдэхээр л анзаарагдав.
Ч.Хүрэлбаатар бол улс орны эдийн засгийн талаар хамгийн их ярьж байгаа гишүүдийн нэг. Тэрээр нэгэн ярилцлагандаа улс орны өр зээл нэмэгдэж дэлхийд гадаад, дотоод өрөөрөө 2-р байрт жагсаж байгааг онцолсон юм. Гэхдээ энэ санаагаа “Монгол улс өрөөрөө дэлхийд хоёрт жагсан мөнгөн медаль хүртэхээр болов” гэсэн агуулгаар ярьсан нь Ерөнхий сайдын эгдүүг хүргэжээ. Тиймээс Ч.Сайханбилэг үг хэлэхдээ “Монгол Улс 21 тэрбум долларын өрөөр дэлхийд мөнгөн медальтай боллоо, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн рекламыг өнөөдөр олон сонсч байгаа байхаа” гэж ирээд л өрийг МАН-тай холбох гэж оролдов. Ард түмэн МАН өр тавьсан уу? АН өр тавьсан уу гэдгийг ялгахтайгаа байгаа. Энэ асуудлаар ард түмний тархийг угаах гэж оролдох хэрэггүй л дээ. Ер нь МАН-ыг өр аваад ард түмэнд тараасан, бид бүтээн босгосон гэдэг сурталчилгааг АН их хийх юм. МАН-ынхан үүнд нь ганц удаа олигтойхон хариу өгчихгүй юм. Уг нь МАН-ынхан бид өр зээл аваагүй. Байгалийн баялагаа зараад олсон мөнгөө “3 сая Чингис”-дээ хувааж өгөн Үндсэн хуулинд заасаны дагуу баялагийг тэгш хувиарлсан. Харин АН-ынхан өр зээлийг жинхэнээр нь аваад 30-уулаа хувааж идээ биз гээд тайлбарлаж чадахгүй юм.
ГХ-ны сайд асан Г.Занданшатарыг хөрөнгө оруулагчдыг үргээх хууль санаачилсан гэж буруутгах гэж үздэг. Өнөөгийн хөрөнгө оруулалтын бурууг түүнрүү чихэхээ ч мартсангүй. Энэ тухай “Гадаад харилцааны сайд нь хүртэл Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөх хууль сонгуулийн компанидаа зориулан санаачлан батлуулж байсны горыг дараа нь бид хангалттай амссаан” хэмээн бурууг бусдаас хайв. Хөрөнгө оруулагчид Г.Занданшатарын хуулиас болсон уу? Эрх баригчдын буруу бодлогоос болж Монголоос явсан уу гэдгийг ард түмэн ялгахтайгаа байгаа. Хөрөнгө оруулагчид ч үнэнийг хэлнэ л дээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга гэдэг хүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хөвөнд боосон чулууны нэгэн бай байв. Ч.Сайханбилэг “Таван толгойгоо хөдөлгөсөн бол тэр үед Төмөр Замаа бариад эхэлчихсэн бол 2013 онд түүнийг төр булааж авалгүй хувийн хэвшлээр нь үргэлжлүүлээд бариулчихсан бол өнөөдөр нүүрсний экспорт өөр өнгө төрхтэй байх байлаа. Ийм болохоор энэ хүндрэлийг дэлхийнх биш Монголынх, бизнесийнх бус улс төрийнх, эдийн засгийнх бус сэтгэлгээний угшилтай хүндрэл гээд байгаа юм… Нэг хүний нураасныг нэг засаг бүрэн эрхийнхээ хугацаанд өндийлгөж бардаггүй болохыг бид харлаа” хэмээн ярьсан юм. Энэ үгийг задалж үзвэл Х.Баттулгыг л хэлсэн хэрэг гэж хүмүүс тайлж байна. Хэрэв тийм бол Х.Баттулга гэдэг хүний нураасныг нэг засаг бүрэн эрхийнхээ хүрээнд өндийлгөж барахгүй байна гэж зарлав. Өөрөөр хэлбэл бүх бурууг Х.Баттулгад үүрүүлэхээр шийдчихжээ.
Ерөнхий сайдын дараагийн заналт бай нь С.Ганбаатар байлаа. Ч.Сайханбилэгийн “босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө” гэж хэлсэн хачирхалтай үгийг олон хүн онцлох болов. Улсын Ерөнхий сайд эдийн засгийн бодлого ярихгүй нэг УИХ-ын гишүүнийг “хэвтсэн” тухай өгүүлэх гунигтай л даа. С.Ганбаатар муу хүн байж болно. Гэхдээ хөрөнгө оруулагч гадныханы өмнө, бизнес эрхлэгчдийн өмнө Ганбааг хэвтүүлчихсэнээ баатарлагаар зарлах ариун явдал мөн үү? Ганбааг шороотой хутгах ажлыг Ч.Сайханбилэг өөрөө санаачлан хэрэгжүүлсэн гэсэн үг үү? Эсвэл хөрөнгө оруулагч, гадныханд Ганбааг хэвтүүлсэнийг зарлахыг бодоход түүнийг шороотой хутгах ажлыг хөрөнгө оруулагч, гадныхан зарласан хэрэг үү? Тэгээд хэвтүүлсэн тайлангаа тавьж байгаа хэрэг үү? Ойлгохын аргагүй. Зөвхөн Ерөнхий сайд л ойлгож байгаа байх даа.
Том биетэй жижиг сэтгэлгээтэй Ерөнхий сайд уу?
Өчигдөр цахимаар Ерөнхий сайдын хэлсэн үгийг олон хүн шүүмжлэв. Гадныханы өмнө намынхаа гишүүдийг, өрсөлдөгч намынхаа улс төрчдийг муулах эрүүл үзэгдэл үү? Эсвэл аргаа барсан хэрэг үү? Хөрөнгө оруулагчдын өмнө бодлого ярихгүй нэг УИХ-ын гишүүнийг хэвтүүлсэндээ бахархах зөв үзэгдэл үү?
Ерөнхий сайд бол төрийн гурван өндөрлөгийн нэг. Төрийн гурван өндөрлөгийн нэг олны өмнө ард түмээ элдэвээр хэлэн доромжлох зөв үлгэр дууриал уу? Хэн ч зөв зүйтэй зүйл. Чадаж байна. Эрх мэдэл нь байна. Болохгүй нөхөдийг зарлах ёстой гэж хэлэхгүй байна. Харин улсын Ерөнхий сайд ингэж жижигрэх хэрэг байна уу л гэсэн сэтгэгдэл давамгайлж байна.
Монгол Улсын түүхэнд олон Ерөнхий сайд төрсөн. Тэдний хэн ч гадныханы өмнө Ч.Сайханбилэг шиг ингэж өөрсдийгөө муулж байгаагүй юм. Ч.Сайханбилэг анхных нь боллоо. Энэ хирээрээ нэр хүндээ, үнэлэмжээ, бусдад ойлгогдох байдлаа алдлаа.
Ерөнхий сайдын үгийг хэн бичсэн бэ?
Зарим хүмүүс Ерөнхий сайдыг ийм зүйл хэлэх хүн биш. Хэн нэгний захиалгаар л хэллээ гэж ярих нь чихний үзүүрт сонсогдох болов. Хэрэв тийм бол Ерөнхий сайд өөрийн гэсэн толгойгүй байна. Эрх мэдэлдээ самуурсан байна. Морь унасан толгойгүй хүн шиг явж байгаад гүн гүнзгий ангалд унаж байна.
Гэхдээ өчигдөрөөс эхлээд Ерөнхий сайдын хагалан бутаргасан, ийш тийшээ үсчсэн, бүх бурууг бусдад нялзаасан, олон дайсан төрүүлсэн, олон хүнийг “хийсэн” үгийн жинхэнэ эзэн нь хэн бэ? гэсэн дараагийн эрэлд гарав.
Г.Лхагваа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МОНГОЛЫН ТӨРД ҮНЭХЭЭР ТӨРИЙН НҮДТЭЙ ХҮН, УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЛАА. ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД СОНИРХОЛ ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ТӨРИЙН БАТАЛГААТАЙ ШИЙДЭЛ, САНАЛ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ТЭР ЭНЭ ИНГЭСНЭЭС БОЛЛОО ГЭХ ЮМ УУ ГАДААД УЛС РУУ ДАВШИЛСАН УЛС ТӨРИЙН ДАЙСАГНАЛ ХЭРЭГГҮЙ БҮҮР ЗУГТАНА ГАДНЫХАН, ҮНДСЭНДЭЭ УЛС ТӨРИЙН КАРЬЕРАА ӨӨРСДӨӨ ДҮГНЭЧИХЛЭЭ. МОНГОЛ ИНГЭЖ ЦААШ ЯВЖ БОЛОХГҮЙ ЭД НАР ЛАВ БИШ ЮМ БАЙНА. САМБУУ ӨВӨӨ 2 ХӨРШТЭЙГЭЭ ЭВТЭЙ БАЙЖ УЛС ОРНОО ҮЙЛДВЭРЖ ҮҮЛЭН, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛГЭЧИХСЭН ЮМ. ЭД НАР ХАРИН ДАЙСНЫ ЦЭРЭГ ДУУДАЖ МАГАДГҮЙ БОЛТОЙ. НӨГӨӨ ЗАСГИЙН ГАЗРЫН РЕФЕРЕНТҮҮД ЗӨВЛӨХҮҮД ҮАБЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАГА ЮУ ХАРЖ БАЙВАА
Kkkk