Энэ хаврын хийрхэл Их тэнгэрээс эхлэв үү?
Уламжлалаар бол жил бүрийн хаврын улс төр, хийрхэл Төрийн ордны гадуур, Чингис хааны талбай хавиар өрнөдөг байлаа. Эрх баригч бус улс төрийн хүчнүүд УИХ-ын нээлтийг давхцуулан эсэргүүцэл, шаардлага, тулгалт, гомдлоо гаргах жагсаал, цуглаан, өлсгөлөн юу эсийг хийж ирсэн тэр уламжлал энэ жил 2 зүйлээр эвдэгдэв. Нэгд, эрх баригч гэх ангилалд шууд бичигдэх Ерөнхийлөгч бичил цуглаан хийв. Хоёрт, ИХ тэнгэрийн аманд нилээд зардал, чирэгдэлтэйгээр чамбай бэлтгэж, зохион байгуулалт, түгээлт сайтайгаар “хийрхэв”. Нийгмийн сүлжээний идэвхтнүүдтэй уулзана гэж зарласан энэ бичил цуглаан ганцхан илтгэгчтэй, түмэн дагагч долоогчтойгоор явагдаж өнгөрлөө.
Зорилго* агуулга нь “уригдаагүй” нийгмийн сүлжээний идэвхтнүүдэд илт байсан болоод очсонгүй юу, урьсангүй юу ямар ч байсан топ гарууд нь харагдсангүй. Ерөнхийлөгчийн зөвлөх гэгдэх О.Чулуунбилэг, дуучин Д.Болд, хэвлэлийн төлөөлөгч Л.Сайнбилэг нарын хүсэлт, гуйлга, шахаа зэргийг хүлээж авсан цөөн жижиг, дунд гарууд, ихэнх нь Улс төрд шинэ манлайлагч гэх ТВ шоуны туслах дүрд тоглогсод суудал дүүргэсэн харагдна. Үүнийг дурдахын учир нь тусгайлсан зорилго, зорилт тавьж итгэлт хүмүүсээрээ түгээлгэхийг хичээжээ гэдгийг тодруулах гээд байгаа юм.
За, ингээд цуглаан дээр яригдсан шальдар бульдар зүйлсийг орхиод гол агуулга, чиглэлийнх нь талаар задлан шинжих ажлаа эхэлцгээе. Илтгэгчийн эхний зорилго нь өөрийнх нь нэртэй холбоотой явган яриануудыг нам дарж, цэг тавих байжээ.
Асуулт: – Сонгуульд оролцохын тулд та МҮҮН-ээс санхүүжилт авсан юм уу, танай нам санхүүждэг юм уу?
Ц.Э – МҮҮН шашин гэдэгт эргэлздэг. Өөрийгөө шүтүүлэх арга үзэгдэлд дургүй. Гурван гол юм тэнд байна гэж би хардаг.
- Өөрийнхөө бодлыг цорын ганц зөв гэх
- Өөрийг нь шүүмжлэхийг хүлээж авдаггүй
- Бусдыг урхидах, тархи угаах.
Надад урилга ирсэн, хурлын нэр: Олон улсын энх тайван, цөмийн зэвсгээс татгалзах гэсэн байсан. Би энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болохоосоо өмнө оролцсон. Оролцох хүмүүст нь дэлхийн удирдагчдын нэрс бичигдсэн байсан. Тэнд очсон хүмүүсийг би буруутгамааргүй байна. Монголынхоо нэрийг гаргая гэдэг зорилгоор очсон байх, түүнгээс тархи толгой нь эргээд очсон гэж бодохгүй байна.
Тайлбар нэхсэн асуулт: Санхүүжилтийн тухай асуусан ч хариулт өгсөнгүй. Өөр агуулга руу шилжин бултжээ. Харин Өдрийн сонин дээр нийтлэгдсэн сурвалжлага дээр “одоо санхүү болон үзэл санааны ямар нэгэн холбоо байхгүй” гэх зэрэг зүйл ярьсан юм шигээр нэмэлт оруулсан байгаа нь бичлэгээ үзээд нөхсөн хэрэг байх. Цуглааны ориг бичлэг дээр бол алга. Ер нь монгол улс цөмийн зэвсэггүй учраас тийм хуралд очиж, байхгүй зүйлээсээ татгалзах шаардлага байгаагүй байж таараа. Тэр тусмаа Ерөнхийлөгч биш байсан юм бол эсгий хийх газар нохой хэрэггүй үлгэрээр юу хийж очсон байх вэ?
Асуулт: – Та яаж яваад Мүүнтэй холбогдсон юм бэ?
Ц.Э: – НҮБ-ын хурлын танхимд сүүлийн өдөр тэр өвгөн орж ирээд олон зүйл ярьсан. Түүний ярианд хүнийг уруу татаад байгаа зүйл байхгүй. Хоёр гурван удаагийн хуралд суусны дараа “Ер нь Мүүн гэж юу юм бэ гэж бодогдно”. Би Мүүнийг муу юм байна, дагаж дэмжээд байх зүйл биш юм байна гээд салсан. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч байхдаа Мүүнтэй уулзаагүй юм шүү. Өмнө нь уулзсан. Монголд ирээд байхад нь урилга өгсөн учраас очиж уулзсан. Тэгэхэд гар бариад “Гэрэлтсэн хацартай хүү байна” гээд миний хацарт хүрсэн. Миний дургүй хүрч байсан. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ? Мүүн бол гаж үзэгдэл. Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй. Цагийн чинь гарз”
Тайлбар нэхсэн асуулт: Яаж холбогдсон тухай асуултад яаж салсан тухай л хариулт өгчээ. Хариултын өгүүлбэр бүр өмнөхөө эсвэл ардахаа үгүйсгэн сөргөлдсөн утгатай. Энэ нь сэтгэл зүйчдийн тайлбараар бол ямар нэг зүйлийг нууж байна, худал хэлж байна гэсэн тэмдэг ажээ. Хариултаас Мүүнтэй нэг биш удаа нилээд дотно уулзсан гэсэн мэдээлэл цухалзаж байгааг харж болохоор байна. Сайн мэдэхгүй хүнийхээ хацар битгий хэл гарт хүрэхийг солонгосын соёлд цээрлэдэг. Нэг хачирхалтай зүйл нь бичлэгийг харахад Мүүн асан ямар нэг үг хэлээгүй инээгээд байгаа л харагдах бөгөөд “Гэрэлтсэн хацартай хүү байна” гэж хэлсэн бол англиар хэлсэн үү, солонгосоор уу гэсэн марзан асуулт эрхгүй төрнө. Мүүнтэй уулзаж явсан хүмүүсийн гэрчлэлээр бол англиар огт ярьдаггүй байсан гэх агаад тийм бол манай Ерөнхийлөгч солонгосоор ус цас болж таарч байх шиг. Бас “хацар гоо” нэгэн болох нь тодорч байх шиг байна. Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй гэдэг нь тушаал, зарлиг юм уу, хүсэлт юм уу? Одоо албан тушаалтнуудаар юу бодох, сэтгэхээ заалгах хүн олдох болов уу? Улс төрчид өөрсдийгөө л гутаах зүйлийг үргэлж хийж явдаг болохоос Ерөнхийлөгчөө гутаая гэж боддог монгол хүн цөөхөн байх.
Асуулт: – С-1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаасан бэ?
Ц.Э: – Энэ бол нөгөө л танил технологи. С-1 телевизийн эзэн нь хэн билээ. Харилцаа холбооны зохицуулах газраас С-1 телевизэд бичиг хүргүүлсэн юм билээ. “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хэн хаа гэж бичиг өгсөн юм бэ? гэж. Хариу өгөх байлгүй. Тэр нэвтрүүлэгт зөв юм бий, гэхдээ Монголыг талцуулах, түүгээр дамжуулж бие биеэ талцуулах хэрэггүй. Мүүнийг муу гэж үзэж салах хэрэгтэй. Би түүнтэй ямар ч холбоо байхгүй.
Шинжилгээ: Эндээс эхлээд бичил цуглаан үндсэн зорилго агуулга руугаа шилжсэн. “Танил технологи” гэж үг илтгэгчийн ярианд хэдэнтэй гарав. Бас мэдээлэл, ойлголт муутай байгаа нь тодорхой болов. С1 телевизийн удирдлага “Цензургүй яриа” нэвтрүүлгийг огт хааж, боогоогүй. Харин өөрсөдтэй нь гэрээ хийгээгүй, хөтөлбөрт ороогүй “Цензургүй сурвалжлага” гэх нэвтрүүлгийг дотор нь дурдагдсан зүйлсийг сэтгүүл зүйн анхдагч шаардлагын үүднээс магадлаж, шалгаж байж нэвтрүүлнэ гэдэг шаардлага тавьсан байдаг. “Цензургүй яриа” нэвтрүүлэг нь нэгд, гэрээтэй. Хоёрт, ярилцлага өгч байгаа оролцогч бүх хариуцлагаа үүрнэ гэсэн тохиролцоотой тул татгалзах үндэслэлгүй байжээ. Ерөнхийлөгч энэ асуултын хариуг өгөхдөө эсрэгцсэн хоёр утга хэлсэн байна. Мүүн муу хүн түүнээс салах хэрэгтэй гэчихээдмууг нь илчилсэн “Цензургүй яриа” нийгмийг талцуулдаг муу нэвтрүүлэг ухааны юм хэлсэн. Гэхдээ энэ хариултын гол чиглэл нь бичил цуглаанаар “балбах” гол баатар луугаа цугларагсдын сэтгэл зүй, анхаарлыг хандуулах байсан бололтой.
Асуулт: – Х.Баттулга гишүүнтэй найз болохоороо хаацайлаад байна уу?
Ц.Э: – Төр рүү орох гэж байгаа бол хулгай л битгий хий. Ганцхан хулгай л битгий хий. Намайг хуулийн хяналтыг зогсоосонгүй гэж баахан хэлж байна. Би зогсоохгүй ээ. Тэгэж ярьвал Х.Баттулга, Ж.Оджаргал хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Хэрэв нүүрсээ ашигласан бол 60 гаруй мянган хүн ажилтай болж, монголын ард түмний орлого ийм хэмжээнд очихгүй байсан. Одоо энэ тухай яриад яах юм бэ. Одоо алдагдсан боломжийг яриад яах юм бэ… Бид эв нэгдэлтэй байна гээд бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй.
Тайлбар нэхсэн асуулт: Хуулинд зааснаар бол хэн нэгний буруутай эсэхийг зөвхөн шүүх л шийднэ. Гэтэл энд Ерөнхийлөгч хүний “хулгай хийснийг” шүүхээс өмнө нотлочихоод, өөрийнхөө гаргасан “шийдвэрийг” биелүүл гэж хууль хяналтынхныг шахаад, зогсоохгүй гэж хэлсэн утга гарчээ. Хариултад нэр дурдагсдсан хүмүүс Баянхонгорын гаралтай гэдэг нь яг юуг илтгэх гээд байгаа нь ойлгомжгүй. Баянхонгорынхон бүгдээрээ хулгайч гэх гээд байгаа ч юм шиг. Нүүрсээ ашигласан бол 60 мянган хүн ажилтай болоод монгол дор орохгүй байсан гэдэг бол эргэлзээтэй мэдээлэл. Учир нь Ерөнхийлөгчийн илтэд дэмжээд ТТ-н ордыг авч өгөх гээд байсан компани сүр жавхлантайгаар дампуурлаа зарлсан шүү дээ. Эсрэгээрээ монголчууд 800 сая долларын өрийн дарамтад орж, эдийн засаг сүйрэх байсан нь одоо тодорхой болсон. Энд бол жинхэнэ хулгай, луйврын шинжтэй үйлдлүүд ажиглагдаж байгаа. 55 тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримтыг дутуу бүрдүүлж, төсвөөс энэ хэмжээний мөнгө завшсан байж болох тухай мэдээлэл тарсан шүү дээ. Тийм болохоор Ерөнхийлөгч “бие биенийхээ хулгайг хаацайлж сууж болохгүй” гэдэг үгээ энэ чиглэл рүү эргүүлж, хуулийнхныг тийш нь оруулбал асуудалд тэгш хандаж байна гэж харагдах байх. Үгүй бол энэ улсын үй олон компаниас нэгийг нь л гоцлон дэмжээд байдаг гэсэн хар хэзээ ч арилахгүй. Асуух нь: Хулгай хийсэн гэдгийг шүүх тогтоохоос өмнө Ерөнхийлөгчөд тогтоох, зарлах, буруутгах эрх бий юу? Улсаа дээрэмдэх гэж байсан явдлыг одоо энэ тухай яриад яах вэ өнгөрсөн зүйл гээд орхиж болох уу?
Асуулт: – Х.Баттулгад та юу гэж хэлдэг юм бэ. Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ?
Ц.Э: – Би зөндөө ярилцаж байсан. Надад Тавантолгойг би авъя гэсэн. Энд тодорхой шалгуур тавьж байгаа. Тэр шалгуурыг нь Монголын хүссэн компани болгон хангаж чаддаггүй. Уул уурхайн салбарт трушлагатай байх, хийсэн бүтээсэн ажилтай байх гээд олон шалгууртай Гаднаас орж хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хамтарч ажиллах компаниа сонгодог. Хөрөнгө оруулагчид нь тэднийг сонгохгүй байна шүү дээ
Тайлбар нэхсэн асуулт: Ерөнхийлөгчид хуулиар хэн нэгэнд ашигт малтмалын лиценз олгох, хуваарилах эрх олгогдоогүй. Тэгэхээр энэ хариултыг юу гэж ойлгох вэ? Хууль зөрчөөд томоохон орд газруудыг ашиглах эрхийг бусдад олгоод явдаг гэсэн үг үү? Хоёрт, гадаадын хөрөнгө оруулагчид таалагдсан байх гэдэг шалгуурыг давсан сүрхий компани нь өмнө нь Ухаа худгийн нүүрсний ордын ашиглалтын лицензийг аваад ашиглаж чадаагүй, орлого олж чадаагүй дампуурч байгаа нь ямар шалгуур үзүүлэлт болох вэ?
Асуулт: – Цагдаагийн байгууллагыг ХЗБХ шалгана гэсэн. Та юу гэж бодож байна?
Ц.Э: - Цагдаагийн байгууллага, сайд руу бичиг явуулж байхаар гадаадад гарчихсан хүмүүс рүүгээ л мессэж явуул. Бат-Эрдэнэ, Ганбат гээд нөхдүүд байгаа. Эмэгтэй хүний ард, гадаад паспортны ард нуугдаж байхаар өөрөө хүрээд ирэх хэрэгтэй. Нэг юм хэлье. Монголын шүүх хар, цагааныг ялгаж чаддаг юм. Шүүхийн танхимд очоод битгий даналзаад бай. Хууль, шүүхийн байгууллагад итгэх хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороогоор шалгуулна ч гэх шиг. Хууль хяналтынхаа ажилтныг хамгаалах хэрэгтэй. Тэгэж байж бид шударга болно. Ерөнхийлөгч шалгаж байгаа талд нь байдаг байсан шүү гэж магадгүй хожим ярихыг үгүйсгэхгүй. Хийж байгаа ажилдаа цалин нь хүрэлцэхгүй байна. Ер нь Монголд хуулийн засаг тогтох уу, хулгайчийн засаг тогтох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Ард түмэн бол хуулийн засаг тогтоох талд байгаа. Тийм учраас буруу юм хийж, хууль зөрчвөл би өмөөрөхгүй. Ийм л зүйл. Улстөрд орж байгаа хүмүүс тэндээс мөнгө хийх гэж бодож байгаагаа болих хэрэгтэй. Нэг асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи. Та бүхэн мэдэж байгаа. Түүнд автаад байх шаардлагагүй ээ.
Тайлбар нэхсэн асуулт: Хариулт ахиад л байгаа ололгүй гадагшаа тэнүүчилжээ. ХЗБХ-ны шалгалтын талаар гадаадад байгаа хүнээс мессэж явуулж асуухын утга учир нь юу байх вэ? Хажууд байгаа УИХ-ын Байнгын хорооноос асуучихаж болно шүү дээ. Эмэгтэй хүний ард гадаад паспортны ард нуугдаад байгаа хүн нь бодвол Х.Баттулга бололтой. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад УИХ-ын гишүүн Х.Баттулга хууль хяналтынхан дээр очиж хамаг бичиг баримтаа өгч шалгуулсан, мэдүүлэг өгсөн гэдгийг Ерөнхийлөгчийн өөрийнх нь хяналтанд байдаг Өдрийн сонин, news.mn, Өглөөний сонин, Өнөөдөр зэрэг хэвлэлүүд “шуурхай” тодорхой мэдээлж, мөрдөн байцаалтын явцыг илэн далангүй мэдээлж ирсэн байдаг. Хамар дор нь мөрдөн байцаалтын нууцыг алдагдуулж хууль зөрчиж байгаа нь харин хуулийн засаг тогтох нь уу, хулгайчийн засаг тогтох нь уу гэдэг эргэлзээг төрүүлэх явдал мөн. Иргэдээс монголын шүүхэд итгэх итгэл одоо байхгүй болсон. Жил дамнуулан бүх шатны шүүх дамжуулан нягтлан бодох эмэгтэйг буруутгаж хамгийн өндөр ялыг өгч байснаа гэнэт нэг өдөр хэрэг хийгээгүй хэмээн цагаатгаж орхидог шүүх монголын хэмжүүрээр хамгийн өндөр цалин авдаг ч улс төрчдөд үйлчилдэг, шудрага бус гэдэг ойлголт ард нийтийн дунд хэдийнээ тогтжээ. Эрхэм Ерөнхийлөгчөөс лавлаж асуух зүйл энд байна. Асуудал гараад ирэхээр хөхүүл эмэгтэй болоод хувирчихдаг ямар технологи байна вэ? Монголчуудад байтугай дэлхийд танил бус харь гаригийн технологи л байх гэж санах юм. Хөхүүл эмэгтэй болохын тулд сүүний булчирхайгаа хөгжүүлдэг юм уу, эсвэл өөр ямар технологи байна вэ?
Энэ мэт тодорхой хариулт нэхсэн зүйлс Ерөнхийлөгчийн Их тэнгэрийн илтгэлд олон таарна. Цаг хэмнээд бусдыг дараа асууя.
Дүгнэж хэлэхэд Их тэнгэрт хэлсэн үгсийн цаад утга нь Х.Баттулга гэж хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүсч, үүнийгээ хэрэгжүүлэхийн өмнө олон нийтийн сэтгэл зүйг бэлтгэх гэсэн агуулгатай юм байна. Үүнийг түүний хэлсэн дараах үгнээс харж болохоор байна. “Прокурорын газраас УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргавал шууд түдгэлзүүлэх хэрэгтэй” Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын ээлжит бус чуулган зарлуулж байгаа бололтой.
Их тэнгэрийн амнаас эхлэж буй 2016-Улс төрийн хийрхэл араасаа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах, Жудагт монгол хөдөлгөөн цуглаан хийх, жижиг намууд Сонгуулийн хуулийн талаарх бухимдлаа гаргах, нам дамнасан Нүүрсчин бүлэгт хамаардаг олигархууд дампуурлынхаа өсийг бусдаас авах гэж хичээх, 800 сая долларын өрнөөс бултах аргаа төрөөр шийдүүлэх гэж санаархах зэргээр үргэлжлэх төлөвтэй байна.
Жич: Энэ сэдвээр тэнцвэртэй мэдээлэх шаардлагыг биелүүлэхийн тулд нийтлэгч хэний талд байгаагаа ил тод хэлэх хэрэгтэй гэж хариуцлагатай сэтгүүл зүйд үздэг юм байна. Тэгэхээр би МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулгын талд байгаагаа хэлж уншигч таны тархинд ТЭНЦВЭР, ШҮҮЛТҮҮР үүсгэж байна. Тэрнээс биш нэг хуудас Ц.Элбэгдоржийн тухай бичээд яг адилхан хуудсан дээр нөгөөгийнх нь тухай бичсэнээр мэдээллийн тэнцвэр үүсдэггүй. Бичигч хэний талд зогсож байгаагаа ил хэлснээр уншигчийн тархинд тэнцвэр үүсдэг номтой ажээ.
Хэн нэгнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад “хулгайч, хулгай хийсэн” гэх зэргээр цоллож, эрх мэдлээ ашиглан хууль хүчнийхнийг турхирах нь ардчилал, хүний эрхийг уландаа гишгэж байгаа хэрэг гэж би бат итгэдэг. Нэг хэргээр шалгаад буруутгах зүйл олдохгүй болохоор өөр хэрэг гаргаж ирэн заавал буруутгахаар хөөцөлддөг цагдаагийн одоогийн практик бол улс төрийн нөлөөллөөс өөр юу ч биш гэдгийг би хаана ч хэлнэ. Шинэ төмөр замын хэрэг гэж зүйлээс хэрэгт унагах зүйл олохгүй болохоор Сайншандын хэрэг гэж шинэ хэрэг үүсгэж байна. Цаашлаад Түмэн хишигтний хэрэг, Талх чихэрийн хэрэг, Мах импексийн хэрэг гэх мэт хэрэг үүсгэх төлөв ажиглагдаж байна. Ард хэмээх Я.Батсүхийг анх С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгаад баримт олдохгүй болохоор хуурамч дипломын хэрэгт унагасан. Казиногийн хэрэгт холбогдуулан 3 гишүүнийг шалгаад бас л баримт нотлогоо дутахаар татварын хэрэгт унаган шийтгэсэн гэх мэт маш олон бодит жишээ монголын хуулийн практикт бий. МИАТ ХК-ний удирдлагууд Дайны эрсдлийн сан нэрээр мөнгө завшсан хэрэгт улс төрчид оролцоотой байсан учраас тэр хэргийг дагалдан арч ирсэн маш олон баримтыг үл тоон зөвхөн анх хэрэг үүсгэсэн асуудлаараа хурдхан шүүгээд салахын түүс болсон байдаг.
Өнөөдөр монголд хуулийн засаглал байхгүй, авлига албан тушаалын хэрэг гэдэг нь улс төрчдөөс нэгнийгээ түнших цохиур болохоос итгэл үнэмшил биш гэдэг нь улам бүр тодорч байгаа тул эрхгүй энэ шинжилгээг хийлээ.
Эргэцүүлэл орших болтугай!
Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл
URL: