Худал хэлдэг, алдагдалтай төсөв баталдгаа боль гэдгийг хэлж өгөөч

Хөдөөд нялх төлийн дуу ид цангинаж байна. Хахир өвлийг  өнөтэй  давсан ч хаврын хавсаргатай өдрүүд шинэ төл хүлээн авах ажилд ихээхэн бэрхшээл учруулдаг. Хавар хамгийн эгзэгтэй, хамгийн тогтворгүй улирал болохоор малчид  нойроо хугаслан амсхийх завгүй ажиллаж байна.  Цаг зуурын ийм үед Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн байгууллагаас малчдад  хүрч туслах ажлаа эрчимжүүлдэг аж.  УИХ-ын гишүүн Н.Энхболд Төв аймгийн Бүрэн, Заамар сум, хүн ам хамгийн сууршсан Хайлааст багт ажиллахад сумын засаг дарга нар энэ тухай  хэлж байсан юм.  Улаанзагалмай нийгэмлэгээс манай малчдын дунд судалгаа хийгээд  явсан. Хүнс тэжээл шаардлагатай малчдыг сонгож тусламж үзүүлж байна. Бидний хувьд болж өгвөл  илүү олон хүнийг энэ тусламжинд хамруулмаар байх юм хэмээн Бүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Төгсжаргал хэлсэн юм.

Бүрэн сумын хувьд  хаврын хахир өдрүүдийг төл, малын хорогдол багатай туулахын тулд  нөөцөөс өвс татаж эхэлжээ.  Хаврын саруудад өвс хомсддогийг ашиглан хувь хүмүүс нэг боодол өвсийг 9000 төгрөгөөр борлуулж байна.  Малдаа өвс өгөхийн тулд малчид өр зээл тавиад авдаг гэнэ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд иргэдтэй уулзаж намрын чуулганаар батлагдсан Эрүүгийн хууль, Хамтын тэтгэврийн тухай гээд тогтоомжуудыг тайлбарлав. Харин иргэдийн хувьд  яагаад ийм алдагдалтай төсөв батлаад цалин бууруулав. Гэсэн атлаа цалин тэтгэвэр хасаагүй гэж худлаа хэлдгээ боль.  Зээлээс зээлийн хооронд  амьдарч байгаа иргэдийн цалинг бууруулж байхаар олон яам, тамгын газраа цомхтгож, татан буулгаж хэмнэлт хийж болдоггүй юм уу. Мах нооллуурын ханш унаад байгаад бодлоготой хандаж тогтвортой байлгахад юу хийж байна. Монгол улсын үндэсний баялаг мал юм шүү гэсэн хатуухан шүүмж, саналыг эрх баригчдад уламжлахыг хүссэн юм.

Бүрэн сум мал аж ахуйгаа түшиглэсэн бол Заамар сумын Хайлааст баг уул уурхай тэр дундаа Монгол Улсын алт олборлолтын цөм энд байрлаж байна. Эндэхийн асуудал  байгаль хамгаалал, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашиг гээд  ар аараасаа цуварна.

Хайлааст багийн засаг дарга А.Ганцэцэг  “ Шинээр батлагдан хэрэгжиж байгаа НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт орон нутагт үнэхээр дарамттай байна. Хууль хэрэгжүүл гэсэн үүрэг даалгавар ирдэг худалдаа эрхлэгчдэд шаардлага тавихаар  үнэтэй  кассын машиныг нь авч тавиад интернэтээр орлогоо шивээд оруулдаг чадалтай нь алга. Гол төлөв тэтгэвэрт гарсан хоёр хөгшин жижиг дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүр болгон өрийн хар дансны дэвтэртэй. Тэр өр нь хэзээ ч дундардаггүй. Ийм байхад  жижиг дэлгүүр ажиллуулж байгаа  хүнийг НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүл гэдэг шаардлага тавих хүнд. Зарим нь аргагүйн эрхэнд  дэлгүүрээ хааж байна. Тэр хэмжээгээр ажилгүй орлогогүй иргэн нэмэгдэж байна. Манай багийн хувьд уул уурхайгаа түшиглэн харьцангуй амьжиргаагаа залгуулаад байна. Бусад сумдын хувьд маш хүнд байгаа. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд  цэцэрлэг, цэцэрлэгийн тохижилт,  багийн гэрэлтүүлэг, цагдаагийн купон, засаг даргын тамгын газрын байр, эмнэлгийн байрны засвар тохижилт гээд олон ажлыг хийж өгч байна. Гэтэл өнөөдөр төсөв  хасагдаж цалин  буурсан, шатахуун, цахилгааны төлбөр хаанаа ч хүрэхгүй өрөндөө баригдаж байна. Өнөөдөр гэхэд 1,6 сая төгрөгийн цахилгааны өртэй сууж байна.  Манай багийн хувьд цагдаагийн хэлтэс 40 гаруй хүний  бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэмт хэрэг зөрчил эрс буурсан харьцангуй тайван байгаа. Одоо бидний хувьд нэн шаардлагатай нь манайд хүний их эмч хэрэгтэй байна.  Байнгын болон түр ошин суугчтайгаа нийлээд 4500 гаруй хүн амд 5 ортой эмнэлэгтэй. Мэргэжлийн эмчгүй саяхан бариа заслаар төгссөн  нэг эмч ирсэн. XXI зуунд манай багийнхан судас барьж таамгаараа онош тавьдаг эмчтэй сууж байна. Хүмүүст буруу онош тавьж гомдол их гарч байна. Сумын Эрүүл мэндийн төв рүү эмчээ сольж өг гэхээр Эрүүл мэндийн яамнаас томилогдсон хүн гэдэг. Хавдаргүй хүний хавдартай гэж буруу оношлож байгаа эмчийг нэн даруй сольж өгч тусална  уу. 4000 гаруй хүний амь насыг ийм хүнд даатгаж орхиж болохгүй”  гэсэн гомдол хүсэлтийг  Н.Энхболд гишүүнд уламжилсан юм.  Иргэд ч  дээрх асуудлуудыг тавьж  аливаа хууль тогтоомж батлахдаа орон нутагийн хөрсөнд буух эсэхийг нь хардаг байх хэрэгтэй байна гэсэн юм.

Заамар суманд ажиллах хугацаанд Эрүүл мэндийн төвийн дарга  Б.Хадбилэгээс  Хайлааст багт ажиллаж байгаа эмчийн ур чадварт хангалтгүй байгаад иргэд гомдоллож байна. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулахад “Энэ эмчийг сумын Эрүүлмэндийн төвөөс томилоогүй аймгаас томилогдсон. Мэргэжил ур чадварын хувьд хангалтгүй байгаа гомдол их гарч байгаа тул удахгүй энэ асуудлыг нэг тийш нь  шийднэ” гэлээ.

Заамар сум төсөвтөө баригдалгүй уурхайдын нийгмийн хариуцлагын хүрээнд  дотооддоо хөрөнгө оруулалтаа зохицуулаад эмнэлэг, сургууль, цэцэрлэг,  гудамж талбайн тохижилтоо тов хийлгэчихдэг аж.  Төв аймагт хавар болж цас хайлан  сумаас сум орох зам шавар, шар усны үерт автан бэрхшээлтэй болсон шиг  хөдөөгийн иргэдийн амьжиргаа ч зээл, өр, дарамт гэх  хүндрэлтэй нүүр тулжээ.

Ц.Ургамал


URL:

Сэтгэгдэл бичих