Ли Су Ён: Пхеньян цөмийн цохилт өгөхөд бэлэн

ebe7fb2eb16d6824originalУмард Солонгосын арми АНУ-ын эсрэг цөмийн цохилт өгөхөд бэлэн болжээ. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ли Су Ён Оросын “Итар Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр“АНУ-ын өдөөн хатгалга, хийрхэлд хариу өгөхөөр бид армиа бэлэн байдалд шилжүүлсэн. Нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэхэд манай арми дайсандаа цөмийн цохилт өгөхөд бэлэн. Товчоор хэлбэл, Солонгосын хойгт дайн эхлэх үү, энх тайван цогцлох уу гэдгийг шийдвэрлэнэ” хэмээжээ.

 

СОЛОНГОСЫН ХОЙГ ДАЙНЫ ИРМЭГТ

 

“Солонгосын хойгийн нөхцөл байдал АНУ-ын оролцооноос болж хурцдаж байна. Ялангуяа БНСУ-тай хамтран цэрэг, улс төрийн бодлого явуулж буй нь Солонгосын хойгт бүрэн хэмжээний дайн нүүрлэх ирмэгт хүргэлээ” гэдгийг Умард Солонгосын Гадаад хэргийн сайд онцолжээ. Ли Су Ёны хэлснээр, Солонгосын хойгт дайн эхлэх үгүй нь АНУ-аас шалтгаалах аж. Мөн“АНУ Ази болон Номхон далайн орнуудад нөлөө үзүүлэхийг оролддог. Иймд тэд Ардчилсан Солонгосыг стратегийн бай болгосон. Солонгосын хойгт энхтайвныг хүссэн улс бүр АНУ-ын мэхийг олж харах ёстой. АНУ Өмнөд Солонгосын армитай цэргийн хамтарсан бэлтгэл хийж, манай улсыг турхирч буй талаар бид олон удаа мэдэгдсэн. Үнэндээ “Key Resolve”, “Foal Eagle” зэрэг цэргийн хамтарсан сургуулилт нь манай улсын эсрэг ямагт чиглэсэн байдаг. Энэхүү цэргийн сургуулилт нь нэг л өдөр дайны хэмжээнд хүрэх аюултай. АНУ-ын удирдлагууд манай улсыг цөмийн зэвсэгтэй хэмээн дарамталж байна. АНУ-ын цаад бодлого нь Хойд Солонгосыг эрхшээлдээ оруулах юм. Бид хэзээ ч гараа хумхиад суухгүй. Бид хүчирхэг армитай. Ямар ч улсын эсрэг тэмцэхэд бэлэн. Бид армиа бэлэн байдалд шилжүүлсэн нь АНУ-ын дарамт, дайсагнасан үйл ажиллагаанд хариу өгч буй хэрэг. Ингэснээр АНУ бодлогогүй үйл ажиллагаагаа эргэн харж Пхеньяныг чиглүүлсэн сөрөг хандлагаа өөрчилж болох юм. АНУ-ын галзуу хийрхэл Солонгосын хойгийг мухардалд орууллаа. Бид үндэстнээ хамгаалахын тулд армиа, цөмийн зэвсгээ сайжруулах болно. Эцэст нь хэлэхэд нөхцөл байдал АНУ-ын бодлогоос хамаарна” гэдгийг Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ли Су Ён ярилцлагадаа дурджээ.

 

Х.Эрдэнэзаяа

 


URL:

Сэтгэгдэл бичих