НӨАТ-ын баримтаас болж нийтээрээ хэрэгтэн болох вий дээ

52fbe7592cbd109coriginalНӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Улмаар иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг e_barimt.mn сайтад бүртгүүлж, мөнгө хожиж, жилийн эцэст төлсөн баримтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг улсаас буцаан авах нөхцөл бүрдэж буй. Хэдий чинээ олон баримт бүртгүүлнэ, төдий чинээ мөнгө хожих магадлал өндөр болно. Тийм болохоор баримтаа бүртгүүлээд байгаарай гэж албаны хүмүүс уриалаад байгаа. Нөгөө талаар 20, 100, 500 мянган төгрөгөөс эхлээд 4, 20 сая төгрөг хожиж, шагналаа авсан хүмүүс ч байгаа. Тиймээс иргэд баримт бүртгүүлэх байдлаа улам эрчимжүүлж байгаа юм.

Зарим нэг хүн олон баримт бүртгүүлэхийн тулд ах, дүү, хамаатан садныхаа баримтыг бүртгүүлж байгаа. Мөн 1000 төгрөгөөр ч хамаагүй худалдан авалт хийж, аль болох олон баримт бүртгүүлэхийг зорьж байна.  Зарим нэг хүн байгууллагынхаа машины шатахуун авсан баримтыг өөр дээрээ бүртгүүлчихэж байгаа. Шатахуун авахаар байгууллагын нэр дээр баримт өгөхгүй, хувь хүн л гэж өгдөг. Тийм болохоор тухайн байгууллагад ажиллаж байгаа, арай нэг компьютер дээр ажиллаж чаддаг, цахим хуудаст бүртгүүлчихсэн нь шатахуун авсан баримтуудаа бүртгүүлчихэж байгаа юм.  Гэтэл энэ бүхэн нь НӨАТ-ын хоёр хувийн буцаан авалтаа авах үед гэмт хэрэгтэн болж ч магадгүй байна.

Энэ талаар хуульч А.Цолмонтуяа “Манайд хувиараа хөдөлмөр эрхлэгч нар олон байдаг. Тэр дундаа ажилгүй гээд албан татвараас чөлөөлөгддөг, НӨАТ-ын татварыг багаар төлдөг хүмүүс олон бий. Тэгвэл НӨАТ-ын шинэчилсэн найруулга нь хувь иргэний орлогыг ил болгож, бүх татварыг төлүүлэх зорилготой юм. Тэр ч утгаараа иргэдийн орлогыг ил болгохын тулд хахуульдаж, НӨАТ-ын баримтыг “сугалаа” гэж ойлгуулаад байна. Ингээд мөнгө хожсон ч бай, үгүй ч бай жилийн эцэст хувь иргэн бүртгүүлсэн баримтынхаа 2 хувийг буцаан авах гээд харьяа татварынхаа хэлтэс дээр очиход “Таны сарын орлого 500 мянган төгрөг байна. Үүнээс 200 мянгыг лизенд төлдөг. Гэтэл та жилд 15 сая төгрөгийн худалдан авалт хийдэг юм байна. Та орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийдэг үү” гээд асуухад л унаж байгаа юм.Тэгэхээр иргэд нэг бол орлогоо нотолно, чадахгүй бол хэрэгт холбогдоно” хэмээн ярьсаныг   цахим сайтууд мэдээлсэн байна.

Ерөнхийдөө НӨАТ-ын хуулийн эцсийн зорилго нь энэ ч байж мэдэхээр байгаа юм. Хэдийгээр татварынхан иргэдээ тэгж дарамтлахгүй, ямар байдлаар шалгахгүй. Цагдаа, хуулийн байгууллагынхан ч энэ асуудалд хутгалдаж, мөрдөж шалгах боломжгүй байх болно гэх мэтээр сэнхрүүлж байгаа. Гэхдээ яг начир дээрээ байдал өөр байх боломжтой л байна шүү дээ. Орон сууцны зээл авахад урьдчилгаа 30 хувиа яаж бүрдүүлсэн болохоо батлах шаардлагатай болдог доо. Хүнээс авсан гэвэл хэнээс авав, тэр нь яаж олсон гээд дамжаад шалгах дээрээ тулдаг. Яг үүнтэй адил, 500 мянган төгрөгийн цалинтай хүн сардаа 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийчихсэн байвал үлдсэн саяаа яаж олов гээд л байцаах магадлал өндөр байна шүү дээ.

Тийм болохоор иргэд жаахан болгоомжтой хандах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Хэрвээ та найз нөхдийнхөө, хамаатан садныхаа, эсвэл хэн нэгний тоохгүй хаячихсан баримтыг аваад, бүртгүүллээ гэхэд орлогоос чинь даваад явчихвал баларч магадгүй л юм. Ер нь анх хууль хэрэгжиж эхэлж байхад хэвлэлийнхэн асуусан юм билээ. Хэрвээ бүртгүүлсэн баримтынх нь үнийн дүн орлогоос даваад явчихвал яах вэ гэж. Гэтэл “Найз маань надад баримтаа бэлэглэсэн юм гээд хэлчихгүй юу” гэж маягийн юм яриад өнгөрсөн гэсэн, хариуцаж байгаа дарга нар нь. Тэгэхээр хувь хүнийг шалгаж, орлогоо батал гэж дарамтлахгүй гэх газар алга. Тиймээс жаахан болгоомжтой хандахгүй бол болохгүй нь. Ер нь албан тушаалтнууд иргэдээ огт шалгахгүй, мөрдөхгүй, энээ тэрээ болохгүй гэж байгаа ч яг начир дээрээ бидний талд биш “баавгай”-н талд орон шүү дээ.

Н.Пунцагболд


URL:

Нэр: ИНЭЭДМИЙН БАЯР Огноо: 30 March 2016

зөв шүү

Нэр: ИНЭЭДМИЙН БАЯР Огноо: 30 March 2016

зар:баянгол дүүрэг 02-р хороо ханбүрэгдэй дэлгүүрийн хашаан дотор баригдсан байр яарлтай үнэ тохирч зарна.Харилцах утас:99016091,88088474-руу асууж болно шүү:

Нэр: Зочин Огноо: 30 March 2016

Үнэн шүү

Сэтгэгдэл бичих