Тархи угаагч Женко Баттулгад “Ардын жүжигчин” цол олгоё, Ерөнхийлөгч өө!
“Мафийн загалмайлсан эцэг” гэх Женко Баттулга муугүй зохиолч, жүжигчин, найруулагч боллоо. Түүний сүүлийн үед хийж байгаа “тархи угаах” уран бүтээл, хөдөлмөрийг нь үнэлэн “Гавьяат” цол олгох эсэх асуудлыг Ерөнхийлөгч анхаарч үзэх хэрэгтэй болж дээ!
Бид хоцрогдсон үзэл бодол, сэтгэлгээний болхи арга дадлаасаа болоод хууль ёсонд гэхээсээ илүүтэй шоу, энтертаймент хэлбэрийн ажиллагаа, улс төрийн манипуляци давтамтхай болж, энэ хэлбэрийн үйл ажиллагаа нь хүмүүсийн оюун санааг удирдан залж, дуулгавартай “зомби” болгох болсон.
Энтертаймент шинжтэй үйл явдал нь нийгмийн тодорхой хэсгийг тун гажиг ухаарлаар үйл явдлыг тусган ойлгоход хүргэсэн.
Рейхийн суртал ухуулгын сайд Геббельсийн хэлснээр “түрүүлж үгээ хэлсэн хүн ямагт зөв байдаг” гэсэн фашист аргыг Женкогийн албатууд урт удаан хугацааны туршид хэрэглэсээр байна. Энэ арга нь нийгэм, олон нийт ялангуяа залуучуудын хүмүүжил, үзэл бодолд маш хортой нөлөөлөл үзүүлэх болсон.
Наанадаж л УИХ, Засгийн газар дотор хүртэл гишүүд нь эх оронч ба эх оронч бус гээд хуваагддаг гэж ойлгохоор хуваагдал, талцал үүсгэж, өөрийгөө бараг л цорын ганц эх оронч, үндэсний үзэлтэн болгон тунхаглахыг оролдсон.
Асуудал зохиомлоор үүсгэж, түүнийг шийдвэрлэх арга замыг санал болгох, анхаарал сарниулах, үе шаттайгаар удаан хугацаанд хэрэгжүүлэх, ард түмэнтэй нялх хүүхэдтэй мэт харьцах, эмзэг цэг, сэдвийг цаг үеийн нөхцөлтэй уялдуулан хөндөх зэрэг хамгийн бүдүүлэг арга ашиглан “Зуун чухал сэдэв”, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг, “Шинэ сум” төсөл, “Миний мэдэх Женко” ном, “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсан, “Мүүн”-ий урсгал гэх мэт сэдвээр “Загалмайлсан эцэг”-ийг тойрон хүрээлсэн хар Пи-Ар болон хэвлэл, мэдээллийн багийн гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Төрмөнх, Б.Баатар нар ядруухан найруулгатай ядмаг зохиолоор шоу хийж, ард түмнийг тархийг угаан “Загалмайлсан эцэг”-ийг эх оронч болгох оролдлогыг удаа, дараа хийж ирсэн. Тэдгээрийн зарим нь яваандаа учрыг тунгааж нэг л эвгүй зүйлд орооцолдох гээд байгаагаа мэдрэн түүний “өгсөн” нөлөөтэй толиноос ангидаар асуудалд хандан зайгаа авч эхлээд байгаа нь ч анзаарагдах болов.
Тэр мэдрэмж ч зөв байсан. Их хөрөнгө хаяж, “уран бүтээлийг ивээн тэтгэгч бурхан тэнгэр” мэт аашилж байсан түүний улайрлын цаана ямар гээчийн том луйвар явж байсан нь зах зухаасаа хуулийнхны хараа хяналтад өртөж, тодорхой баримтуудаар нотлогдож эхэллээ. Түүний эхэндээ ивээн тэтгэж, сүүлдээ золиосолсон залуусын зарим нь эх нутагтаа ч очиж чадахгүй хөлөө хориулчихаад, “Миний аюулгүй байдлыг хангавал очиж мэдүүлэг өгье” гэж байгаа нь үнэн хэрэгтээ хуулийнхнаас биш эзэн асан “Загалмайлсан эцэг”-ээсээ айж байгаа хэрэг биш гэж үү. “Загалмайлсан эцэг” гэдэг кинонд гардаг зартай гэмт хэргийн бүлэглэл, түүний толгойлогч тэргүүтэн нь Х.Баттулгын шүтээн бололтой юм. Тэр киноны гол дүрийн нэрээр анх үүсгэн байгуулсан компаниа нэрлэж, бизнесээ төртэй хутгах үедээ төрийн өмчийн зарим объектыг хувьчлан авч байх үедээ ч тэр ирээдүйд улс төрд орно, тэрүүхэндээ чамлагдахааргүй том бүлэглэл үүсгэж өөрийгөө “Загалмайлсан эцэг” гэж цоллуулах цуу яриаг зохион байгуулалттайгаар тараах зэргээр өнгөрсөн хугацаанд хийсэн “уран бүтээлийн” арга хэлбэрээр ажлаа хэдийнэ эхэлчихээд байсан юм билээ.
Түүний гол давуу тал нь Төрийн дууллаа сонсоод нулимс унагадаг онцлог юм гэсэн. Хөлс, хүчээ шавхан олон улсын тэмцээн, олимпт оролцож байгаа Монголын бүх тамирчинд энэ чанар бий. Тэглээ гээд бүгдээрээ улстөрч болдоггүй, эх оронч гэдэг чанарыг эзэмшилдээ авдаггүй.
Ямартай ч түүний зохион байгуулсан, өгсөн үүрэг даалгавар дор нь үйлдэгдсэн гэмт үйлдлүүд илэрч, тэр өөрөө олон залуусыг, түүний дунд өөрийнхөө өрөвдөж гүйгээд байгаа туслахыг хүртэл “чирсэн” нь тодорхой болоод байна.
Одоо түүнд яаран захиалж хийлгэсэн “Зуун эрхэм”-ийн нэг болох Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн өөрийг нь өмөөрсөн хэдэн өгүүлбэр ч, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн нараар хийлгэсэн хариу нэхсэн ярилцлага зэрэг нь тус болохгүй л болов уу.
Тэр ч байтугай эмэгтэй гишүүдийн “рейтингээ өсгөх” гэж хөхүүл хүүхэдтэй сэжигтэн бүсгүйг хорьсныг эсэргүүцэх зэрэг нь ч Төрийн хуулиас “Загалмайлсан эцгийг” хаацайлах шалтгаан болохгүй. Тэр хөхүүл хүүхэдтэй хэчнээн эмэгтэй өнөөдөр хоригдож байгаа, нялх үрсээ тэврээд Төрийн хуулиа хүндэтгээд үртэйгээ хамт ял эдэлж суугааг даанч мэдэхгүй “тэнгэрийн амьтан” аж.
Түүнээс гадна АТГ бол улс төрийн шалтгаанаар хорьдог байгууллага болгон олон нийтэд буруу ойлголт төрүүлэх нь гэмт хэрэг болдог гэдгийг Н.Энхбаяр, Х.Баттулга тэргүүтэнд сануулах нь зүйтэй болов уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ Н.Энхбаярт хандан “Зангиагаа засаад очиж шалгуулах ёстой” гэдгээ Х.Баттулга анддаа ч гэсэн сануулахад илүүдэхгүй болов уу.
Л.Мөнхбаясгалан бол зүгээр л асуудлыг өөр зүгт хандуулах үүрэг гүйцэтгэж байна. Женкогийн хууль бус үйл ажиллагааны талаар илчлэгдэх бүрт тэрээр иргэдийн анхаарлыг сарниулах хооронд нь талцуулах ажлыг өнгө, мөнгөний хүчээр хийж байна. Тиймээс олон нийтийн сүлжээ, твиттер, фэйсбүүк хуудаснаа “Та төмөр замын луйврын талаар нэвтрүүлэг хийх үү”, “Таны МҮҮН-ийн талаарх нэвтрүүлэг сайн ч гэсэн төмөр замын луйврыг төөрөлдүүлэх зорилготой, захиалгат нэвтрүүлэг юм биш биз” гэсэн асуултад “Төмөр замын талаар нэвтрүүлэг хийхгүй” гэдгээ хэлсэн. Мөн МҮҮН, Т.Лхагвасүмбэрэл агсны талаарх нэвтрүүлгийг Х.Баттулга гишүүн захиалсан бол бүр сайн байхсан” хэмээн мэлзэж байгаа харагдана.
Дарангуйлал тогтсон төрд л өөрөө өөртөө хөшөө бариулдаг бол манайд ард түмнээсээ авсан хөрөнгөөр хөрөг номыг бүтээж болдогыг Д.Төрмөнхийн “Миний мэдэх Женко Баттулга” номоор харж болохоор байна. Түүний хөзөр үргэлж бэлэн байдгийн нэг жишээ, бас сайн зохиолч гэдэг нь энэ ном бэлээхэн илтгэнэ. Тэр хэзээ ямар хөзөрийг, ямар цаг хугацаанд гаргахаа сайн мэднэ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын болон Шинэ төмөр замын гэх тодотголтой хэргүүд мөн сонгуулийн өмнө гэдгийг маш сайн тооцоолсон нь мэдээж. Тун удахгүй уг номны дараагийн ангиуд “Миний мэдэх Женко Баттулга 2”, “Шамбалын орон” гэх зөвхөн түүнийг хорвоогийн хамгийн сайн хүн гэж тодотгосон найруулгууд үргэлжилнэ.
Төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод олон залуус, залуу уран бүтээлчид маш ихээр худалдагдаж эхэлсэн. Тэднийг буруутгах аргагүй. Мөнгөгүй, хоногийн хоолгүй амьдрах амаргүй тул чаддаг зүйлээ л хийж, худалдаж мөнгө олж таарна. Гэхдээ хэний төлөө юу хийх вэ. Дараа нь хаачих вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь их хэмжээний мөнгө сул орж ирэх тусмаа аюултай. Энэ бол цалам, урхи. Дараа нь чи эрх чөлөөгөөрөө төлнө, эзний өмнөөс золиослогдоно гэсэн үг.
Тэгээд ч одоо ард түмэн шоу, энтертаймант болон үнэн бодит байдлын ялгааг ойлгож эхэлсэн. Тэгэхээр эрхэм эх оронч луйварчид энэ явуургүй аргаараа удаан тэсэхгүй л байх. Харин үүний оронд та татвар төлөгчөөсөө авсан энэ их хөрөнгөө ядарсан ард түмэндээ өгвөл мянгантаа уучлах бус уу.
Эцэст нь хэлэхэд Женког тойрон хүрээлж байгаа хүмүүс маш сайн найруулсан сценарийн дагуу ажиллаж байгаа нь үнэн бөгөөд эдгээр чадварлаг багийн хөдөлмөрийг үнэлж шагнах нь зүйтэй ч юм уу.
Энэ бүгдээс Женкогийн ханахгүй шунал, сонгууль угтсан бохир үйл ажиллагаа давхар харагдаж байна. Гэтэл энэ бүхний цаана хичнээн булхай нуугдаж байдаг бол…
PHOTONEWS.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БАТТУЛГЫГ ЭХ ОРОН НАМ РУУ ЯВУУЛ МАНАЙ АН- ЫГ ХУТГАН ҮЙМҮҮЛЖ УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ХОЙШ ТАТАГЧ ШҮҮ ДЭЭ. ТҮҮНЭЭС ХӨТЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ БУЦААН АВЧ ЧАДДАГ НЭГЭНД НЬ ӨГЬЕ
tsol olgohod ni oluulaa demjie