Ууж идсэн шигээ улсын ажил хийдэг болоосой, ИЗНН-хаан
Эрх баригчдын энэ дөрвөн жилд хийж гүйцэтгэснээ тайлагнаж, ирэх дөрвөн жилд төрийн суудалд заларч түмний толгойд суух эсэхиг шийдэх мөч дөхөж, хаа сайгүй нийгмийн асуудалд санаа зовнисон, бодлоо чилээсэн хүмүүс сошиал медиа телевиз сонингоор “дүүрэн” харагдана. Гэтэл сүх далайтал үхэр амар гэгчээр зарим нэг айж ичихээ байсан, аминчхан үзэлтэй төр түшилцэж буй нэгэн намын хэсэг нөхөд иргэдийнхээ ахуй амьдралд санаашрах нь битгий хэл улам цавчиж, “залилаж” байх юм. Сийрүүлбэл, иргэний гэх тодотгол нь ахадсан гэмээр иргэнийхээ төлөө хэмээн энд тэнд дуулдсан ажил хийж байгаагүй ИЗНН-ын хэсэг нөхдийн ууж идсэн тэр нэгэн үдшээс улбаалж, амьдрах гэж ядаж буй эхлэлийн бизнес эрхлэгч нэгэн байгууллага хүнд байдал орж, үүдээ барих дөхжээ гэх тус намын талаар ичмээр гэмээр нэгэн мэдээлэл сонслоо.
Шунал гэх үү, харам зантай гэх үү, хувьдаа завшсан гэх үү, наргиж цэнгэхдээ найгүй гэх үү хэлж мэдэхгүй юм. Ямартай ч нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр тус намын хэсэг залуусын увайгүй, ёс жудаггүй үйлдлээс шалтгаалж намынх нь нэр тэр чигтээ дурдагдах нь бололтой.
Тодруулбал, Хуучин бүхнийг халж, шинэ бүхний эхлэлийг тавьдаг шинэ жилийн торгон мөчийг нэгэн үдэш найрлан цэнгэж, наадамлан хөгжсөн тус намынхан ууж идэхдээ ёстой л өнөөх хундага тавилгүй сөгнөж, хутга тавилгүй ундаалж цэнгэжээ.
Байгууллага бүр л онцгой үйлчилгээтэйгээр нь сорчилж, шинэ жил тэмдэглэх газраа тэмдэглэдэгийн адил тус намынхан ч нэгэн рестораныг найрын ширээгээрээ сонгож, гэрээ үзэглэн байж шинэ оноо гаргажээ.
Гэтэл начир дээрээ ёсчилж байгуулсан тус гэрээ нь рестораны хувьд цагаан дээрээр хараар бичсэнээс ид шидгүй байна гэж тус ресторанынхан мэдээгүй аж. Төрийн толгойд сууж шийдвэр гаргагчдын төлөөлөл албан ёсоор үзэглэсэн тооцооны гэрээ байсан тул үлдсэн тооцоогоо өгнө байх хэмээн хүлээсэн рестораныхан төдийгөөс өдийг хүртэл үйлчилгээний хөлсөө он дамнуулан өгөлгүй удсаар 4 сарын нүүр үзжээ. Тодруулбал, Намын шинэ жилийн зохион байгуулалтад намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон Ч.Батбаяр нар томилогдож хуучин оны барцадаа гаргаж шинэ оны амжилтаа ерөөх зоогийн газар хайж олох их албанд морджээ.
Улаанбаатар том хэдий ч ууж идэх цаг нь тулсан үед ороод тухлачих газар олддоггүй нь хэцүү юм. Үүрэгт ажлаа амжилттай биелүүлэхээр намын даалгавар авсан хоёр хотыг хэдэнтээ тойрсны эцэст ажлын байрныхаа ойролцоох нэгэн ресторанд газар орж намын нэрээ барин пээдгэр гэгч нь дуугараад гэрээ хийж амжсан байна.
Баярын төсөвт 120 хүний хүлээн авалтын арга хэмжээ төлөвлөж, нэг хүний зардал 49 мянган төгрөгөөр тогтоож, нийт 4 сая төгрөг зоож, зоогийн газартаа урьдчилгаа нэрийдлээр нэг сая төгрөгийг гардуулжээ.
Намын шинэ жилээ нижгэр тэмдэглэсэн иргэний зоригтой хүмүүс маань Монголын өнөөгийн улс төр, цаашдаа намаа хэрхэн УИХ-д олон суудалтай болгох талаар ярьж залуучууд эцэс төгсгөлгүй шагнасны дараа үлдэгдэл мөнгөө маргааш өгөе гээд алга болсон байна.
Гэтэл өнөөдөр аль хэдийнэ дөрвөн сар өнгөрчээ. ИЗНН-хан үлдэгдэл мөнгөө өгөөгүй аж. Зоогийн газрынхан жаахан ширүүлээд ярихаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян өгөхгүй байсан ч яадаг юм хэмээн уурлах янзтай ярих болсон гэнэ шүү. Тэр ч бүү хэл. Маргааш өгөе, ирэх тавдахад өгөе, нэгдэхэд өгөе хэмээн өдрөөс өдөр дамжуулсаар хэдэн нүүр үзэж, хэрэндэээ эрвийх дэрвийхээрээ үйлчилсэн тус ресторанынхан эргэлтин хөрөнгөгүй болж, ар хормойгоороо урдахаа нөхсөөр эцэс сүүлдээ ажилчиддаа ч цалинжуулж чадахгүй үүдээ барихад хүрээд байгаа гэнэ. Рестораны зүгээс ч хүн хэлээрээ мал хөлөөрөө гэхчилэн аль болох талаас гуйж, гувшиж, уурлаж, уцаарлаж үзсэн ч бид ч бас мөнгөгүй байна удахгүй өгнө, өөрсдөө яаая гэж байна ухааны юм хээв нэг хэлж байна гэнэ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ, ИЗНН-хаан. Та нарыг баярлая цэнгэе гэж байхад итгээд байдгаа барьж үйлчилсэн ресторанынхан бүх тооцоогоо хий гэж баярын үйл ажиллагааг тань саатуулаагүй бэлгэдлийг бодож үйлчилсэн бус уу. Эцэс сүүлдээ мөнгөө нэхээд очихоор намынхан нь Ч.Батбаяртай гэрээлсэн бол мөнгөө олоход хэцүү шүү гэхчилэн доог хийсэн сурагтай. Та нөхдийн хувьд бэлд нөлөөлөх төгрөг биш санагдаж магадгүй ч шар нар бор хоногийг аргацааж буй дундаж давхаргынханд их мөнгө гэдгийг санахад гэмгүй байх.
Улс орны хөгжил, иргэдийн аж амьдралыг сайжруулна гэж зурагтаар хошгоруулж суухаар УИХ-ын гишүүн С.Оюун та намынхаа нөхдийн ууж идсэн юмных нь тооцоог эцэслээд сурчихвал яасан юм бэ. Ресторан пабыг ч бас энгийн Монгол иргэн, та нарыхаар бол сонгогчид ажиллууладаг юм шүү дээ.
ИЗНН буюу Иргэний Зориг Ногоон нам байгуулагдснаасаа хойш хэзээ ч иргэний зоригтой байж үзээгүй юм. Намын тодорхой үзэл бодол байхгүй урваж, хөрвөх маягаар кноп дарж түүнийх нь хариуд намынх цөөн хэдэн төлөөл гишүүний суудлаасаа зүүгдэж байдаг байж энэмэтчилэн иргэдийнхээ шүүсийг чимээгүй аргаар шимэгчилж сормооргүй байна, ИЗНН-хаан.
Ж.ЭРДЭНЭ
URL: