Дөрвөн жилийн дараа уул уурхайн орлого дөрөв дахин өснө

“Английн бизнес мониторинг” интернэйшнл компани манай улсын уул уурхайн энэ оны гуравдугаар улирлын тайланг гаргажээ.

Тус судалгааны байгууллага Монголын уул уурхайн салбарын одоогийн байдалд тулгуурлан 2015 он хүртэлх судалгааг гаргасан байна.

Манай улсын алт, зэс болон нүүрсний үйлдвэрлэл хурдацтай өсөх хандлагатай байгааг судалгаагаар тогтоосон байна. Мөн 2015 онд гэхэд уул уурхайн салбарын үйлдвэрлэл 11.5 тэрбум ам.доллараар өсөх тооцоо гарчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос дөрөв дахин өссөн үзүүлэлт аж.

Хоёр жилийн дараа Оюутолгой компанийн үйлдвэрлэл эхэлж, манай улсын уул уурхайн үйлдвэрлэлийн оргил үе эхэлнэ. Тиймээс бүх төрлийн металлын хэрэгцээ огцом өснө гэж судалгааны ажилд оролцсон уул уурхайн мэргэжилтэн, шинжээчид үзэж байгаа юм.

Энэ оноос 2015 он хүртэл алтны үйлдвэрлэл жилд 791 мянган унци, зэсийнх 720 мянган тонн хүрэх төлөвтэй байгаа аж. Харин нүүрсний үйлдвэрлэл 2015 он гэхэд жилд дунджаар 17 хувийн өсөлттэй байж, 27 сая тоннд хүрэх юм байна.

Монголын уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтөд Оюутолгой, Овооттолгой, Тавантолгой зэрэг уурхайн ажил голлон нөлөөлж, ирэх жилүүдэд дэлхийн уул уурхайн компаниуд Монгол руу олноор хошуурахыг тайланд онцолсон байна.

Э.Өнөр


URL:

Сэтгэгдэл бичих