Саудын жуулчин Лондонд унах гэж алтан машинуудаа авч иржээ
Британичуудын хувьд хамгийн тансаг жуулчин Лондонд хүрэлцэн иржээ. Саяхан хэсэг найзуудынхаа хамт хувийн нисэх онгоц хөлөглөн ирсэн Араб залуу такси, түрээсийн машин ашиглахын оронд бүрэн алтадсан дөрвөн машинаа авч ирэхийг илүүд үзсэн аж.
Хамгийн багаар бодоход түүний машинууд нийт нэг сая фунт стерлинг буюу 2,9 тэрбум төгрөгийн үнэд хүрэх бөгөөд зөвхөн хотоор аялахын тулд энэ дөрвөн машиныг авч ирсэн байна.
Авч ирсэн машинуудынх нь хамгийн үнэтэй нь Mercedes G63 AMG 6×6 буюу зургаан дугуйтай хотын гудманд гэхээс илүү Саудын Арабын элсэн цөлд унах зориулалт бүхий 370,000 фунт стерлингийн машин юм.
Үүгээр зогсохгүй хоёр хаалгатай, дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн машинуудын нэг Rolls-Royce Phantom Coupe нь 350,000 фунт стерлингийн үнэтэй аж.
Харин дөнгөж 20 гарч буй залуу тэрбумтны хувьд цуглуулгад нь зайлшгүй байх ёстой Lamborghini Aventador нь мөн л 350,000 фунт стерлингийн үнэ хүрнэ. 6,5 литрийн багтаамжтай V12 хөдөлгүүртэй энэ машин 100 км/цаг хурдлахын тулд ердөө 2,7 секунд зарцуулах бөгөөд 350 км/цаг хүртэл хурдалж чадах юм.
Түүний авч ирсэн машинууд дундаас хамгийн хямд нь 220,000 фунт стерлингийн үнэтэй Bentley Flying Spur тансаг суудлын тэрэг бөгөөд хамгийн гол нь энэ бүх машиныг алтаар бүрсэн явдал.
Саудын Арабаас ирэх тансаг автомашин хөлөглөсөн жуулчид Лондоны оршин суугчдыг ихээр бухимдуулах болсон учраас олон нийтийн газарт чанга дуутай машин унах, хөдөлгүүрээ асаалттай орхихыг хүртэл хориглосон шийдвэр гарчээ.
Эх сурвалж: DailyMail
Д.Багахүү | GoGo.mn
URL: