Газрын наймаа гаарсаар
Би Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг дахь Наранбумбатын рашааныг дүрэм журмаар нь аваад хэдэн жил ажиллуулж байв. Гэтэл рашааны газрыг давхардуулж авахын тулд шунаг сувдаг сэтгэлтэй ганц нэгэн хүн улайран хөөцөлдөж арай нүдээ ухаж өгөегүй байх.
Халаасныхаа хэдэн төгрөгөөр хахуульдаж авсан болов уу. Хүч түрэн дээрэлхүү үзлээр дээрэмдэж, дураар авирлаж, хэлж ярьж тохирсон зүйлгүй улайм цайм элэг барьсан байдаг. Хэрэв урьд өмнө ярьсан тохирсон бол юу ч бодож санахгүй зүгээр зохицох байлаа.
Ноёны хамсаатан төмөр хэрээс татан хашиж байгаа нь зэвүүтэй бөгөөд өрөвдөлтэй. Хуйвалдааны гол эзэд бол Түнэл сумын албан тушаалтан, газрын байцаагч Т.Батхишиг гэгч этгээд, мөн шунаг сувдаг сэтгэлтэй Э.Мөнх-Очир нар юм. Эд л рашааныг давхардуулж олгож хуйвал-дацгаасан.
Ийнхүү хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж, ханаж цадахаа байсан цагт энэхүү бусармаг үйлдлийн талаар Байгаль орчны яам болон хууль, хяналтын холбогдох хүмүүстэй уулзаж ярилцан зөвлөгөө авахад тэд бүгд “Ийм зарчимгүй зүйл байх ёсгүй, шаардлагатай үедээ холбоо бариарай, цаг хоцордоггүй юм шүү” гэцгээж байсан. Илэн далангүй хэлэхэд газрын наймаа ил явагдаж байгаа шүү.
Уг рашааны орчин тойрон хэдэн үеэс авхуулаад өвгөд дээдэс, Мөрөнгийн хүрээний лам нар биеэ сувилдаг онгон дагшин газар байжээ. Чоно, үнэг, хярс, мануул, гөрөөс, туулай, тарвага гээд жижиг төрлийн мэрэгч амьтад, янз бүрийн жигүүртэн шувуудтай, мөн шинэсэн ойгоор хучигдсан, төрөл бүрийн бут сөөг, жимс ногоотой байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм.
Тийм болохоор нь уг рашааныг хайрлаж хамгаалахын төлөө сонин, хэвлэл, радио, телевиз, аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч, Мөрөн сумын ойн байцаагч, сурвалжлагчтай газар дээр нь олон удаа очин зөрчлийг илрүүлсний үр дүнд рашааны тархин талаас мод ачихаа бүрмөсөн больсонд малчид, рашаанчид баярлаж талархдаг байлаа.
Рашааны газрыг давхардуулж өгснөөс хойш хараа хяналт суларч, эмх замбараагүй болсноос шалтгаалан рашааны ундарга муудаж зарим нь гарахаа больсон нь мод хамаагүй авч байгаатай холбоотой юм. Малчид Түнэл сумын ойн байцаагчийг өвөлдөө ер эргэж тойрч явдаггүй хэмээн гомдоллодог.
Байгаль дэлхийг аргадаад байвал буян хишгээ хайрлаж байдаг гэдгийг хүн бүр анхаарах ёстойсон. Гэтэл Түнэл сумын 4-р багийн засаг дарга хэдэн сая төгрөгний хөрөнгө оруулалттайгаар ганц пүнз хашаа барьсан нь нүглийн нүдийг гурилаар хуурна гээч болсон. Рашааныхаа ундарга овоог олигтой хашаагүй байж энд тэнд сарзгар мод босгох нь хэнд хэрэгтэй юм бэ?
Хумсны завсар өргөс ороход ямар их өвддөг, түүнтэй адил өвөг дээдэс минь газартаа гадас орхихыг асар их цээрлэдэг байжээ. Мал тогтохгүй эмх замбараагүй хашаа барьж болохгүй. “Дээд дарга нарын шийдвэртэй” гэж сүр далайлган уулзаж учрахгүй ихэмсэг дүрээр алхах нь инээдэмтэй!
Энэ маягаар хэн нэгэн эрх ямбаа эдлэн дураар авирлажхэрхэвч болохгүйсэн. Дээд төр засаг дэргэдээ үй түмэн манаачтай гэдгээ ойлгож санаж алхам тутамдаа болгоомжтой гишгэж, зөв сэтгэж цэгцтэй шийдвэр гаргаж сурвал өөнтөглөгч дайсангүй, өөрийн биед зовлонгүй гэдгийг сана.
Цадиггүй авир гаргаад байвал цаг хугацаа өнгөрсөн ч хожимдохгүй, өтлөхийн цагт нохой хорио гэж хэлэхэд гарч ирэх хүн олдохгүй, гөлөөг гэж шоолж магадгүй, бардам дээрэнгүй омогших зан хэзээ нэгэн цагт хэн ч хэрэгсэхгүй хийсэн одохвий. Алив хүн шунаг сувдаг сэтгэлээсээ үүдэн зөв замаасаа урваж, хулгай хийх, танхайрах дээрэм, луйвар хийх, худал хэлж бие хэл сэтгэлээрээ нүгэл үйлдэж, энэ яваа насандаа цав оруулж хойт насандаа эдлэх үр үлдээдэг.
Энэ нь үр хүүхэддээ болон өөрийнх нь биенд нягт байдлаар илэрч амьдралд нь үзэгдэх ч тохиолдол бий. Нөхрөө бүү хорло, нохой ч цэрвэнэ, харин тусалж байх ёстой гэдгийг анхааруулъя. Зөв санаатай найрсаг байх ёстой.
Рашааны лам
Эх сурвалж: “Хөх толбо”
URL: