Дэд даргын үнэтэй нулимс

527-1459131981d434e45fbb468810originalСаяхан даа, МАХН-аас Хуульзүйн дэд сайдын албан тушаалыг авч байсан Э.Эрдэнэжамъян гэх залуу намын даргыгаа хилс хэрэгт гүтгэж буйг мэдэгдэж хэвлэлийн хурал хийсэн.
Энэ үедээ эр хүний ховорхон унагадаг нулимсыг дуслуулж, хоолой зангируулан намаа өмгөөлсөн удаатай. Ер нь ч мань эр олон удаа намын даргаа цээжээрээ хамгаалж буй.
 Дүүг нь олон улсад эрэн сурвалжилж буйг эсэргүүцэж албан тушаалаа ашиглан захидал илгээж байсан удаатай. Намын даргаа л хамгаалж байвал нэг муу дэд сайдын албан тушаал юу ч биш гэдгийг тэрбээр харуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн нулимс тун ч эрхэм байжээ. Намын даргаа өмгөөлж нулимс унагахдаа хүрсэн түүнийг намаас нь үнэлж, өнгөрсөн баасан гарагт хуралдсан Бага чуулганы хуралдаанаараа намынхаа дэд даргаар томилжээ. Мөн Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар нар ч энэ албан тушаалд очсон аж. Ингэснээр МАХН гурван дэд даргатай болж буй юм. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн даргаар Н.Удвал нарыг томилжээ. Харин Л.Цог, Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, нам дотроо хашдаг тус тусын албан тушаалаас чөлөөлжээ. Ингэснээр үнэнийг хэлсэн нь хөөгдөж, үнэнч дүр эсгэсэн нь шагнуулсан гэх.
МАХН-ын даргын төлөө өлсгөлөн зарлаж байсан олон ч хүмүүс өдгөө сайдын албан тушаалд оччихоод буй. Тэгэхээр дараагийн удаад Э.Эрдэнэжамъян минь дэд даргаас үнэтэй нулимс унагаарай хэмээн үеийн нөхөд нь захиж буй гэнэ лээ. Мөн уйлаад л албан тушаалд очих сонирхол нам дагасан залуусын бодолд төрөх болсон гэнэ шүү.
Эх сурвалж:”Монголын мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих