Монгол улсын их хуралд улс төрийн шаардлага тавих тухай
2016 оны 3 сарын 22 Дугаар Улаанбаатар
“УИХ-д дүн тавих сонгогчдын цуглаан”-д оролцогчдын хэлсэн үг, ард иргэдээс гарсан санал хүсэлт, олон түмний үзэл бодлыг нэгтгэн 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ-ын үйл ажиллагааг “ЭВЛЭН МАНДУУДАХ ХҮЧ” дүгнэж байна. Үүнд:
1-рт: Сонгох сонгогдох эрхэд халдсан
2-рт: Ард түмнээ их өрөнд унагасан
3-рт: Түүх, эх хэл, өв соёлоо умартсан
4-рт: Газар нутгаа сүйрүүлсэн
5-рт: Монгол төрт ёсыг самарсан
Үүний тулд:
2012 оны ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ, түүний гишүүд Монгол улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт харшилсан шийдвэрийг удаа дараа санаатайгаар гаргасан тул цаашид нэг ч өдөр оршин тогтнох хууль зүйн болон ёс суртахууны эрхгүй хэмээн үзэж байна.
Иймд “УИХ-д дүн тавих сонгогчдын цуглаан”-д оролцогсод дараах шаардлагыг УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлж байна. Үүнд:
УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах
УИХ-ын ээлжит бус сонгуулыг яаралтай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх
УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, яамдын өндөр албан тушаалтай хүмүүсийн хил нэвтрэх эрхийг түр хориглох
/хавсралт буй/
УИХ-Д ДҮН ТАВИХ СОНГОГЧДЫН ЦУГЛААНД ОРОЛЦОГСОД ЭВЛЭН МАНДУУЛАХ ХҮЧ
УИХ, УИХ-ын гишүүдэд хүргүүлж буй улс төрийн шаардлагын ХАВСРАЛТ
Нэг: Сонгох сонгогдох эрхэд халдсан талаар:
Нэгэн зүйл: Сонгуулийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Монгол улсад бүрэлдэн бий болж буй ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөө, сонгох сонгогдох язгуур эрхийг ноцтой зөрчин, улс төрийн намаар дамжуулан хэдхэн улстөрчдийн улс төрийн эрхийг баталгаажуулж, урьд хүрсэн түвшингээсээ ухарч дордуулсан хууль баталсан.
Нэгэн зүйл: Монгол улсын үндсэн хуулийн 3-ийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”. 21-р зүйлийн 2-т. “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” Гэсэн заалтуудыг илт мушгин гуйвуулж “намын жагсаалт” гэдэг зүйлийг бий болгож ард түмнийхээ итгэлийг даахаа больсон хүмүүсийг намын жагсаалтынхаа ард нууж төрийн эрхийг хууль бусаар барих нөхцөлийг бүрдүүлсэн
Хоёр: Ард түмнээ их өрөнд унагасан талаар
Нэгэн зүйл: 2015 оны жилийн эцэст Монгол улсын гадаад өр 2012 онтой харьцуулахад 11.6 тэрбум ам.доллараас 21.7 тэрбум ам.долларт хүрч гуравхан жилийн дотор 87 хувиар өсч, улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4. дэх хэсэгт “Засгийн газрын өр… дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх”[1] гэж заасныг зөрчин, 2015 оны байдлаар Монгол Улсын гадаад өр 42.5 хувьд хүрч, хуульд заасан өрийн таазаас давсан. Улмаар өр зээлийг буруу зарцуулсан, Төрийн данс улайсан, цалин тэтгэврээ хугацаанд нь тавьж чадахаа больж Засгийн газар нь дахин их хэмжээний өр тавьж эхэлээд байна.
Нэгэн зүйл: 153 мянган малчин өрхийн 120 мянга нь малаа барьцаалсан малчны зээлтэй, наян мянган айл орон сууцаа барьцаалсан ипотекийн зээлтэй, өвгөд хөгшидийн дийлэнх нь тэтгэврийн зээлтэй, ажилтан албан хаагчид нь цалингийн зээлтэй, 80 орчим мянган компани бизнесийн зээлтэй болж бүх нийтээрээ өрийн сүлжээнд баригдав.
Нэгэн зүйл:Рио тинтогийн Монголын засгийн газартай байгуулсан “хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” буюу “Дубайн гэрээ” нь эрх зүйн чадамжтай эсэх талаар магадлаж шалган дүгнээгүй. Мөн Засгийн газартайгаа хуйвалдаж уг гэрээг нууцалан Монголын ард түмний үнэт баялагийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудад өрийн барьцаанд тавьж, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд ноцтой аюул учруулсан.
Нэгэн зүйл: Долларын төгрөгтэй харьцах ханшийг алдсан, малын гаралтай түүхий эдийн үнийг унагаж, аж ахуйн нэгж байгууллагууд үүд хаалгаа барьж, бараа бүтээгдхүүний эргэлт зогсож, ажилгүйдэл ядуулрал өсөн нэмэгдэж байхад дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа.
Гурав: Түүх, эх хэл, өв соёлоо умартсан талаар
Нэгэн зүйл:Их Монгол улсыг үндэслэн байгуулагч, Монгол туургатны оройн дээд шүтээн болсон их эзэн Чингис хааны нэр төрийг барьцаалан байж авсан өрөө цаг хугацаанд төлж барагдуулж чадаагүй, өвөг дээдсийнхээ ариун нэр төрийг сэвтүүлсэн,
Нэгэн зүйл: Олон түмний эсэргүүцэл, санал хүсэлт, гуйлтыг үл ойшоон өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй Самуурай бондын зээлийг авч үр ашиг муутай зүйлд зарцуулан үрэн таран хийж Монгол төрийн эрхэмсэг оршихуйг уландаа гишгилсэн,
Нэгэн зүйл: Мүүн мэт харийн ёс бус зан заншил, соёлыг сурталчилсан, тулгасан, залуу үеийн оюун санааг хордуулсан шашны олон урсгалууд нэвчиж байхад мэдээгүй, хяналтандаа авч чадаагүй, тэр ч бүү хэл төрийн өндөр алба хашдаг хүмүүс өөрсдөө гар хөлөө дүрж түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан
Нэгэн зүйл: Хүн төрөлөхтний соёлын үнэт өв, өвөг дээдэс маань Монгол газар шороон дээрээ төрт улсаа үүсгэн байгуулж явсаны баталгаа, Хүн гүрний ариун дагшин газар Ноён-Уул, түүний ойр орчмын байгалын цогцолбор газрын хилийн цэсийг хууль зөрчин өөрчлөн,гадны компанид ухуулах шийдвэр гаргаж өвгөдийн ясыг өндөлзүүлсэн,
Нэгэн зүйл: Ерөнхий боловсролын сургалтанд олон орны олон янзын хөтөлбөрүүдийг бодлогогүйгээр нэвтрүүлж үр хүүхэддээ, тэдний оюун санаанд нөлөөлж буй хор урхагийг тооцохгүй туршилтын талбар болгосон,
Дөрөв: Газар нутгаа сүйрүүлсэн талаар:
Нэгэн зүйл: Монгол улсын олон аймаг сумын нутаг дэвсгэрт идэвхтэйгээр алт, зэс олборлосноос үүдэн маш богино хугацаанд 3100 гол усны 887 нь, 7000 булаг шандын 2086 нь, 3500 нуур, цөөрмийн 1166 нь тус тус ширгэсэн бодит хохиролыг таслан зогсоохоор өмнөх УИХ-ын баталсан урт нэртэй хууль буюу ”Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн үйлчлэлийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр зогсоосон.
Нэгэн зүйл: Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийнгазрууд нь:
- Говийн Их Дархан газраас Талын Мэлтэс, Хатан суудал орчмын газрыг Улсын тусгай хамгаалалтаас гаргах санал,
- Бурхан Халдун Хайрханы Гутайн даваанд хайгуулын линценз олгосон шийдвэр,
- 2003 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн, Дархан цаазат газар болох Увс нуурын сав газар хайгуулын лиценз олгосон Засгийн газрын шийдвэр,
- Баянхонгор аймгийн Орог нуурын ганц цутгал болох Түйн голын урсац бүрэлдэх эхэд олгогдсон Монгол росцветмет нэгдлийн 3 лицензийг чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол,
- Нэн ховор амьтан болох Цоохор ирвэсийн тархац нутаг болох Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг ашиг сонирхолын зөрчлийн улмаас гацаасан,
- Сүхбаатар аймгийн Дарьгангын Байгалийн Цогцолбор газрыг өргөтгөх зэрэг УИХ-ын тогтоолын төслийг буцаасан шийдвэр,
- Ноён уул орчмын бүс болох Гацууртын ордын Төр ийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоол,
- Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоол нэртэй хэсэгчилсэн хамгаалалтад авч ард түмнийг хуурсан,
- Нэгэн зүйл: Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр Дархан Цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсээс 1584.0 га газрыг Шинэ Яармаг хорооллын зориулалтаар гаргах УИХ-ын 2013 оны 23-р тогтоол зэрэг байгаль орчин, гол мөрөн, ойн сан, бэлчээр нутгийн эсрэг гаргасан үйлдлээрээ үндэстэн дамнасан корпарациуд, олон улсын банк санхүүгийн хамтарсан шахалтанд буун өгч, уул уурхайн том төслүүдэд зориулсан гүний болон гадаргын усыг шавхах, ус татах далан байгуулах, хил дамнасан экосистемд сөрөг нөлөөтэй төслүүдийг хэрэгжүүлэхээр улайран зүтгэж байна.
Нэгэн зүйл: Халх Голын чөлөөт бүс байгуулах нэрийдлээр Монгол улсын зүүн хилийн орчмын 500,000 гектар газрыг онцгой дэглэм бүхий бүс болгож байгаа нь Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн.
Нэгэн зүйл: 2013 оны 11 сард Төрийн өмчит “МонАтом” ХХК улсын хэмжээнд хэрэгжүүлж буй ураны төслүүдээс Дорнод аймгийн нутаг дахь Дулаан уул, Зөөвч овооны ордод Францын “Арева Майнз” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан олборлолт хийж байгаа нь тус бүс нутгийн байгаль орчин, ундны ус, малын бэлчээр, хүний болон таван хошуу мал, бүс нутгийн ан амьтдын эрүүл мэнд, удмын санд ноцтой хохирол учруулсан.
Тав: Монгол төрт ёсыг самарсан талаар:
Нэгэн зүйл: Ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ эхний хуралдаанаахамгийн ахмад гишүүнээрээ удирдуулан хуралдааныг эхлүүлэх учиртай хуулийг зөрчин, үгсэн хуйвалдах замаар Төрийн эрхийг хууль бус аргаар шилжүүлэн авсан. Ийнхүү Монгол улсын үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчин Төр засгаа эмхлэн байгуулсан нь хууль бус бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг ёсчлон биелүүлэх, Төрт ёсоо дээдлэх, ахас ихсээ хүндэтгэх, ёс зүйн уучилж болшгүй том алдаа гаргасан.
Нэгэн зүйл: Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус өөрчилснөөр туйлын хангалтгүй ирцтэйгээр Төрийн бодлого, хууль тогтоомжийг луйвардан баталах нөхцөлийг бүрдүүлсэн. УИХ-ын гишүүд албан тушаал, сандал суудал хуваарилахаас өөр асуудал дээр хуралдаа бүрэн суухаа больсон.
Нэгэн зүйл: Үндсэн хуулийн цэцийн даргыг хууль бус замаар огцруулан, Үндсэн хуулийн хамгаалалтын тогтолцоог нурааж, Үндсэн хуулийн дархлааг сулруулсан.
Нэгэн зүйл: Төрийн албыг хувьчилж, Монгол төрийг чадваргүй сэтгэлгүй хүмүүсээр дүүргэсэн.
Нэгэн зүйл: Төрийн эрх барьж буй улс төрийн намууд бүлэглэл фракцад хуваагдажтэдний хоорондын тэмцэл Монгол төрийн хүчийг сулруулж гадаад дотоодын олз ашиг хайсан бүлэглэлүүдийн идэш болох нөхцөлийг бүрдүүлсэн.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Төрийн түшээд ээ,
Засгийн газрын сайд нар аа,
Та бид дайсанууд биш ээ. Нэг үндэс угсаатай, нэг ард түмэнтэй, нэг эх оронтой, нэг Монголтой. Иймд бид бүгдээрээ Монголын ард түмэн, Монголын хойч ирээдүйн өмнө адил үүрэг хүлээх учиртай хүмүүс.
Буурал түүхийн нугачааг харвал Монгол зон олон мандаж бадарч, доройтон буурахын аль алиныг үзсэн. Цорын ганц үнэн нь Монгол Төрийн алтан жолоог үеийн үед атган суусан Төрийн түшээд үрийн үрдээ илүү сайхан улсыг хүлээлгэж өгөхийг зоригдол болгож, түүний төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, энэ улс орныг өнөөгийн бидэнд өвлүүлсэн түүх.
Гэтэл, та бүхний баталсан хууль тогтоомж, гаргасан шийдвэрүүд Улс үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, Монгол хүний язгуур эрх ашгийг зөрчсөн, үүнийг нь засаж залруулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө асар их шаардагдахаар болж хор уршиг хохирлын хэмжээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа тул ирээдүй хойчийн өмнө нүгэл тарьсан энэ гэмт үйлдлээ нэг ч болов өдрийн өмнө таслан зогсоож, засч залруулахыг шаардаж байна.
Энэ зун дэлхийн голлох нөлөө бүхий хүмүүс манай оронд зочлон саатах гэж байна. Айлчин гийчин ирэхэд хог новшоо цэгцэлж, орон гэрээ өөд нь татаж, өнгөтэй өөдтэй бүхнээ дэлгэн барьдаг нь бидний зан. АСЕМ-ын зочид ирэхээс өмнө амжиж төрөө цэвэрлэж, түмнээ амирлуулж Монголоо сайхан болгох хэрэгтэй байна.
2012 оны ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ Монгол улс, Монголын ард түмний язгуур эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг санаатайгаар удаа дараа гаргаж түүнийгээ засч залруулахыг огт хүсэхгүй байгаа тул цаашид нэг ч өдөр оршин тогтнох хууль зүйн болон ёс суртахууны эрхгүй хэмээн үзэж байна.
Энэхүү албан шаардлагынхаа хариуг УИХ-ын гишүүн бүрээс авах болно.
ЭВЛЭН МАНДУУЛАХ ХҮЧ
УИХ-Д ДҮН ТАВИХ СОНГОГЧДЫН ЦУГЛААНД ОРОЛЦОГСОД
URL: