Цэц парламент хоёрын сөргөлдөөн үргэлжлэх үү
Намрын чуулганы завсарлагаар парламент ээлжит бус чуулган хуралдуулахаар хоёронтаа захирамжлав. Эхний ээлжит бус чуулганы тов зарлагдсан ч гишүүдийн ирц хүрэлцэхгүй хойшлогдсоор гурав дахин зарлуулж, бүрдсэн. Гурван удаа зарлуулж, ганцхан өдөр хуралдсан ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн даргыг ажлаас нь чөлөөлж, 30 гаруй хуулийн төслийн эцсийн найруулгыг сонссоноор өндөрлөсөн юм. Ээлжит бус чуулганаар цаг үеийн, хуулийн хугацаа нь тулсан яаралтай асуудлыг хэлэлцэн баталдаг. Хүүхэд хамгааллын тухай зэрэг зарим хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих заалттай. Гэтэл дээрх хуулиудын эцсийн найруулгыг сонсоогүйгээс хаврын чуулган хүртэл хүлээж, цаг алдахад хүрсэн. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулж эцсийн найруулгыг нь сонсох шаардлагатай тулсан гэж хууль тогтоогчид тайлбарлаж байна лээ. Гэсэн хэдий ч ээлжит бус чуулган ҮХЦ-ийн даргыг огцруулах гол зорилготой байсныг олон нийт харсан.
Харин хаврын чуулган эхлэхийн өмнө гэнэтхэн зарлагдсан энэ удаагийн ээлжит бус чуулганаар 4 хуулийн төсөл болон ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Тодруулбал, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн юм. Хуулийн төслүүдийн тухайд үндсэндээ Цөмийн энергийн буюу нэг салбарын асуудал.
Цөмийн хог, хаядлаа эх орондоо булах нь, бусад улсын хог хаягдлыг худалдан авч газар нутагтаа булшлах нь гэсэн хардлага ээлжит бус чуулганы захирамж гарахтай зэрэгцэн нийгэмд тархсан. Харин дээрх хардлагыг албаны хүмүүс үгүйсгэж байгаа бол УИХ-ын дарга эрс няцааж, хуулиудын төсөл танилцуулгыг цахим сүлжээндээ тавьжээ. Тэрбээр “УИХ ирэх 7 хоногт “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орох тухай хэлэлцэнэ. Энэ удаагийн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй, хадгалахгүй байх хатуу байр суурьтай. Энэ конвенцид нэгдэн орсноор олон улсын өмнө дараа дараачийн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нар бас адил байр суурьтай байх үүрэг хүлээх юм. Дэлхийн 71 улс нэгдэн орсон энэ конвенцийн гол агуулга нь улс бүр өөрийн хаягдлыг өөрөө хариуцна гэдэг зарчим юм. Одоогоор манай улсын эмнэлэг, их сургууль зарим компаниуд эрүүл мэнд, судалгаа шинжилгээний чиглэлээр голчлон ашигладаг 300 орчим цацрагийн эх үүсвэр байгаа. Эдгээрийн хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн аюулгүй болгох үүргийг бид хүлээнэ” хэмээн цахим сүлжээгээр жиргэсэн байлаа.
Тэгвэл дээрх хуулийн төслүүд хугацаа тулсан яаралтай хэлэлцэх асуудал байсан уу гэдэг эргэлзээг мөн л олон нийтэд төрүүлж байна. Учир нь энэ удаагийн ээлжит бусад ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхээр тусгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа хэлэлцжээ. ҮХЦ-ийн гишүүн П.Очирбатын даргалсан энэ сарын 2-нд болсон дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54.2 дахь хэсгийн “Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ” гэсэн нь Үндсэн хуулийн 16.3 дахь “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаа олж авах…, эзэмших…, өмчлөх… эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54.2 дахь заалтыг гуравдугаар сарын 2-ны өдрөөс түдгэлзүүлсэн байна. Харин ҮХЦ-ийн уг дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлснээс хойш 15 хоногийн дотор хариу ирүүлэх журамтай аж.
ҮХЦ-ийн дээрх дүгнэлт хугацаа тулаагүй ч ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд багтжээ. Цөмийн салбарын хуулиудаар халхавчилсан парламент, Цэц хоёрын шөргөөцөлдөөн ээлжит бус чуулганыг хуралдуулахад хүргэв үү.
УИХ-ын даргын захирамжид туссанаар ганцхан өдрийн хугацаатай ээлжит бус чуулганаар ҮХЦ-ийн дүгнэлтэд хариу өгөөд өндөрлөх зорилго агуулсан уу.
Ямартай ч ээлжит бус чуулган зарлагдсан. Харин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхээс эхлээд парламентад дотоод асуудал хурцадмал байгаа. Өмнөх ээлжит бус чуулганыг эхлүүлэх гэж ирц бүрдэхгүй гурвантаа цугласан. Өнөөдөр ЭМС-ын сайдын томилогооны асуудал Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүдийг сөргөлдүүлж байгаа. Хэрвээ ЭМС-ын сайдын томилгооны асуудалд “Шударга ёс” эвслийн бүлэг дэх МАХН-тай тохиролцоонд хүрч чадаагүй бол хуралдаанд оролцохгүй байх магадлалтай. Нөгөөтэйгүүр сөрөг хүчин МАН-ын бүлэг болон бие даагч гишүүд хуралдааны ирцийг эрх баригчид бүрдүүлсний дараагаар чуулганы танхимд орно гээд гэдийж мэднэ. Гэхдээ энэ удаад эрх баригчдад ирц бүрдүүлэх гарц нээгдсэн болов уу. Эрх баригч АН-ын гишүүд дээр ИЗНН-ын хоёр, Засагт хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлэг дэх МҮАН-ын гишүүд болон эвслээс өрх тусгаарласан Г.Уянга, Л.Цог нар нэгдэхэд чуулганы ирц бүрдэж, хэлэлцэх асуудал ч дэмжигдээд явах биз.
Ганц өдрийн хугацаатай ээлжит бус чуулган товлосон гаригтаа нээгдээд, хэлэлцэх асуудлаа шийдвэрлээд өндөрлөнө гэж найдъя.
Н.Энхлэн
URL: