Өмнөговь аймагт 6000 гаруй ингэ ботголжээ
Өмнөговь аймгийн хэмжээнд 830742 мянган тоо толгой хээлтэгч төллөхөөс 104246 толгой хээлтэгч төллөж, зуу гаруй мянган төл бойжуулсан нь нийт төллөх ёстой хээлтэгчийн 12.5 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар нийт хээлтэгч малаас 6000 мянга гаруй ингэ, 200 орчим гүү, 281 үнээ, 45000 хонь, 52 мянга гаруй ямаа төллөжээ. Ихэнх нутгаар цасан бүрхүүл хайлсан, бэлчээрийн өвс, малын унд боломжийн хэмжээнд байна. Харин Мандал-Овоо, Манлай, Ханбогд, Цогт-Овоо сумаас бусад 11 суманд 1600 орчим малын зүй бус хорогдол гараад байна.
Хаваржилт хүндэрч болзошгүй зарим сумд тухайлбал, цас их унасан, төл мал хорогдож болзошгүй Хүрмэн, Гурвантэс, Сэврэй сумын малчдад ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчид “Нэг сурагч нэг нэмнээ” 21 хоногийн аяныг зохион байгуулж, нийт 3486 нэмнээ оёж өгсөн байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд хаврыг төл малын хорогдол багатай даван туулахын тулд хэн, юу чаддагаараа малчдаа дэмжин тусламж хүргэн ажиллаж байна. Мөн хавар мал туйлдахад их гардаг малын шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх, 350 мянган тун вакциныг татан авч сумдад хүргүүлээд байна.
URL: