Орос ба террористууд Туркийн эдийн засгийг тамирдуулж байна

z12378496QStambul-Hagia-SophiaТуркийн аялал жуулчлалын салбар мэдэгдэхүйц хүнд байдалд орлоо. Учир нь амиа золиослогч террористуудын довтолгоон, Кремльтэй харилцаа муудсан, Оросын дунд ангийнхны орлого муудсан зэрэг нь энэ байдалд нөлөөлж буй хэрэг. Мэдээж энэ нь нийт эдийн засагт ч бас нөлөөлж байна гэсэн үг. Энэ оны хувьд хоёр дахь том террор хийгдсэний дараа хувийн бизнесийн салбарынхан хамгийн тавгүй сэтгэгдэлтэй байгаа.

“Одоо Туркт бизнесийн тухай ярих хэрэггүй болсон. Бүгд л нервтэж байна” гэж жуулчдын очих дуртай Дундад зууны Галет цамхгийн ойролцоо байрлах хувцасны дэлгүүрийн ажилтнуудын нэг ярьж байна.

Цаашид байдал улам муудах болно гэсэн бодол, санаа улам газар авах боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сард алан хядагчдын нэг Цэнхэр сүмийн ойролцоо алан хядах үйл ажиллагаа хийсэн билээ. Тухайн үед Германы 12 иргэн амиа алдсан. Уг нь Туркт Германаас хамгийн олон тооны жуулчин очдог.  Энэ нь ойролцоогоор найман тэрбум доллар “очихгүй” гэсэн үг. Тэр ч утгаараа шинжээчид 2016 онд Туркийн аялал жуулчлалын салбарын орлого дөрөв дахин унана гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Өнгөрсөн онд Туркт жуулчлагчдын ерөнхий урсгал 1.6 хувь гэсэн даруухан тоогоор унажээ. Жуулчлалын улирлын оргил нь 5-10 дугаар сар бөгөөд энэ хугацаанд  тус улс жуулчны орлогынхоо 70 хувийг олдог. Хэрвээ энэ жилээс германчууд амралтаа Туркаас өөр газар өнгөрөөлөө гэхэд тухайн салбарын гол урсгалыг бүрдүүлэгчдийн нэг оросууд эдийн засгийн хямрал, Оросын онгоцыг сөнөөсний улмаас үүссэн улс төрийн хурцадмал байдлаас болж Туркийг зорихоо больчихоод байгаа юм.

Уг нь баян орнуудын жуулчид бусдаас илүү мөнгө зарцуулдаг. Гэтэл тэдэнд тус улсын аюулгүй албаны тааруу ажиллагааны улмаас элдэв хэрэг гарна гэх айдас илүү байдаг. Тиймээс ч “Oyak Investment” компанийн эдийн засагч Мехмет Бесимоглу “Улс орны аюулгүй байдлын асуудлууд нь жуулчлалын урсгалаас орох орлогод ихээхэн нөлөөлдөг. Баян жуулчид өөрийн төлөвлөгөөгөө өөрчлөх боломжтой” гэж тайлбарлаж байгаа юм.

Германы жуулчлалын “TUI” компани Туркт амрах зуны улирлын захиалга 40 хувиар унасан тухай мэдээлж байна. Британийн “Thomas Cook” компани өөрийн үйлчлүүлэгчдээ Испани, АНУ, Кубад амрахыг илүүд үзэх болсон гэлээ. Үйлчлүүлэгч нараас нь цөөн тооны хүн л Туркт амрахаас буцахгүй байгаа ажээ.

Он гарсаар амиа золиослогчид Туркт дөрвөн удаа халдлага хийсэн бөгөөд нийт 80 гаруй хүн амь үрэгдээд байгаа. Халдлагын хэргийн буруутан гэгдэх Курдын Ажилчны намынхан тэдний хоёрыг нь жуулчид бага очдог Анкара хотод үйлдсэн билээ. “Исламын улс” гэх террорист байгууллагынхан өнгөрсөн онд 180 хүний аминд хүрсэн аллагуудыг үйлдсэн байлаа. Хэдийгээр, эдгээр хэргүүд жуулчин цөөн очдог Анкара ба Сирийн хилийн ойролцоо үйлдэгдсэн ч 800 тэрбум долларын эдийн засгийнхаа 4.5 хувийг эзэлдэг Туркийн аялал жуулчлалын салбарт хүнд тусч байна. Өнгөрсөн онд итали жуулчдын урсгал 27, Японых 40 хувиар тус тус буурсан.

Жуулчлалын салбарын эдийн засагт үзүүлэх хохирол улам ч их байж магадгүй хэмээн зарим эдийн засагч үзэж байна. “Хэрэв халдлага үргэлжилсээр байвал эдийн засгийн өсөлтийн хувийг нэг пунктаар буулгаж болно” хэмээн “Is Invest” компанийн эдийн засагч Муаммар Комурсуоглу мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хувьд энэ бүхэн тийм ч тааламжтай мэдээ биш юм. Эрдоган аюулгүйн систем нь доголдолтой байгаа ч, эдийн засгаа дэвшилттэй гэж үздэг. Ерөнхий сайд Ахмет Давутоглу жуулчлалын салбарт  яаралтай тусламж үзүүлэн 255 сая лирийн ($87 сая доллар) баталгаа гаргаж буйгаа зарласан. Харин энэ тусламж тухайн салбарт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа юм. Турк одоо орос  жуулчдад найдах хэрэггүй болсон. Учир нь Оросын дунд ангийнхан экспортын гол орлого болсон нефтийн үнэ хямдарснаас болж хэлмэгдээд байгаа. Түүнчлэн Украины хэрэг явдалтай холбоотойгоор Орост тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь мөн л дунд давхаргынхны орлогыг унагасаар байна.

Үүний улмаас орос валют унаж, баярын үеэр Туркт амрах нь хамаагүй үнэтэй санагдах болжээ. Хоёр жилийн өмнө нэг турк лир 15 рубльтай тэнцэж байсан бол одоо 24 рубль болж өссөн. Бас Москва, Анкара хоорондын хагаралтай байгаа. Оросын онгоцыг сөнөөснөөс болж ерөнхийлөгч Владимир Путин Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, түүндээ чартерийн нислэг хийхийг ч хориглосон.  Энэ хориг арга хэмжээнд жуулчны салбар хамгийн ихээр нэрвэгдэж байгааг Европын Шинэчлэл, хөгжлийн банк тэмдэглэжээ. Өнгөрсөн онд Оросын жуулчдын тоо сая хүнээр буурч 3.6 сая болсон. Энэ онд байдал нь улам муудах хандлагатай. Тэдний урсгал бараг сая орчим хүн байх болов уу гэсэн таамаглал байна.

 

 

POLITIK

 


URL:

Сэтгэгдэл бичих