Монголчууд цацраг идэвхт бодис “ашиглан” мөнгө босгох таатай боломж олдлоо
Сонгуулийн өмнөх жил эдийн засгийн хямрал дэлхий дахинд нүүрлэж магадгүй нь. Харин манай улсын хувьд улстөрчдөд, нэн ялангуяа сонгуульд нэр дэвшигчид эдийн засгийн хямралд бүрэн утгаараа автаж сэтгэл нь хямарч байгаа.
Мэдээж улстөрийн уянгалаг лекцийг нийгэмтэйгээ хэрхэн уялдуулах, ямар чиглэлээр уншвал сонгогчдын саналыг авч болохыг мэддэг архаг хууччуулаас бусад нь шүү дээ. Бас элдэв ээмэг бөгж зүүж, даашинз өмсөхөөс бусдаар өөрийгөө чимсэн мэдээ мэдээлэл дүүргэсэн эрээн мяраан сэтгүүл, ухуулгын хуудас, лоозон уриа гээд тархи угаах материалыг хэдэн зуугаар нь хэвлүүлүүлчих хөрөнгөтэй нөхдүүдээс бусад нь.
Тэгвэл сонгуульд нэр дэвшихээр санаархаж байгаа хэдий ч санхүүгийн асуудалдаа толгой нь өвдөж байгаа “шинэхэн” улстөрчид болон Монголчууд бидэнд мөнгө босгох “сайхан” боломж олдлоо. Сүүлийн үед авто машины угаалгын төвүүд борооны дараах мөөг шиг олдож, бас манайхан зунжингаа Хатан Туулынхаа хөвөөнд хир буртаг, машин тэргээ угаагаад сурчихсан болоор ядах юмгүй. Бас сүүлийн үед төрөлт эрс нэмэгдэж аавууд маань хүүхдийнхээ давууг угаагаад сурчихсан болохоор бүүр ч боломжийн.
Саяхан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын харьяа “Материал импэкс”-ийн гаалийн хяналтын талбайд Японоос орж ирсэн 10 гаруй машинаас цацраг идэвхт бодис илэрсэн. Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Улаанбаатар хотын Гаалийн газартай хамтран гаалийн хяналтын бүсүүдэд Япон улсаас импортлож байгаа автомашин, сэлбэг хэрэгсэлд энэ оны наймдугаар сараас эхлэн цацрагийн хяналт, хэмжилтүүдийг хийж байгаагийн хүчинд үүнийг олж илрүүлсэн юм.
Цацраг идэвхт бодис илэрсэн найман машиныг тусгай газарт хадгалж онцгой байдлын газрын албан хаагчид ирж ариутгал хийхээс нааш хүн ойртуулахгүй байгаа гэнэ. Тодруулбал, тэдгээр машинуудаас цацраг идэвхт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин илүү буюу 1.0 хувийн цацраг идэвхт бодис илрээд байгаа юм билээ. Энэ талаар албаны эх сурвалж ч “Монголын хилээр орж ирсэн “Тоёото Карина”, сүүлийн үеийн загварын “Прусс”, “Марк II” зэрэг 10 гаруй машинд цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин илүү гарсан” хэмээн тухайн үед хэлж байсан ч хэдхэн хоногийн дараа зөвшөөрөгдөх хэмжээнээс бага болон хувирсан. Ёстой л хошин урлагийн жүжигчин Хүрлээгийн уншдаг “Эргэлзээ” шүлэг шиг. Албаны хүмүүс үнэн хэлээд ч байгаа юм шиг, худлаа хэлээд ч байгаа юм шиг. Бид цацраг идэвхт бодис бүхий машин унах ч юм шиг, үгүй ч юм шиг.
Албан тушаалтнуудын хэлж байгаагаар цацраг идэвхи бодис илэрсэн машины дугуй болон доод эд ангиас нь илэрсэн учраас гамшгийн бүсэд байгаагүй харин гамшиг болсон газрын зам дээгүүр нь явж байсан машин бололтой. Тэгээд ч гамш¬гийн бүс нутгаас буюу атомын цацрагт бодис алдагдсан газраас ямар нэгэн эд зүйлс гадагш нь гаргахыг хориглож байгаа гэнэ. Манай улсад гамшгийн бүсээс импортоор ирэхгүй байгаа хэмээн мэдээлэл хийжээ.
Харин өөр эх сурвалжийн хэлж байгаагаар манай улсын хилийн дээсийг хээв нэг давж байгаа автомашины ихэнх нь шавар шавхайтайгаа хутгалдаж “гамшиг” царайлсан байдаг гэнэ. Өнгөрсөн зургаан сараас хойш Япон улсаас ирж байгаа машинууд ямар нэгэн өө сэв байхгүй, үйлдвэрлээд удаагүй, бага километр явсан мөртлөө шавар шавхай болсон байдаг нь гамшгийн бүсээс ирсэн байх гэх хардлага төрүүлж байна. Бас мэдээллийн эх сурвалжаас харахад бичиг баримтыг нь өөр мужаас ирсэн болгож өөрчлөөд гамшиг болсон газраас хямд үнэтэй хилээр оруулж ирдэг гэж байгаа юм. Гэхдээ хаанаас оруулж ирж байгаа нь падгүй хэрэг. Манай гаалийнхан цацрагийн хэмжээг нь шалгаж байгаа учраас.
Тэгвэл манай улс хууль, журамд 0.5 хувиас доош хэмжээний цацрагт бодис илэрсэн тохиолдолд хилээр оруулж ирэх ёстой гэж заасан байдаг аж. Харин Япон улсаас ирсэн найман машинд 1.0 хувийн цацраг идэвхт бодис илрээд байгаа юм. Гэхдээ хүний биед ямар нэгэн нөлөө байхгүй. Усаар угаагаад л арилах хэмжээний бодис илэрсэн юм хэмээн холбогдох албаныхан хээв нэг өгүүлсэн байх юм. Үгүй тэгээд 1,0 хувийн цацраг идэвхт бодис усаар угаагаад арилчихдаг, аюулгүй болчихдог л юм бол юунд улс хууль, журамдаа 0.5 хувиас доош хэмжээний цацрагт бодис илэрсэн тохиолдолд хилээр оруулж ирэх ёстой гэж заагаад байдаг юм бол. Бас үнэхээр л усаар шүршиж, угаагаад хоргүй болчихдог юм бол Япон далайд хөвж яваа машины сэгнүүдийг бүгдийг нь шүүрдэж авъя. Хүн болгон л хямд төсөр үнээр сайн машин авахыг боддог. Тэгвэл Монголчуудын гарын ая, замын цоорхой, дэржигнүүрийг даах сайн чанарын Япон машиныг оруулж ирээд угааж зүлгээд унацгаая.
Гэхдээ хэдэн албан тушаалтнуудтай тооцоо бодсныхоо дараа ингэж найрлая. Дээр монгол улсын хууль, журам дүрэмд зааснаар Монгол улсын хилээр 0.5 хувиас доош хэмжээний цацрагт бодис илэрсэн тохиолдолд хилээр оруулж ирэх ёстой гэж заасан заалтыг зөрчиж 1.0 хувийн бохирдолттой машин хилээр оруулсан гаалийн ажилтнуудтай, бас үүнийг нь угаагаад арилчихна, зүгээр ээ Монголчуудаа хэмээн эрүүл амьдрах эрхийг нь үгүйсгэсэн нөхөртэй тооцоо бодъё.
Үүнийхээ дараа бид Япон далайгаас загасаа ч шүүрнэ үү, машинаа ч шүүрнэ үү дураараа дургицгаая. Бас дээр хэлсэнчлэн сонгуульд нэр дэвшигчид болон хэдэн хүүхдүүдээ тэжээх гэж хуруу хумсаа хугалан зүтгэж байгаа хэдэн борчуудаа ч Япон руу илгээе.
Эх орны дайны үед ч монголчуудад дарагдаж ялагдаж байсан, энэ цаг үед сумогийн дэвжээндээ ч ялагдаж байгаа Япончуудад ганц удаа өрөвч сэтгэл гарган тусалцгаая. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа энэ орны эрдэмтэд цөмийн хог хаягдлал болон цацраг идэвхт бодис бүхий эд зүйлс, хэдэн мянган автомашинаа алгын чинээхэн арлынхаа хаана нь багтааж булшлахаа мэдэхгүй байгаа юм. Энэ шүдний өвчин, нүдний шороо болсон зовлонтой асуудлыг нь шийдэж бүгдээрээ угаагаад өгчихье. Бас чамлахаагүй мөнгө ч босгоод авчихна. Тэд хүсвэл нөгөө гамшиг тариад байгаа “Фукушима” атомын цахилгаан станцыг нь далайн усаар зад угаагаад өгсөн ч яахав. Бидний халаас л зузаарна. Бас өнөө маргаашаа арай ядан өнгөрөөж шар наранд зүтгэж бор хоногт гэртээ ордог хэдэн борчуудаа байрны мөнгө, унах унаатай болгоё. Бас нэр дэвшигчид ч сонгуулийнхаа зардлыг олж аваг. Ингэвэл бид Оюутолгой, Тавантолгойгоос хувь хишиг хүртэнэ гэж 20 мянган төгрөгийн дараалалд зогсож дайн зарлахгүй, банкууд орлого хаагдлаа гэж огшихгүй, дээд боловсролын дипломтой ажилгүйчүүдийн эгнээ цэгцэрч амьдрал “Ok” болох юм биш үү. Монголчууд аа.
Ж.Хулан
URL: