ГАДНААС АВСАН ӨР, БОНДОО ХЭРХЭН ТӨЛӨХИЙГ ХЭЛЭЛЦСЭНГҮЙ

bileg0402Монголын эдийн засгийн чуулган долоо дахь жилдээ болж байна. “Сургамж, сорилт, шийдэл” сэдэвт тус хуралдааны эхний өдрийн салбар хуралдаанууд болж, өндөрлөлөө. “Ийм ардчилал, ийм нийгмийг бид хүсээгүй” гэсэн өгүүлбэрийг хэн бүхэн хэлдэг болсон энэ үед баян ядуугийн ялгаа улам бүр ихэссээр байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын судалгаагаар энэ байдал улам бүр нэмэгдэх дүгнэлт ч бий. Ийм үед гарц шийдэл олохоор уламжлалт уулзалтыг зохион байгуулж буй нь сайн хэрэг.

Гэвч бид өмнөх зургаан удаагийн чуулга, уулзалтаас ямар үр дүнд хүрэв гэдгийг бодох учиртай тухай эдийн засагчид өгүүлж буй. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюүми Кониши, Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак,

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакхер, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол Улс хариуцсан захирал Роберт Шоллхаммер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андэрсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр (Баабар), Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд өнөөгийн хямралыг бид өөрсдөө бий болгосон гэдгийг онцлов.

Харин Ерөнхийлөгнийн зөвлөх П.Цагаан “Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2010 онд 2300 ам.доллар байснаа 2015 онд 4200 ам.долларт хүрч, Монгол Улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын жагсаалтад орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхийн дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ” гэсэн өөдрөг мэдээллийг өгч, чуулганы цанг цохив. Тун удахгүй УИХ-ын сонгууль болно. Үүний үр дүнд бий болсон Засгийн газар хамгийн азгүйд тооцогдох тухай ч эдийн засагчид өгүүлсээр байгаа. Учир нь ирэх онд Засгийн газар бондын төлбөрөө эргүүлэн төлөх ёстой. Гэтэл энэ жилийн эдийн засгийн чуулганаар өрийн менежментээ цаашид хэрхэн шийдвэрлэх салбар хуралдаан хийхгүй нь. Уг нь энэ сэдвээр салбар хуралдаан зохион байгуулахаар хөтөлбөрт тусгасан ч эцсийн мөчид түдгэлзүүлсэн аж. Сангийн яам-ны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга чуулганд оролцсон боловч ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Харин Сангийн сайд Б.Болор үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ “Засгийн газар дотоодын бондоо эргэн төлөхийн тулд 500 сая ам.долларын шинэ бонд авсан” тухай хэлэв.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сүүлийн үед Засгийн газрын тогтвортой байдал алдагдаж 1.6 сарын дараа солигдох тохиолдолд ч гарлаа. Үүнээс үүдэж гадаа-дын байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахад бэрхшээл учирдаг. Одоо гадаадын хөрөнгө оруулагчид танай сонгуулийн дараа болно, сонгуулийн үр дүнг харна гэдэг тайлбар хэлдэг болчихоод байна” хэмээсэн. Түүний өгүүлсэн энэ жишээнээс манай улсын төр залгамж чанараа хэрхэн алдаж, тэр хэрээр хөрөнгө оруулагчид сэрэмжилдэг болсны нотолгоо юм.

Мөн энэ өдөр “Ногоон бизнес” салбар хуралдаан болсон. УИХ-ын гишүүн С.Оюун “2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь нь суурьшсан буюу хотод амьдардаг болох төлөвтэй байна. Ингэхээр хэрэглээ асар хурдтай нэмэгдэж, XXI зууны төгсгөлд 11 тэрбум хүнтэй болох нь. Хэрэглээ ихсээд ирэхээр хандлагаа өөрчлөхгүй бол болохгүй болж байгаа юм. Тиймээс бүх салбар ногоон бизнес рүү явбал ашигтай, ирээдүй тэнд байна гэдгийг харах цаг болсон. Хөрөнгө оруулалтын банкууд ч нүүрсэнд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ зарлалаа. Хэрэглэгчид хүртэл байгаль дэлхийд ээлтэйбиш бизнесийг дэмжихгүй гэдэг болсон” гэв. Мөн тус хуралдааны үеэр “Байгаль орчноо хайхрахгүйгээр бизне-сээ хөгжүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл. XIX зууны үед бизнест хандаж байсан хандпага өнөөдөр эсрэгээрээ болсон” тухай Сумитомо Мицуи банкны корпорацийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Учида Хажимэ хэлсэн.

Мөн энэ өдөр болсон уул уурхайн салбарын “Алсын хараа” салбар хуралдаан хамгийн их оролцогчтой байлаа. Монголын уул уурхайн салбарт гарсан ололт, сургамжийн талаарх судлаачдын төлөөлөгч М.Дагва илтгэлдээ “Монгол орон даяар уул уурхайг хэтэрхий яриад сүүлийн үед бүр залхсан шинжтэй болжээ. Эдийн засгаа солонгоруулах тухай олон жил ярьсан боловч одоо хэр нь уул уурхайгаас хамааралтай хэвээр байца. Гэвч бид уул уурхайн супер циклийн үед алддаг, бараа таваарын ханш дэлхийн зах зээл дээр уналттай байсан ч өрсөлдөх чадваргүй болж алддаг улс юм” хэмээн дүгнэв. Уул уурхайн сайд Р.Жигжид “Эрх зүйн орчны хувьд тогтворгүй, үндсэрхэг үзэл газар авчихсан, геологи ашигт малтмалын хайгуул лицензийг замбараагүй олгосноос болж Ерөнхийлөгч хориг тавих дээрээ тулчихсан, үүнээс үүдэлтэй гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Урт нэртэй хууль гэх мэт хатуу хууль гаргаж эхэлсэн байдал бий. Энэ бүхнээс хамгийн том сургамж авсан зүйл бол уул уурхайн салбарын мэдээ, мэдээллийг ил тод үнэн бодитойгоор өгөх ёстой юм байна гэж үзээд сар бүр “Ил тод” уул уурхай хурлыг хийдэг болсон. Бид уул уурхайн салбарыг бодлогыг урт хугацаанд тогтвортой, олон улсад өрсөлдөх чадвартай байлгахыг зорьж байна” гэв. Харин “Эрдэнэс Оюутолгой” компанийн за-хирал Да.Ганболд “Ямар ч үйлдвэрлэл хөгжүүлээгүи байж экологийн бодлогоо тэргүүнд тавьсан поп улс-төрчид элбэг байна. Хамгийн чанга дуугардаг хүн хамгийн нимгэн мэдлэгтэй байдгийг өнгөрсөн хугацаанд бид харлаа. Бид “ТЭЦ-5”-ын суурийг 26 жилийн өмнө тавьсан. Одоо хүртэл хэвээрээ байна. Мөн энэ хугацаанд нэг км төмөр зам барьсан. Тэрийг нь төр биш хувийн хэвшил гүйцэлдүүлсэн. Дэлхийн аль ч оронд машинаар хүдэр зөөж байгаа улс алга байна” гэв.

Уг нь шийдэл хайх зорилготой ч энэ удаагийн эдийн засгийн форумаар гаднаас авсан их хэмжээний өр, бондыг хэрхэн төлөхийг хэлэлцсэнгүй.

ХЭН ЮУ ХЭЛЭВ Б.БАТБАЯР /Баабар Ерөнхий сайдын ахлах зөвлөх/
-Төр үс засдаг, хуушуур хийдэг газар биш. Төр өмчтэй байж болно. Гэвч түүнийг нь хувийн хэвшил явуулдаг юм. Харин төр үйлдвэрлэл явуулж болохгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын төрд хамаарч байгаа үйлдвэрлэлийн 25 хувь нь ашигтай ажиллаж байна гэж хэлсэн. Энэ бол худлаа. 2.5 гэдгийг мань хүн 25 хувь гэж харсан байхаас зайлахгүй. Одоогоор манай улс дөрвөн тэрбум орчим ам.долларын төсөв зарцуулж байгаа. Энэ бол бал бурам юм. Тийм л учраас төрийн албанд орох гэж үхэн хатан зүтгээд байна. Төрд ажиллахаар богино хугацаанд хаустай болоод, жийп унадаг тухай ярьдаг. Тэгэлгүй яах юм бэ, бал бурман дээр очиж суучихаад татвар төлөгчдийн мөнгийг “хусч” байгаа юм чинь.

ВИВЕК ПАТАК /Олон улсын санхүүгийн корпорацийн зүүн Ази номхон далайн бүсийн захирал/
-Яг одоо бол Монголын эдийн засаг нэлээд хүнд нөхцөл байдпыг туулж байна. Үүний шалтгаан бол эрдэс баялгийн үнийн уналт. Ерөнхийд нь харахад Монголын эдийн засаг доод төвшиндөө хүрч байна. Магадгүй ирэх саруудад эдийн засаг савлаж болох ч 2017 оноос эргээд өсөх байх. Эдийн засгийг өсгөх гол эх үүсвэр нь Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт юм. Монгол Улс зөвхөн уул уурхайгаа түшиглэж эдийн засгаа бүрдүүлж болохгүй солонгоруулах шаардлагатай.

Н.ЗОЛЖАРГАЛ /Монголбанкны захирал/
-Экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байхаар гадаад зах зээл дээр үнэ нь уначихаар улсын валютын орлого огцом уначихаж байна. Гадаадын нийт хөрөнгө оруулалтын 95 хувь нь уул уурхайн салбарт байхад бүтээгдэхүүний үнэ унахад хөрөнгө оруулалт тэг болж байна. Ийм нөхцөл байдлыг уул уурхай авчраад байдаг учраас аль болох уул уурхайн бус салбараа хөгжүүлж байх ёстой. Нэг үгээр хэлбэл, бид хөтөлгөө морьтой байх ёстой. Бидэнд уламжлалт маш сайн салбар байгаа. Хөдөө аж ахуйн салбар хүнсээс гадна биотехнологийн салбар юм байна. Энэ салбарын ирээдүй маш тодорхой юм байна. Хамгийн хэцүү нь энэ салбарт хөрөнгө мөнгийг хэрхэн оруулж, хөдөлмөрийн бүтээмж нэмж, мэдлэг шингэсэн экспортын бүтээгдэхүүнүүдийг бий болгох, түүнийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг Тогтолцоо их хэцүү байсан Харин инфляцийг бага төвшинд аваачсан нь энэ бололцоог нээж өгч байгаа.

 

 

Д.БУЛГАН /МОНГОЛЫН ҮНЭН/

 

 

Д.БУЛГАН


URL:

Сэтгэгдэл бичих