Дэлбэрэлт болсон газраар явахгүй байхыг анхааруулав

Гадаад хэргийн яамнаас Бельгийн Вант Улсад оршин суугаа монгол иргэддээ анхааруулга хүргүүллээ. Тодруулбал, энэ сарын 22­ны өдөр Бельгийн Вант улсын нийслэл Брюссельд болсон дэлбэрэлтийн талаар ГХЯ­ны Консулын газрын дарга Б.Болд өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр дэлбэрэлт болсон болон олон нийтийн газраар явахгүй байхыг Бельгийн Вант Улсад оршин суугаа монгол иргэддээ анхааруулав. Тэрбээр, “Өчигдөр орон нутгийн цагаар 9.00 цагийн орчимд Бельгийн Вант улсын нийслэл Брюссель хотын нисэх онгоцны болон Европын Холбооны төвтэй ойрхон орших метроны буудалд цуврал дэлбэрэлт болж 34 хүн нас барж, 250 хүн гэмтээд байна.

Дэлбэрэлт болсонтой холбогдуулж олон улсын нисэх онгоцны буудлын бүх нислэгийг цуцалж, Брюссель рүү орох, гарах галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, метроны буудлуудыг хаасан. Бельгийн Вант улсад нийт 1100 орчим монгол иргэн амьдардаг. Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллээр, дэлбэрэлтийн улмаас амиа алдсан, гэмтсэн хүмүүсийн дунд монгол иргэн байхгүй” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих