Ганц мандаттай хоёр аймгийн гол өрсөлдөөн
Хоёр аймаг нийлсэн ч дундаа ганцхан мандаттай УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог байх. Энэ бол Дорноговь, Говьсүмбэр аймаг юм. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан энэ хоёр аймгийг нэгтгэн өнгөрсөн сонгуулиар нэг тойрог болгож, мандатын тоог ч ганц болсон юм.
Энэ жил ч тойргийн дугаар, мандатын тоо өөрчлөгдөөгүй. Энэ тойргийг одоогоор УИХ-ын гишүүн Ж.Батсуурь төлөөлж парламентад сууж байна. Тэрээр хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд энэ жил дахиж нэр дэвшихээр горилж байгаа юм билээ.
Тэрээр МАН-ын гишүүн бөгөөд түүнтэй хамт “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан гэх эрхэм энэ тойрогт нэр дэвших эрх олж авахаар зүтгэж байгаа гэнэ. Дорноговийн МАН-ын дотор энэ хоёроос өөр хүчтэй өрсөлдөгч байхгүй. Гэхдээ “Алтай холдинг” компанийн дэд ерөнхийлөгч О.Одбаярын нэр ч дуулддаг юм.Харин АН-аас бол аймгийн Засаг дарга П.Ганхуягийн нэр л явна. Олон жил Засаг даргаар ажиллаж буй түүнд энэ удаад боломж олдож магадгүй л юм. Тус намаас энэ тойрогт үзчих хүн П.Ганхуягаас өөр алга.
МАХН-ын тухайд 2012 оны сонгуулиар уг тойрогт нэр дэвшиж байсан, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч асан Ч.Чимидсүрэн дахиж өрсөлдөх сурагтай. Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх бас Дорноговь, Говьсүмбэрт очдог гэлцэнэ.2008 онд энэ тойрог хоёр мандаттай байхад Батсуурь нэртэй хоёр гишүүнтэй байсан юм. Нэг нь МАН-ын Ж.Батсуурь, нөгөөх нь АН-ын Я.Батсуурь. Харин 2012 оны сонгуулиар Ж.Батсуурь нь гарч нөгөөх нь үлдэж байлаа.
Харин 2012 оны сонгуулиар хоёр Батсуурийн тойрогт тэдэнтэй хамт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Ч.Чимидсүрэн, Иргэний зориг-Ногоон намаас Д.Батдэлгэр, Монголын ногоон намаас Ц.Батзул, Гуравдагч хүчин эвслээс Х.Чулуунбаатар, Иргэний хөдөлгөөний намаас Г.Батгэрэл, Хөгжлийн хөтөлбөрийн намаас Б.Буяннэмэх болон Б.Пүрэвсүрэн бие даан нэр дэвшсэн юм. 50 мянга орчим сонгогчтой энэ тойргоос Ж.Батсуурь, Я.Батсуурь, Ч.Чимидсүрэн нар өндөр санал авч эхний гуравт бичигдэж байв. Харин энэ удаагийн сонгуулиар үр дүн нь хэр өөрчлөгдөхийг таашгүй. Гол өрсөлдөгч намуудын нэр дэвшигчдээс АН-ынхан л Я.Батсууриа Засаг дарга П.Ганхуягаар солих магадлал нэлээд өндөр байна. МАН-ын хувьд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан хоёрын нэгийг сойх биз.
М.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: