Л.Батжил: 75-р тогтоолыг цуцлуулахаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдэд хандаад байгаа

12063377_895163207224840_3022433370207668665_n

2015 оны 07-р сарын 09-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75-р тогтоол гарсан. Энэ нь нутгийн оршин суугчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс нутгийн иргэд “Халх гол миний нутаг” ТББ байгуулан өмгөөлөгч Г.Батбаяртай хамтран ажиллаж байгаа.

Тэгвэл өнөөдөр Халх гол сумын өнөөгийн байдал ямар байгаа талаар бид “Халх гол миний нутаг” ТББ-ын тэргүүн Л.Батжилтай ярилцлаа.

- Р.Бурмаа сайд Халх голчууд чөлөөт бүсийг дэмжиж байна гэж ярьсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

- УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй байнгын хороон дээр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Халх голын чөлөөт бүсийг Халх голчууд дэмжиж байгаа талаар ярьсан. Энэ нь бол Халх голчууд Р.Бурмаа сайдтай зөвшилцөөд энэ саналыг дэмжиж байгаа юм биш ээ.

Халх голчуудын санаа зорилго нь юу юм бэ? Их хурлын 75-р тогтоолыг хамгийн түрүүнд цуцлах хүсэлтэй байгаа.

- Тэгвэл Р.Бурмаа сайд Халх голчуудтай ярилцаагүй гэсэн үг үү?

- Р.Бурмаа сайд Халх гол нутгийн иргэдтэй огт ярилцаагүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар эрх ашгийг нь хөндөж, хүч түрэмгийлэн энэхүү ажлыг эхлүүлнэ гэвэл Халх голчууд хэзээд эсэргүүцэх болно. Энэ нь өөрөө ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй ард түмнээс тасарсан шийдвэр.

- Чөлөөт бүсийг 500 000 га газарт байгууллаа гэхэд хорио цээрийн бүс, эрчимжсэн мал аж ахуй хаана байх нь тодорхойгүй байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Зөвхөн 26 мянган га газрын хил орчимд Баянхошууний боомтоос 5,6 км 26 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгож байгаа гэсэн. Энэ газар дээр мал хашаалж, бордох үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм. Үүнээс 470 мянган га газар нь яах вэ? Тэнд юу хийх нь тодорхой биш байгаа. Халх гол сумын иргэдийн 25 000 мал бүгд тэнд өвөлжиж, хаваржиж, зуншиж байдаг эд нар яах вэ? Малчид яах бол? мал яах бол? Энэ асуудлууд бүгд тодорхой биш байгаа юм. Тэгээд тэнд малыг бордоод 250 мянган төгрөгөөр өгнө гэсэн юм яриад байгаа. Одоо ч Халх голд эр хонь 250 мянга хүрдэг шдээ. Ер нь бол Халх гол зээр гөрөөсний эх нутаг учраас зээрээр, бэлчээрээр дамжиж янз бүрийн малын өвчин тархаж байдаг. Бүх малчдын малыг хашаалж, бордох боломжгүй.

- Хөшөө дурсгал бүхий түүхэн дурсгалт газрууд чөлөөт бүсийн 500 000 га газарт орсон уу?

- Улсын хил, хөшөө дурсгалын наад талаар чөлөөт бүсийн 500 000 га газрын гортигийг татсан байгаа. Ингэхээр яах вэ гэхээр тэнд Монголчуудын үеийн үед шүтэж, тахиж ирсэн найман аюулаас аврагч “Жанрайсаг бурхан”-даа мөргөх хүмүүс мөн Зөвлөлт Монголын дайчдын хөшөө дурсгалыг үзэж сонирхож тэднээрээ бахархах, эмгэнэл илэрхийлж, цэцэг тавих хүмүүс чөлөөт бүсээр дамжиж орох учраас виз авч нэвтрэх болчихож байгаа юм.

- Газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулсан зүйл байж болзошгүй талаар та бүхэн ярьж байгаа. Үүнийг тодруулбал?

- Газар нутгийн бүрэн бүтэн байдал бол Үндэсний аюулгүй байдлын тулгуур, үнэт зүйл, улс оршин тогтнохыг гол үндэс юм. Тэгтэл УИХ-ын 2015 оны 07-р сарын 09-ны өдрийн ХАА-н чөлөөт бүс байгуулах 75 тогтоол нь Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, эх орон, ард түмний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, Дорнод аймгийн Халхгол суманд 500 000 га газрыг чөлөөт бүсийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1, 5-р зүйлийн 5.1 дэхь хэсгийг зөрчин нэг талд давуу эрхтэйгээр ил тод өрсөлдөөнтэй сонгох шалгаруулах зарчмыг зөрчин баталсан нь Монгол улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэхэд хүрч байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3-р зүйлийн 3.1, 3.2, 3.3, 3.4 дэхь заалтуудад хамрагдах асуудал байх тул чөлөөт бүс болгохдоо ҮАБЗ-өөс дүгнэлт гаргуулсан байхыг шаарддаг.

- Нэг хэсэг яагаад нам гүм байв? Анхаарал өөр тийшээ сарниулж байгаад чөлөөт бүс байгуулах гэж байна гэсэн хардлага олон хүнд төрж байгаа?

- Энэ өнгөрсөн хугацаанд нам гүм болсон мэт харагдаж байгаа боловч ХХАА-н сайдаар ахлуулсан ажлын хэсэг хэзээ ч нам гүм байгаагүй.

Нэгдүгээрт: Халх голын 500 000 га газарт чөлөөт бүсын төсөл, төлөвлөгөөгөө боловсруулсаар байна. Энийгээ уг нь 75-р тогтоол батлагдахаас өмнө хийх ёстой байсан. Батлагдсаны дараа энэ төсөв төлөвлөгөөнүүдээ араас нь хийж явна. Гурван удаа ХХААЯ-аас Халх гол Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн талаар эрдэмтэд, малчид, тариаланчдын зөвлөгөөн нэртэй хурал хийсэн. Тус хурал дээр 500 000 га газрын чөлөөт бүсийг ямар нэгэн тооцоо судалгаагүй, яаран сандран, маш их хүч түрж баталсанд хөдөө аж ахуйн эрдэмтэд, тариалагчид, малчид, иргэний нийгмийн байгууллагууд удаа дараа эсэргүүцэж байсан.

Хоёрдугаарт: Монгол улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ц.Элбэгдоржид, Улсын их хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарт хандаж Халх гол суманд 500 000 га газарт чөлөөт бүс байгуулахыг цуцлуулах талаар хандсан.

Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар тус тусдаа хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс байгуулах тухай 75-р тогтоолыг цуцлуулах тогтоолын төсөл өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг 2016 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталж өгөхийг Халх гол сумын, Дорнод аймгийн нийт иргэд хүсэн хүлээж байгаа.

- Халх голд Чөлөөт бүс байгуулагдсанаар ХХАА-н сайд Р.Бурмаа сангийн аж ахуй бэлгэнд авсан гэж байсан гэдэг. Уг САА нь “КОЙКА” гэх байгууллагатай холбоотой гэж яригддаг юм билээ. Энэ талаар тайлбар өгөөч?

- КОЙКА гээд Солонгос байгууллага 2005 оноос хойш 200 га газарт хөдөө аж ахуйн эрчимжсэн загварын аж ахуй бий болгож туршилтын журмаар ажиллуулж байгаа. Энэ ажиллагааны туршилтын хугацаа дуусаад Монгол улсад хүлээлгэж өгөх байх. Р.Бурмаа мөн түүний дүү авсан талаар Халх гол даяар яриа гарсан гэсэн. Одоохондоо тэрийг Р.Бурмаа авчихсан дүүдээ өгчихсөн гэсэн баримт байхгүй.

- Хэрвээ чөлөөт бүс байгуулахгүй бол олборлолт явуулна, газрыг чинь танай сумын засаг дарга зарсан, үрсэн гэсэн агуулга бүхий мэдээллийг Р.Бурмаа сайд өгч байсан. Харин сумын ИТХ-ын дарга В.Мөнхтайван өөр зүйл хэлж байсан. Тухайн бүс нутгат газар зарж үрсэн үү? Эсвэл Петро чайна дачин тамсаг олборлолт явуулах гэж байна уу?

- Гадаадын компанид газар зарж байна гэдгийг Р.Бурмаа сайд хэлсэн. Монгол улсын Газрын тухай хуулиар гадаадын компанид газрыг зардаггүй, харин эзэмшүүлж, ашиглуулдаг. Хэрвээ тэр хүмүүс зарсан бол Монголын улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

- Халх гол сумын удирдлагууд огцорч АТГ-т шалгагдаж байгаа гэсэн?

- Нутгийн удирдлага байсан гурван хүнийг АТГ-аас шалгаж байгаа. Халх гол сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар огцорсон. Одоо АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэм буруутай юу үгүй юу гэдгийг АТГ болон шүүхийн байгууллагаас тогтоох болно.

- Халх голын онцлогоос дурьдвал?

- Халх голын иргэд ажиллаж, амьдрангаа эх орноо давхар манаж хамгаалж ирсэн онцлогтой ард түмэн. Халх гол сум нь 1939 оны дайны хөлөөс холдон одоогийн Хөлөнбуйр сум руу нүүж ирсэн. 1950-иад оны дундуур байгалын давагдашгүй хүчин зүйлээс малаа аврахын тулд Дорнод аймаг руу нүүсэн. 1990-ээд онд Халх гол сум татан буугдаж зах зээлийн хүнд үе бий болсон учраас Улаанбаатар хот руу “их нүүдэл” хийж байсан. Түүхэндээ гурван удаа нүүсэн дайны утаа үнэрлэсэн, хүнд хэцүүг даван туулах чадвартай, эх оронч сэтгэлгээтэй нутгаа боддог хүмүүс тэнд үлдсэн юм.

- Халх голчууд энэ эсэргүүцэл, тэмцлээ зогсоохгүй гэсэн. Цаашдаа энэ үйл ажиллагаагаа хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ?

- Тэмцэл гэхээр л гудамжинд гараад, жагсаад, өлсөөд байхын нэр биш л дээ. 75-р тогтоолыг УИХ баталсан учраас цуцлах эрх нь зөвхөн тэдэнд байгаа. Тодруулбал УИХ-д эрх мэдэл нь байгаа учраас тэд энэ шийдвэрийг цуцлах ёстой. Тиймээс УИХ-ын гишүүд намын бүлгүүдэд түлхүү хандаж ажиллаж байгаа. Энэ нь үл гүйцэлдүүлэх арга биш хамгийн зөв арга учраас энэ тэмцлыг бид зогсоохгүй. Бас 500 000 га газрыг цуцалтал хуулийн хүрээнд хамгийн боломжтой бүх аргуудыг бид хэрэглэнэ.

75-р тогтоол батлагдсанаас хойш Халх голын иргэд маш их сэтгэл санааны хямралд орж их бухимдалтай байгаа. Гэхдээ Халх голын иргэд маш хатуужилтай, эрэлхэг, зоригтой ард түмэн. Тэд нутгаа авч үлдэхийн тулд алт, мөнгөнд худалдагдахгүй, эр зориг нь мохохгүй тэмцсээр байх болно.

 

Дорнод аймгийн Халх гол суманд чөлөөт бүс байгуулахтай холбоотойгоор шүүхийн шатанд дөрвөн маргаан хэлэлцэгдэж байгаа. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулга авсан.

- Халх гол суманд чөлөөт бүс байгуулахтай холбоотойгоор хууль, шүүхийн байгууллагад дөрвөн төрлийн маргаан хэлэлцэгдэж байгаа. Тэдгээрийг тус бүрт нь тодруулбал?

- Иргэний хэргийн шүүхэд 75-р тогтоолыг баталсан хуулийн төслийг хүчин төгөлдөр болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай маргаан явж байгаа.

Үндсэн хуулийн цэцэд 2015 оны есдүгээр сарын эхээр өгсөн асуудлууд бол шийдэгдсэн. Давж заалдсан мөн шийдсэн. Энэ бол УИХ-д ая тал зассан байдалтайгаар мэдээг өгсөн. Юу гэсэн үг вэ? гэхээр Үндсэн хуулийн тэд тэд дүгээр заалтуудыг зөрчсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Энэ асуудлыг шүүхийн маргаанаар шийдэж өгнө үү гэж өгчихөөд байхад тухайн этгээдүүд. “Энэ бол УИХ бүрэн эрхийн асуудал юм байна” гэдэг байдлаар хариу өгөөд байсан. Тэгээд бид дахин давж заалдсан. Тэгэхэд Д.Солонго тэргүүтэй шүүгчид мөн адил “Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас бид нар маргаан үүсгэж, хянаж чадахгүй байна” гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр Үндсэн хуулийн цэцэд хуулийн мэдлэггүй, чадваргүй гишүүд суучихсан ч юм уу? гэсэн эргэлзээ төрүүлж байна. Сүүлийн үед үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал, Үндсэн хуулийн цэцийн хоорондын маргаан зэргээс аваад үзэх юм бол ер нь ҮХЦ-д хандаад энэ асуудлаарахицтай, амжилттай зүйл олохгүй юм байна гэдэг нь тодорхой болсон.Саяхан Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг сандлаас нь буулгасан болохоор ҮХЦ-ийн гишүүд айдастай болсон гэхэд хэлсдэхгүй байна. Ийм учраас бид иргэний шүүхэд хандаж тухайн тогтоолыг батлах гол үндэслэл болсон төслийг хүчингүй болгож өгнө үү? Гэж хандсан байгаа.

Р.Бурмаа сайдтай нэр төр, алдар хүндийн маргаан явагдсан. Р.Бурмаа сайд 2015 оны 11-р сард намайг нэр төр алдар хүндэд халдан гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Би сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс иргэнийхээ нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон юм байна гэж Р.Бурмаа гишүүний гэм буруутайг тогтоосон. Давж заалдах шатны шүүхээр нотлогдсон. Дээд шатны шүүхэд энэ хэвээр батлагдах юм бол энэ гарсан шүүхийн шийдвэрээ бариад тухайн этгээдийг УИХ-аас эргүүлэн татахаар явж болж болно. Гэтэл үүнд ямар нэгэн хариуцлага тооцох тухай ярих гэхээр одоо угаасаа бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байна эрх зүйн бүрэн чадамжгүй байгаа болж байгаа УИХ-ын гишүүнийг өгсөнөөр бол ямар нэгэн нааштай үр дүн гарахгүй, үр дагавар үүсэхгүй болчихно.

Мөн сая хүйтэн сэрүүн уур амьсгал орсон. Ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Улс төрийн үүсээд байгаа нөхцөл байдалтайгаа холбоотойгоор энэ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Засгийн газар энэ тухай асуудлаа хэрэгжүүлэх гэж яарахаа больсон. Гэхдээ удахгүй дөрөвдүгээр сар гарах гэж байна Засгийн газраас энэ ажлыг хэрэгжүүлэх гэж яарах байх. Гэхдээ энэ бол Засгийн газар болон ямарваа нэгэн эрх баригч хүчний нэр хүндийг унагасан, аль нэг талд ашиггүй нөхцөл байдал үүсэх учраас энэ ажлыг сонгуулиас өмнө ямар нэгэн байдлаар хэрэгжүүлэх гэж явахгүй. Сонгуулийн дараа гарсан шинэ Засгийн газар бол хэрэгжүүлэх гэж явж болзошгүй. Эх оронч болон алсын хараатай гишүүдээр шинэ парламент эвлэлдэн байгуулагдах юм бол энэ 75-р тогтоолыг хүчин төгөлдөр болгох эрх нь үүснэ. Тийм учраас ийм л нөхцөл байдал үүсэх болов уу? гэж хараад байж байна. 75-р тогтоол хэвээр үлдэх үү? Эсвэл хүчин төгөлдөр болсонд тооцогдох уу? гэсэн асуудал бол шинэ парламентийн бүрэн эрхийн асуудал болж байна гэсэн үг.

 

О.Номин

А.Баярмаа https://www.dorgio.mn/post/45559

 


URL:

Сэтгэгдэл бичих