Эрүүл мэндийн боловсрол-Эрүүл байхын үндэс
Эрүүл мэнд гэдэг нь хүн бүхний хүслэн төдийгүй, эрүүл саруул байх нь иргэн хүний нэг үндсэн эрх бөгөөд хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн турш нийгмийн чухал зорилтуудын нэгэн байсаар ирсэн түүхтэй. Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээл гаргах чадвартай, амьдрал буюу аж байдал нь хүрэлцээтэй, сэтгэл санааны амгалан тайван, сайн сайхан байхын чухал хэрэгцээ юм. ДЭМБ “Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл мөн” гэж томъёолсон байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн асуудлыг зөвхөн бие бялдрын хувьд эрүүл, өвчин эмгэггүй байхаас илүү өргөн хүрээнд цогцоор нь авч үздэг.
Олон улсын түвшинд хийсэн нэгэн судалгаагаар, хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлдэг хүчин зүйлсийг эерэг болон сөрөг аль ч утгаар нь 100 хувь гэж үзвэл, гадаад орчны хүчин зүйлс 20-25%, удамшлын буюу дотоод хүчин зүйлс 50-55%, эрүүлийг хамгаалахын буюу эмнэлэгийн хүчийн зүйлс 20-25% тус тус хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэсэн байдаг. Эндээс харахад, хүний эрүүл мэндийн асуудалд гадаад орчин, амьдралын хэв маяг буюу бидний ухамсар, мэдлэгээс хамааран өвчин тусахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж болох хүчин зүйл нь 75%-ийг эзлэж байна. Харин өвчин удамших, өвчилсөн хойноо эмнэлэгээс шалтгаалах хүчин зүйл нь дөнгөж 25% байна. Тэгэхээр, хэрэв бид хичээвэл 75% өөрсдийгөө эрүүл байлгах боломж бидний гарт байна гэсэн үг юм. Иймд эрүүл мэндийн боловсрол зайлшгүй шаардлагатай.
Эрүүл мэндийн боловсрол нь ард иргэдэд орчны эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, сэтгэл, оюун санаа, бие бялдрын эрүүл мэндийн мэдлэгийг олгож, хувь хүмүүст эрүүл мэндээ хэрхэн дэмжих, хадгалах, засах арга барилд сурах зарчмыг суулгаж өгдөг. Аливаа улс орны эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэнд юм. Нийгмийн эрүүл мэндийн чиг хандлагыг түүхчлэн авч үзвэл арван есдүгээр зууны сүүл үеээс хорьдугаар зууны дунд хүртэл халдварт өвчний хор хөнөөлийг хянах, 1950-1990 онуудад өвчнөөс урьдчилан сэргийлэх замаар эрүүл мэндийг дэмжихэд чиглэгдэж байсан бол өнөө үед эрүүл мэндийн соён гэгээрүүлэх ажлыг тэргүүнд тавьж эрүүл мэндийн боловсрол олгогчдын үүрэг рольд ач холбогдол өгөх болсон. Эрүүл мэндийн боловсрол олгох үйл хэрэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд ялангуяа бүх шатны боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, үүрэг, хариуцлага чухал юм. 1990 оны эхэн үеэс улс орнууд сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөрийг “Сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээ, сургуулийн эрүүл мэндийн боловсрол,сургуулийн эрүүл мэндийн орчин” гэсэн 3 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжүүлж иржээ. Манай орны хувьд сургуулийн насны хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажлыг өсвөр үеийн эмч, сургуулийн эмч гэсэн албан ёсны орон тооны хүмүүс гүйцэтгэдэг гэх боловч ихэнх нь тэтгэвэрт гарсан эмч нар байна. Сургуулиуд хүүхдийн дунд зонхилон тохиолддог өвчнүүдийг оношлох нарийн мэргэжлийн эмч, тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, шүдний кабинет, шүдний эмч байхгүй байгаа нь амны хөндийн өвчлөл тэр дундаа шүд цоорох өвчин хүүхдүүдийн дунд 90 гаруй хувьтай байна. Сургуулийн эрүүл мэндийн орчин бүрдүүлэхэд хичээлийн байр танхимын тохижилт, халаалт, гэрэлтүүлэг, дотуур байр, хоол, үдийн цай, биеийн тамирын заал, талбай, бие засах газар зэрэгтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэсээр, хөрөнгө оруулсаар ирсэн гэх боловч зарим хувийн сургуулиудад биеийн тамирын заал ч байхгүй, улсын сургуулиуд нь гадна биеийн тамирын талбайгаа өөр зориулалтаар ашиглах буюу орон сууц баригдсан байх, хүүхдэд таатай гадна, дотно эрүүл ахуйн орчин төдийлөн бүрдээгүй, тавигдсан стандарт хангагдахгүй байгаа нь харамсалтай. Энэ байдал нь хүүхдийн бие бялдрын хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэмжих асуудал алдагдахад хүргэж байна. 15-24 насны залуучуудын дунд явуулсан бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын бараг 100% (97,9%) “С” буюу түүнээс доош үнэлгээ авсан байна.
Өнгөрсөн хугацаанд манай улсад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр олон ажил хийгдэж тодорхой үр дүнд хүрсэн гэх хэдий ч сургуулийн хичээлийн стандарт, ерөнхий хөтөлбөрт эрүүл мэндийн боловсрол, амьдралын арга ухаанд суралцах хичээл суугдаагүй байна. Хүүхдэд амьдралын ухаан суулгах оюуны өргөө болсон сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгох, амьдрах ухаанд сургах хичээлүүд хавсрага хэлбэрээр явж болохгүй юм.
Улс орнуудын жишиг дээрээс харахад эрүүл мэнд, амьдралын ухаанд суралцах хичээлүүдийг үндсэн хичээлийн хөтөлбөрт суулгахаас гадна, суургууль өөрсдөө хөтөлбөрөө зохион гаргадаг бөгөөд, суурь хичээл, сонгон суралцах хичээл хэлбэрээр хичээлээс гадуур суралцах боломжийг давхар олгодог. Жишээ нь АНУ-д долоо хоногт доод тал нь 150 минутын эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын арга ухаанд суралцуулах хичээлүүдийг үндсэн хичээлийн хөтөлбөрт оруулан заадаг байна. Ахлах ангид 3,75 кредитийг жил болгон эрүүл мэндийн хичээл дээр авч байж дипломаа авах эрх нь нээгддэг. Манай хойд хөрш болох ОХУ-д биеийн тамир болон амьдралын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг олгох хичээлүүдийг үндсэн хөтөлбөрийн заавал орох хичээлүүдийн тоонд оруулдаг байна. Өмнөд хөрш болох БНХАУ-д эрүүл мэндийн хичээл нь 18 цаг заавал орохоор хөтөлбөрт суусан байдаг байна. Хүн амд эрүүл мэндийн боловсролыг бага ангиас эхлэн хүүхдийн нас, түвшинд нь тохируулан тусгайлан бэлдсэн орон тооны багшаар эрүүл мэндийн хичээлийг бүтэн цагаар заах арга хэмжээ авах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл байх эрмэлзлийг ард иргэдэд төлөвшүүлэхэд албан байгууллага, аж ахуйн нэгж, хүн бүр оролцох үүрэгтэйг ойлгуулах, бүх шатны боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллахыг уриалах хэрэгтэй байна. Мөн өрхийн эмнэлэгүүд эрүүл мэндийн боловсрол, өвчний талаархи мэдээлэлийг ард иргэдэд зүй зохистойгоор төдийлөн өгч чадахгүй байгаад учир байна. Дэлхийн олон орны туршлагаас харахад амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролыг сургуулиар дамжуулан олгох нь хамгийн оновчтой, зардал багатай арга зам гэдэг нь тодорхой болсон учраас зөвхөн мэдээлэл олгох бус эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хандлагыг өөрчлөхөд илүү анхаарах болсон. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн 25-аас доошгүй хувийг эрүүл мэнд, амьдралын арга ухаанд суралцах хичээлд зориулдаг дэлхий нийтийн практик байна. Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь хүн ардаа өвчилсөн хойно нь эмчилснээс эдийн засгийн асар их хэмнэлттэй, илүү үр дүнтэй учраас сургуулийн хөтөлбөрөөр дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгохын чухлыг аль хэдийнээ олон орон хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэдий чинээ бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгож, зөв мэдээллээр хангаж, амьдралын зөв хэв маягт оруулна төдий чинээн чанартай амьдралын эхлэлийг эрт тавьж өгөх юм. Тэгэхлээр эрүүл мэндийн боловсрол нь эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх болон хувь хүний, олон нийтийн эрүүл мэндэд ач тустай, амьдрах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, мэдээлэл харилцааны зарим хэлбэрт тулгуурласан, суралцах боломжийг олгох гэгээлэг, хүмүүнлэг, ухамсарын өндөр түвшний үйл ажиллагаа юм.
Өсвөр хойч үе маань эрүүл саруул байж гэмээн улс орон хөгжиж, даяаршлын эрин үед Монгол үндэстэн хүчирхэгжин бэхжих болно. Тийм болохоор эрүүл мэндийн боловсролын асуудал улс орны тогтвортой хөгжлийн асуудалтай шууд холбоотой, харилцан хамааралтай нэн чухал асуудал юм.
Хүн бүр эрүүл мэндийн мэдлэгтэй байж цаашид өөрийн хариуцлагын түвшинг дээшлүүлж, амьдралынхаа төлөвлөгөөг ухамсартайгаар төлөвлөж Эх орныхоо хөгжлийн бүтээн байгуулалтанд хувь нэмрээ бодитой оруулах боломжтой юм. Иймд манай улсын боловсролын хөтөлбөр, үндэсний стандартыг эргэн харж олон улсын жишигт нийцүүлэх нэн шаардлагатай байна. Иргэн эрүүл бол, айл гэр бүр аз жаргалтай байж улмаар улс орон хөгжин дэвшинэ.
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан анх удаа Монгол улсад зохион байгуулах гэж буй Соц-Интерний Эмэгтэйчүүдийн байгууллагын Азийн бүсийн хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд эрүүд мэндийн боловсролын асуудлыг боловсролын асуудлын чухал хэсэг болгон тавьж улс орнуудын туршлага солилцох боломж олдох юм.
Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ene buzariin huuhniig Uls turd gargahgui bh heregtei. Usvur nasnii ohiduudad vast sin nertei hor oruulj irj biznes hiij yaj zurhelev.