Ухаангүй ноёнд урагшгүй албат буюу ”Нүүрс” хэргийн захиалагч ба гүйцэтгэгч

3cgvbvgf3lr21jqrmr026thl98Улсын Дээд шүүх Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Түүнийг зургаан сар гэмт хэрэгтэн хэмээн цоллож, бие, сэтгэлээр нь хохироосны дараа ийнхүү цагаатгасан нь уг үйл явдал эхнээсээ улс төрийн хилс хэрэг байсан гэдгийг баталлаа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгч энэ буюу, одоо захиалагчаа зарла, урагшгүй гүйцэтгэгч нараа хэмээн халагласан постууд сошиал ертөнцийг гол дуулиан болов.

Л.Гансүх нарын хэрэг нь улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн сүр дуулиантайгаар эхэлсэн энэ асуудал даамжирсаар Засгийн газрыг хүртэл огцруулсан гэдэг боловч угтаа Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах олиг муутай сценари байсныг ард түмэн анхны шүүх хурлаас эхлээд л харсан. Прокурор, шүүгчид гээд хууль цаазаа арван хуруу шигээ мэддэг нөхдүүд эгэл жирийн нэгэн нягтлан бодогч эмэгтэйд хэрхэн багаа хуулуулж, олны нүдэн дээр ичих нүүрэндээ илгэ нааж ширлэн суухыг бид цэнхэр дэлгэцээр эмгэнэн харсан. Зөвхөн Норовын хүүг унагаах ажиллагаа нь замын хажуугаар явж байсан хэн бүхнийг хоморголон хорих, шүүх төлөвлөгөө болно гэдгийг ардчилсан нийгэмд үзнэ чинээ санасангүй.

Амжилттай хэрэгжсэн “Нүүрс хөтөлбөр”-өөр халхавчлан улс төрийн зорилготой, хохирогчгүй хэрэг үүсгэх захиалгыг хэн өгсөн бэ. Энэ асуудлын сэжүүрийг Л.Гансүх болон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар олсон, мэдсэн л баймаар. Одоо хэргийн захиалагчийг нэрлэх, зарлах цаг болоогүй юм уу гэж асуумаар байна.

Гэхдээ л ардчилалын амин сүнс болсон “Ил тод, нээлттэй” гэх үгийн утгыг мэдрээд амжсан бид азтай хүмүүс. Товчхондоо шүүх хурал хэрхэн явагддаг, Л.Гансүх нарын хэрэг гэх “Нүүрсний” асуудал хэрхэн эхэлсэн, хэн хохирсон, шүүгч хэрхэн хандаж байгааг хараад амжсан. Хэрэв Л.Гансүх нарын хэргийн шүүх хурал хаалттай болсон бол бид энэ хэргийн үнэн мөнийг дэнслэх боломжгүйн дээр Б.Мөнгөнтуяа гэдэг нягтлан бодогч үүргээ умартаж, идэх уухын их донтой эмэгтэй байсан хэмээн дүгнэн хоцрох байсан биз ээ. Гэтэл шүүх хурал дээр түүнийг хэн болохыг, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, шударга эмэгтэй гэдгийг бүгд харсан.

Үүнээс гадна Л.Гансүх нарын гэгдээд буй энэ “Нүүрс” хөтөлбөр дээр үүсгэсэн хэрэг, хохирогчгүй хэрэг гэдгийг харлаа.Багануур ХК-ийн төлөөлөл ч хохироод байсан юм байхгүй, яаж хохирсныг сайн мэдэхгүй байна гэхчилэнгээр “Арьс хуулах” ажиллагааны эхлэлийг тавьж өөрсдийн биеэр ХОХИРОЛГҮЙ гэдгийг хэлсэн билээ.

Хөндлөнгөөс харахад одоо манай шүүх сохороор дүгнэлт гаргаж, Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял, Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарт торгуулийн ял оноосон нь энэ хэргийг улс төрийн зорилгоор зохион байгуулсан гэх хардлагыг бататгаж байгаа бус уу. Үүнийг ч Дээд шүүхийн шийдвэр эцэслэн нотлох шиг боллоо. Тодруулбал, Л.Гансүх нарт холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт Дээд шүүх хэлэлцэж, эцсийн шийдвэрээ гаргахдаа Анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд оноосон 4.6 жилийн ялыг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, төрийн албанд ажиллах эрхийг нь 4 жилээр хасах шийдвэрийг гаргасан. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгав. Түүнчлэн шүүгдэгч нарт ногдуулсан 2.5 тэрбум төгрөгийн хохирлыг 1.1 тэрбум төгрөг болгон бууруулж, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг хувь тэнцүүлэн төлүүлж “Багануур” ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхийн энэ шийдвэрээс харахад Б.Мөнгөнтуяа гэх эмэгтэйг хийгээгүй хэргийнх нь төлөө хэдэн сараар хорьж цагдаж, бие сэтгэлийг нь хохироожээ манай хуулийнхан. Одоо Л.Гансүх, Н.Даваахүү нарыг хэр удаан хохироохыг хэлж мэдэхгүй байна үнэндээ. Ямар ч байсан захиалгатай, улс төрийн зорилготой хэрэг гэдгийг л зах зухаас нь харж байна.

Шүүхийн шийдвэрт хэн нөлөөлөв!

Улсын Дээд шүүхэд болсон хурал таван цаг орчим завсарлаж, хэлэлцсэн шүүгч нарт энэ хэргийг дэнслэх амаргүй байсан нь лавтай. Гэхдээ бүх шатны шүүхийн шийдвэрт хэн нэгэн нөлөөлж буй гэдгийг хэлж, хардах хүн олон байлаа.

Хэрэв тийм биш бол хуульч мэргэжлийн оргилд ноёрхох Дээд шүүхийн шүүгч нарт төдийгүй энгийн хүнд ч ойлгомжтой байсан гэрээнд заагаагүй үнийн дүн, жингийн зөрүү, тэр ч бүү хэл төрийн албан хаагчийн шалгалт ч өгч үзээгүй хүмүүсийг төрийн албан хаагч хэмээх зүйл заалтаар ялласан Анхан болон Давж заалдах шатны шүүхийг шийдвэр, тогтоолыг дэмжсэн мэт шийдвэрийг Дээд шүүхийн шүүгчид гаргахгүй байх байсан болов уу гэх хардлага ч байгаа юм.

Түүнчлэн шат шатны шүүхийн шийдвэр нь олон нийтийг шүүхэд итгэх итгэлгүй болгож орхисон нь өнөөдөр ч цахим ертөнцөд тахал мэт тархаж буй иргэдийн байр суурианаас илхэнээ харагдана. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж гэр хорооллынхонд хямд үнэтэй нүүрс нийлүүлсэн тэднийг эхнээсээ ялласан зүйл нь гэрээнд заагаагүй үнийн дүн, жингийн зөрүү юм. Тодруулбал, “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК нь “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд “Багануур” ХК-тай хамтран ажиллахаар байгуулсан гэрээнд нэг тонн шигшиж ангилсан нүүрснийг 27500 төгрөгөөр худалдан авна.

Мөн шуудайлсан нүүрсний жингээр тооцож төлбөрийг хийнэ гэсэн атал гэрээнд тусгаагүй үнийн дүн, жингийн зөрүү гэгчийг гаргаж Л.Гансүх нарыг ялласан нь өдгөө гэрээ гэх зүйл нотлох баримт болдоггүй, гэрээнд заагаагүй зүйлээр бусдыг яллаж болдог юм байна гэх буруу жишгийг шүүх тогтоож байгаа нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах шалгааны нэг болоод байгаа нь нууц биш. Магадгүй альваа нэгэн аж ахуйн нэгж байгууллага бусадтай байгуулсан гэрээнд зааж, тусгаагүй зүйлээрээ хамтран ажиллахаар гэрээ байгуулсан нэгнийгээ буруутгаж, шүүхэд хандах боломжтой гэдгийг энэ удаагийн шүүх хурал харуулж чадлаа.

Угтаа гэрээ нь аливаа байгууллагын хооронд үйлдэгддэг албан ёсны баримт бичиг байх учиртай. Тиймээс ч ярьж тохирсон хийж, хэрэгжүүлэх бүхнээ гэрээгээр баталгаажуулж, баримт болгон үлдээдэг хөдлөшгүй архивын нотлох бичиг баримт юм. Гэтэл “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-ийн “Багануур” ХК-тай хамтран ажиллахаар байгуулсан гэрээ нь хэдийнэ амжилттай хэрэгжиж дуусаадгэрээний биелэлтээ дүгнэх мөчид худалдан авагч талыг “Аавын хаалга” татах үндэслэлгүй баримт бичиг болон хувирсан. Үүнийг ч шат шатны шүүх яллах шалтгаан мөн гэж үзсэн билээ. Харин Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа үнийн зөрүү гэгчийг хэрэгсэхгүй болгосон ч жингийн зөрүүг тооцож, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, тэднээр хувь тэнцүүлэн гаргуулж, төлүүлэхээр болсон юм.

Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлж, “Ичсэн хүн хүн ална” гэгч боллоо хэмээн мэдээлсэн. Үнэхээр түүний хэлээд буй ичсэн хүн хэн байв гэдэг ч яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Б.Мөнгөнтуяа хохирлоо нэхэмжил

Анхан болон Давж заалдах шатны шүүх Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарыг ижил зүйл заалтаар яллаж, прокурорууд яллах дүгнэлтээ үйлдсэн. Тиймээс ч шүүх тэдэнд ижил хэмжээний мөнгөн торгуулийн ял ногдуулсан билээ. Гэтэл Дээд шүүх Б.Мөнгөнтуяаг цагаатгаснаар анхан болон давж заалдах шатны шүүхээс сонссон торгох ялыг хүлээхгүй болов.

Уг нь Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар ижил зүйл заалтаар буруутгагдаж, яллах дүгнэлт уншуулж байсан ч Н.Даваахүү торгуулийн ял дээр унаж, Б.Мөнгөнтуяа цагаатав. Хэрэв Л.Гансүх нарыншүүх хурал олон нийтэд нээлттэй яваагүй байсан бол Б.Мөнгөнтуяа ч ялтан болох байсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа.

Б.Мөнгөнтуяаг анх Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж, прокурорууд яллах дүгнэлтээ уншиж байсан удаатай. Үүнийг тэрбээр хүчтэй эсэргүүцэж, Анхан шатны шүүх хурал дээр “Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж байгаа прокуроруудад үнэхээр харамсаж байна. Үнэхээр хүнийг яллаж байгаа бол бүтэн овог нэрээр минь хэлж яллах хэрэгтэй.

Миний аав энд зогсож байна. Намайг Батцэнгэлийн Мөнгөнтуяа гэдэг. Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28 ны нэг дэх өдөр үүсээд намайг ажил дээр байхад нь шууд барьж хорьсон. Тухайн үед намайг 265.2 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьж, хохироож, нэр төрийг минь гутаачихаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс бол эрхэм прокурорууд та бүхэн. Гэтэл одоо намайг дахиад 163.2 166.2 гэдэг хүнд зүйл ангиар яллаж байна. Энэ зүйл ангид чинь заасанчлан улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн байгаа би тэр улс төрийн албан хаагч чинь биш. Төрийн албаны шалгалт ч өгч байгаагүй. Эрхэм прокуроруудаа та бүхэн миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай. Тэр гэрч, шинжээч нар гээд байгаа хүмүүс энд түмний шившиг болоод л зогссон” хэмээн өгүүлж байсан.

Ийнхүү хилс хэрэгт холбогдож буйгаа мэдүүлсээр атал гурав хоногийн өмнө хүртэл түүнийг шүүх гэмт хэрэгтэн гэмээн үзэж байсан нь харамсалтай. Тэгвэл шүүх Б.Мөнгөнтуяаг цагаатгасан учир зургаан cap хууль бусаар цагдан хоригдсон хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй. Хуульд зааснаар нэг хоног хууль бусаар цагдан хоригдсон хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог.

Тэгэхээр Б.Мөнгөнтуяа 200 хоног хоригдсоны нөхөн олговор 38 сая 400 мянган төгрөг төрөөс нэхэмжлэх боломжтой. Мөн сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан орлогын хохирол, өмгөөлөгч хөлсөлсний зардлаа нэхэмжлэх эрх нь түүнд нээлттэй. Төрийн хууль бус ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг төлөх мөнгийг Хууль зүйн яамны төсөвт тусгадаг. Гэтэл төсвийн мөнгийг ард түмэн бүрдүүлдэг. Бид хуулийн байгууллагуудыг хүн хэлмэгдүүлж, хохирол төлж гэж татвар төлдөггүй. Угтаа бол хүнийг хэлмэгдүүлсний хохирлыг төр биш буруутай этгээдүүд гаргах ёстой гэдгийг ч анхаарууштай.

Нүүрсний гэх хэргийн захилагч хэн байв?

Дахин хэлье. Л.Гансүх нарын гэгдээд буй “Нүүрс” хөтөлбөрийн эл хэрэг улстөрийн зорилготой, захиалагчтай хэрэг гэдгийг олон хүн хэлж, хардаж байна. Гэтэл Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргахдаа үнийн зөрүү гэгчийг хэрэгсэхгүй болгож жингийн зөрүүг тооцож, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, тэднээр хувь тэнцүүлэн гаргуулж, төлүүлэхээр болсон, Б.Мөнгөнтуяаг 265.2, 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьчихоод цагаатгана гэдэг арай л ичмээр явдал боллоо. Хэн нэгнийг гутаах, яллах, хэрэгтэн болгож харагдуулахын тулд ийн улайрна гэдэг яах аргагүй захиалагчтай гэж хардагдаж байна. Өдий хүртэл явж, тэмцэж, арьсаа хуулуулж байснаас хэн эл хэргийг захиалж, хуулийг гууль болгон, хийгээгүй хэргийнх нь төлөө хэн нэгэнд ял тулгаж байгааг илчлэх цаг болсон бус уу.

24tsag.mn Б.Энхжин


URL:

Сэтгэгдэл бичих