Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-3
“Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн 14 суманд газрын тосны хайгуул хийхдээ нийт 453 цооног өрөмдөх төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ ажлаа эхний таван жилийн хугацаанд багтааж хийхээ ч онцолсон байна. Цооногийн өрөмдөлт тухайн орчныхоо хөрсийг эвдэж, цөлжүүлдгийг Тамсагийн ордыг сурвалжлах үедээ харж явсан билээ. Ийм олон тооны цооног өрөмдөх нь хөрс, усны судалд халтай гэж байгаль орчны мэргэжилтнүүд ч хэлж байв.
453 цооногийн эхнийхийг өнгөрсөн намар Малчин суманд өрөмджээ. Энэ үеэр Малчин болон зэргэлдээх Зүүнговь сумын нутгаар өнгөрсөн зун байгалийн онц аюултай үзэгдэл болсон гэнэ. Тэнгэр баганадсан шороон шуурга хэдэнтээ босч нутгийн иргэдийг багагүй сандаргажээ.
Малчин, Зүүнговь сумын нутаг хангайрхуу ч сул шороо ихтэй. “Хүнд даацын автомашин зогсоо зайгүй сүлжилдэж, газар шороо ухсанаас байгаль дэлхийг догшруулсан. Үүнээс болж гэнэтийн үзэгдэл болсон байх” гэж нутгийн зарим хүн “шинжлэх ухаанч”-аар тайлбарлав. Энэ үйл явдалтай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйл ажиллагааг шалган албан шаардлага хүргүүлжээ.
Гэвч сумдад үүссэн асуудал ингээд зогсоогүй байна. Тоосжилтоос малын гэдэс дотор харласан тухай малчид гайхан ярилцах болжээ. Эдгээрээс болж Малчин сумын хэсэг залуус бослого хүртэл гаргахыг завдсан байна. Энэ тухай нутгийн нэгэн иргэн “20 гаруй залуу том машинуудыг зогсоохыг шаардаж бослого гаргасан. Гэвч аймгийн цагдаагийн газрынхан ирж хүчээр тараасан. Түүнээс хойш газрын тосны талаар нутгийнхан чөлөөтэй ярихаас эмээдэг болсон” гэсэн юм.
Харин Зүүнговь сумынхан газрын тосны үйл ажиллагаанаас нутгаа хамгаалахаар өөр аргаар тэмцэж байгааг сумын ЗДТГ-ын дарга Б.Цээлэйнамсан дуулгалаа. Зүүнговь сум таван багтай. Таван багийн гурвынх нь газар нутаг хайгуулын талбайд оржээ. Ялангуяа цаг агаар хүндэрсэн үед оторлодог нөөц бэлчээр газарт нь хайгуул хийхээр болж. Үүнийг малчид нэлээд эсэргүүцэж байгааг тэрээр хэлсэн. Тэр талбайд бас нутгийн шүтээн уул, хоёр нуур нь байгаа гэнэ. “Хайгуулын талбайд нутгийн шүтээн уул Өгөөмөр, Баяннуур, Багануур гэж хоёр нуур ороод байгаа. Эдгээр газрын эргэн тойронд бид нэг цэг ч хатгуулахгүй. Үүний тулд тэр орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэр гарган Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам руу саналаа явуулсан. Гэвч солбилцол нь буруу байна, өөр сумын нутаг байна гэх мэтчлэн үндэслэлгүй шалтгаан тоочиж бидний хүсэлтийг хоёр удаа буцаасан. Гурав дахь удаагаа явуулаад хариуг нь хүлээж байна” гэж ярьсан Б.Цээлэйнамсан даргын яриа сонирхол татав. Манай улсад ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааны ерөнхий төрх яг л ийм. Нутгийнхан газар нутгаа хамгаалж тэмцдэг. Харин гадны компаниуд төр засгийн нэрээр, эсвэл яам тамгын газрын даргын гарын үсэгтэй албан бичгээр далайлган зорилгоо гүйцэлдүүлж ирсэн.
Харин газрын тосны хайгуулын тухайд орон нутгийн удирдлагууд онцгойлон хандах ёстой атал гадны компанитай хүзүү сээрээ холбон, ард иргэдээ нүднийхээ үзүүрээр ч харах сөхөөгүй байна, Увсын дарга нар.
Угтаа хууль ёс, бүр ядахдаа хүний ёсоор ард түмнийхээ зүрх тархи болж, тэдний л хүчээр эрх мэдэл, албан тушаалтай болсон нөхөд ийм их хэмжээний газрыг нь гадынхан эзэмшихээр болчихсон, өмнөх бүтэлгүй жишээ Дорнодын Тамсагийн орд байхад “Манай аймаг баяжина, хөгжинө” гэсэн уриа лоозон хэлж, загнаж сууна.
Увс аймгийнхны хувьд нөхцөл байдал ийм л байна. Нутгаа удирдаж байгаа хүмүүс нь ард түмнээ тоохгүй байгаа нь гадны компанийн хувьд таатай явдал. Тэд энэ жилийнхээ ажлыг мөдхөн эхлүүлэхээр зэхэж байгаа сурагтай.
Одоо газрын тосны хайгуулын аргын тухай уншигч танд сонирхуулъя. “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн гэрээний танилцуулга, Увс аймагт болсон хэлэлцүүлгийн үед хайгуулын талаар хэдэнтээ тайлбарлажээ.
Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудаст “Манай компани газрын чичирхийлэл үүсгэхгүйгээр хайгуул хийх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг судлан гаргасан. Хоёр ба гурав хэмжээст чичирхийллээр хайгуул хийвэл түүнтэй холбоотойгоор барилгажилтын ажил их хийгдэх болно. Их хэмжээний барилгажилт нь эмзэг хөрстэй хээр тал болон элсэрхэг газрыг эвдэх ба хожмоо хэвийн байдалд нь эргэн оруулахад хүндрэл үүсдэг. Энэ уламжлалт аргыг зайлшгүй халах хэрэгтэй” гэжээ. Тиймээ, тэдний зөв. Энэхүү аргын сөрөг тал нь хөрсөнд маш аюултай. Үүнийг ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын геофизикийн багш, доктор, профессор Д.Лхагвадорж “Чичирхийллийн арга байгаль орчинд нөлөөтэй” хэмээн батлан ярьсан. Тэрээр бас “Газрын тосны хайгуул маш их хөрөнгө зарцуулдаг. Харин чичирхийллийн аргын давуу тал нь өртөг бага” гэсэн билээ. Хиймлээр үүсгэсэн чичирхийллийн долгионыг ашиглан газрын гүнд байгаа чулуулгийн шинж чанарт судалгаа, дүгнэлт хийж газрын тос болон байгалийн хийг хайдаг. Энэ бол уламжлалт арга. Газрын тосны хайгуулыг олон улсад ингэж л хийж ирсэн. Дорнодын Тамсагийн ордод ч ингэж хийснээс газрын хөрс эвдэрч, Дорнод Монголын тал мөнхийн “шарх”-тай үлдсэн.
Ямартаа ч Увс аймаг Монголын томоохон гол мөрөн, газар доорх усны судал ихтэй болохоор “Увс-1” талбайд манайхан ихээхэн анхаарч хэмээн нааштай мэдээлэл олсондоо талархалтай болж эхэлтэл дараагийн баримтууд таг зогсоов.
Компанийн хайгуул хийх аргачлалын тухай Засгийн газрын төвшид очсон мэдээлэл танилцуулгад нөгөө аюултай чичирхийллийн арга болж хувирчээ. Төрийн холбогдох байгууллагуудад байгаа архивт “…..160 тууш км.кв талбайд хоёр хэмжээст, 160 км.кв талбайд гурав хэмжээст чичирхийллийн судалгаа хийж хайгуулын 463 цооног өрөмдөнө” хэмээн цагаан дээр хараар хэдэнтээ бичсэн баримтууд олдлоо. Байгаль орчинд халтай, барилгажилт ихтэй уламжлалт аргыг манайх халлаа гэсэн компани үйл ажиллагаагаа хоёр өөрөөр танилцуулан манаргаж явааг манайхан анзаараагүй бололтой. Энэ тухай мэдэх ч сөхөөгүй, чухамдаа “Энэ компанийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж ажиллуулна” гэж том, том дуугарах хүмүүс угтсаар байсан. Үнэндээ энэ бол манай улсын эмгэнэл. Төрийн албаныхан мэргэжлийн хүний нүдээр харж шалгаагүй, шалгах чадваргүй байсныг харуулсан хэрэг бус уу.
Олон улсад зарласан тендерт шалгарсан чухал заалт нь мэдээж хайгуулын арга хэлбэр байсан байж таараа. Байгальд халгүй технологи нэвтрүүлнэ гэчихээд эсрэгээр нь ажиллавал Увс нуур, түүнийг тойрсон том жижиг гол нуурууд, газрын доорх усны судал, хөрс яаж сүйдэх нь тодорхой. Стратегийн чухал ач холбогдолтой, Засгийн газрын оролцоотой тамга тэмдэг, гарын үсэг зуралцсан асуудлын чухал хэсэгт ийн анхааралгүй хандаж болох уу. Үүнийг хайгуулын үйл ажиллагаа эхлэхээс өмнө холбогдох газрууд нэг мөр болгох ёстой. “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн хайгуулын ажиллагааг өнгөн талдаа халгүй мэтээр тайлбарлаж цаагуураа булхай хутгаж яваа энэ ажиллагаа “Увс-1” талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж чадна. Үүнээс цаад бичиг цаас, гэрээнд хараагүй, анзаараагүй, анзаарсан ч тэр чигээр нь явуулсан ямар ноцтой алдаа, мадаг байгааг хэн мэдэх билээ.
Ийнхүү монголчуудыг зальжиж, зорилгоо биелүүлэн манаргаж яваа “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн тухай, компанийн цаад эзэд нь хэн болох, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ямар ноцтой заалтууд орсон тухай дараагийн цувралуудаас уншаарай.
Хайгуулын ажиллагааг чичирхийлэл үүсгэхгүйгээр хийх тухай энэхүү мэдээлэл Увс аймгийн ЗДТГ-ын цахим хуудаст бий.
Олны нүдэнд ил байгаа мэдээлэлд чичирхийлэл үүсгэхгүй газрын тос хайна гэсэн ч төрийн байгууллагын архивт байгаа мэдээлэлд эсрэгээрээ байгаа юм. Чичирхийллийн арга нь хамгийн хямд өртөгтэй. Байгаль орчинд халтай арга юм.
Үргэлжлэл бий
URL: