“Баялгийн хараал”-ыг дайрч биш, тойрч гаръя

Ашигт малтмалын нөөцөөрөө Монгол Улс дэлхийд толгой цохиж явна.

Зэс, алт, нүүрс, уранаас эхлээд газрын ховор элемент хүртэл манайд бий. Гэвч байгалийн баялаг дандаа сайн сайхныг авчирдаггүйг мэргэжилтнүүд сануулдаг. Монголчуудын хөгжилд хүрч чадах, эсэх нь уул уурхайн орлогоо хэрхэн удирдахаас л шалтгаалах юм.

Баялгаасаа болоод баяжсан орнууд байхад баларсан орнууд ч цөөнгүй. Аз болж бидэнд бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлах боломж их байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас эхлээд “юм үзэж, нүд тайлсан” олон хүн Чилийг Монголд тохирох загвар гэж ярьдаг.

“Эдийн засгаа хэрхэн эрсдлээс хамгаалж, орлогоо яаж зөв зарцуулж байгааг Чилийн туршлагаас харж болно” хэмээн АНУ-ын Глобал засаглал санаачилгын захирал Параг Ханна ч зөвлөж байв. Гэтэл сүүлийн үед тус улсад хүртэл үймээн самуун дэгдээд горьгүй. Товчхондоо, Монгол Улс ямар нэгэн орныг шүтэн бишрээд, дуурайхдаа гол нь биш, улс орнуудын байгалийн баялгаа хэрхэн ашиглаж буй явцаас сургамж авах хэрэгтэй ажээ. Энэ нь Монголчууд “баялгийн хараал”-ыг дайрч биш, тойрч гарахад нэмэртэй болов уу.

Тиймээс “Mongolian Economy” сэтгүүл баялагтай орнуудын хөгжлийн түүхээс толилуулж байна. Энэ удаад хил залгаа оршдог хэрнээ улс төр, эдийн засгийн хувьд тэс ондоо замаар явсан Чили, Боливи хоёрын туршлагыг хүргэхийг хичээлээ.

Чили
Тусгаар тогтносон өдөр: 1810.09.18
Хүн ам: 17.1 сая, үүнээс 11 хувь нь хөдөө амьдарч байна
ДНБ: 203.4 тэрбум ам.доллар
Нэг хүнд ногдох ДНБ: 11.873 ам.доллар
Ядуурлын түвшин: 15.1 хувь
Гадаадын шууд хөрөнгө оруулалт: 2009 онд 12.7 тэрбум ам.доллар
Гадаад валютын нөөц (алт оролцуулаад): 25.3 тэрбум ам.доллар
Үндэсний валют: Чилийн песо

Чилид болж буй бослого, ажил хаялт замбараагаа алдлаа. Оюутны холбооны тэргүүн, 23 настай Камила Валлехогийн санаачилсан хөдөлгөөнд өнгөрсөн хавраас зөвхөн оюутан, багш нар идэвхтэй оролцож байсан бол эдүгээ үйлдвэрчний эвлэлүүд хүртэл нэгдээд байгаа юм. Чанартай боловсрол эзэмшихийн тулд их мөнгө төлөх, үгүй бол хангамж муутай улсын сургуульд элсэх гэсэн сонголт оюутнуудын дургүйг хүргэж, боловсролын салбарт зарцуулж буй төсвөө нэмэхийг Засгийн газраасаа шаардаж байгаа юм.

Харин ажилчид өндөр татвар төлж байгаадаа сэтгэл дундуур байгаа ажээ. Түүнчлэн босогчид Аугусто Пиночетын үеийн Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага тавьж байгаа юм. Ерөнхийлөгч Себастьян Пиньера тэргүүтэй Чилийн эрх баригчид самгардав. Уг нь өдийг хүртэл энэ орон Латин Америктаа нэлээд тогтвортой, сайн засаглалтайд тооцогдож явсан юмсан. Дэлхийн зэсийн зах зээлийн 30 хувийг дангаараа атгадаг энэ улс төсвийн орлогоо маш чамбай зарцуулж чаддагаараа зартай. 4630 км сунаж, говь хангайг хосолсон  энэ нутгийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх агаарын температурын ялгаа нь 10 градуст хүрдэг ажээ. Зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх Чили улсын өнөөг хүртэл туулж ирсэн зам ямар байв?

1535-1550-иад онд испаничууд Чилийн нутгийг эзлэх үедээ ашигт малтмалын арвин нөөцтэйг нь мэдэлгүй, хөдөө аж ахуйн салбарт түлхүү анхаардаг байжээ. XVIII зууны дунд үеэс л Чилийн эдийн засагт зэсийн олборлолт чухал байр суурь эзлэх болсон байна. Харин 1810 онд Чилийн ард түмэн испаничуудыг шахаж, тусгаар тогтнолоо зарлажээ. 1837 онд тус улс Аргентин улстай хамтран Боливийн эсрэг дайтсан нь амжилттай болж, Номхон далайн I, II дайны үеэр Өмнөд Америкийн баруун хэсгээр өөрийн байр сууриа бататгав. Мөн энэ үеэс зэс үйлдвэрлэхийн хажуугаар нүүрс, мөнгө олборлох болжээ. Үүний үр шимээр Чилийн эдийн засаг огцом өсөж эхэлсэн байна.

Гэвч бүх зүйл амар бүтсэнгүй. 1970-1973 онд Сальвадор Альенде Чилийн төрийн эрхийг барихдаа аж ахуйн нэгж, банкуудыг хувьчилж, хөдөө аж ахуйн салбарт ч шинэчлэл хийж эхэлсэн нь олон улсын томоохон корпорациудын дургүйцлийг төрүүлж байжээ. Энэ шинэчлэл амжилттай хэрэгжээгүйн зэрэгцээ эдийн засгийн уналт, улмаар хямралыг дагуулсан юм. Чилийн нутаг дэвсгэрт эмх замбараагүй байдал ноёлох болж, эсэргүүцэл, ажил хаялт энгийн үзэгдэл болжээ.

Чухам энэ үед л Аугусто Пиночет төрийн эрхийг булаан авч, дарангуйллаа тогтоосон байна. 1974-1990 оныг хүртэл Чилийн Ерөнхийлөгч байсан Аугусто Пиночетын үед 30.000 хүн хэлмэгдэн амиа алдсан гэдэг. Гэвч чухам түүний үед л Чилийн өнөөгийн эдийн засгийн баттай, сайн суурь тавигдсан гэж үзэх хүн цөөнгүй. Тэрбээр 1976 онд төрийн өмчит “Codelco” компанийг байгуулсан нь эдүгээ зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй. 1989 онд Чили ардчилсан орон болсон ч Аугусто Пиночетын үед хүчин төгөлдөр болсон Үндсэн хууль одоог хүртэл үйлчилж байгаа юм.

Уул уурхайн салбар Чилийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг нь ойлгомжтой. Дэлхийн зэсийн зах зээлийн 30 хувийг эзэлдэг энэ улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр түлхүү анхаардаг аж. Гэвч зэсийн үйлдвэрлэл, экспорт нэмэгдэхийн хэрээр Чилийн эдийн засаг уул уурхайгаас хамааралтай болж байлаа. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ унахад төсвийн орлого нь шалдаа бууна гэдгийг тус улсын эрх баригчид эрт ухамсарлажээ.

Тиймээс эрдэс баялгийн орлогоо уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэхэд зарцуулсан байна. Эдүгээ металлурги, мод боловсруулалт, хүнс болон оёдлын үйлдвэрлэл Чилид чамлахааргүй хөгжсөн. Мөн загаслал болон ойн аж ахуй давамгайлсан хөдөө аж ахуйн салбар нь Чилийн ДНБ-ий долоон хувийг бүрдүүлдэг аж. За тэгээд улаанбуудай, чихрийн нишингэ, усан үзэм, төмс, жимс тариалдаг байна. Үүний хажуугаар үйлчилгээ, ялангуяа технологийн салбар нь үлэмж ихээр хөгжиж буй аж. Тус улсын эрх баригчид боловсрол, эрүүл мэндийн салбарт нэлээд анхаардаг. Тиймээс ч өнөөдөр Чили улс зөвхөн ашигт малтмалаараа биш, уул уурхайн техник, технологийн нийлүүлэлтээр дэлхийд толгой цохиж байгаа юм.

Чилийн дэд бүтэц маш сайн хөгжсөн учраас гадаадын хөрөнгө оруулалт асар ихээр орж ирдэг. 2009 онд л гэхэд 12.7 тэрбум ам.долларыг гаднынхан энэ улсын эдийн засагт шингээжээ. 80 мянган км үргэлжилсэн автозам, 8100 км төмөр замын зэрэгцээ усан тээвэр ч Чилийн дэд бүтцэд голлох байр суурь эзэлдэг байна.

Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн хэлбэлзлээс эдийн засгаа хамгаалахын тулд 2000 оноос төсвийг тогтвортой байлгах санаачилга гаргаж, уул уурхайн орлогынхоо дийлэнх хэсгийг нөөцөлдөг болсон. Ингэхдээ зэсийн үнийн олон жилийн таамаглал гаргадаг мэргэжлийн тусгай хүмүүстэй болж, улсын төсвөө урт хугацаагаар төлөвлөдөг болжээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын хамгийн хүнд үед буюу 2008 онд хүртэл Чили 44.79 тэрбум ам.долларын орлогыг төсөвтөө төвлөрүүлсэн боловч үүнийхээ 35.09 тэрбумыг нь зарцуулж, үлдсэнийг нь нөөцөлсөн байдаг.

Боливи
Тусгаар тогтносон өдөр: 1825.08.06
Хүн ам: 10 сая, үүнээс 34 хувь нь хөдөө амьдардаг
ДНБ: 19.7 тэрбум ам.доллар
Нэг хүнд ногдох ДНБ: 1973 ам.доллар
Ядуурлын түвшин: 60.1 хувь
Гадаадын шууд хөрөнгө оруулалт: 2009 онд 423 сая ам.доллар
Гадаад валютын нөөц 2009 онд (алт оролцуулаад): 8.5 тэрбум ам.доллар
Үндэсний валют: Боливийн песо

Чилитэй хил залгаа орших Боливи улс байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд толгой цохидог хэрнээ ядуурлаас хагацаж чаддаггүй нь хачирхалтай. Цагаан тугалга, газрын тос, цайр, гянтболд, мөнгө, төмөр, алтны нөөцтэй нутгийг эзэгнэнхэн төрсөн боливичууд мөн ой, усны баялаг ихтэй. Гэвч тус улсын хүн амын 60 хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж байгаа юм.

1532-1538 онд мөн л испаничуудад эзлэгдэж, колоничлогдож байсан энэ орон 1825 онд тусгаар тогтнолоо зарласан боловч ард иргэд нь тайван амьдарна гэдгийг хэсэгтээ л үзээгүй. “Хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэнэ” гэдэг шиг эцэс төгсгөлгүй үргэлжлэх гадаад, дотоод дайн энэ улсын хөгжлийн тушаа болжээ.

1879-1883 онд болсон Номхон далайн II дайны үеэр боливичууд ялагдал хүлээж, эцэстээ Номхон далайд гарах гарцаа Чилид алджээ. Эдүгээ тус улс Монголын нэгэн адил далайд гарцгүй орон болой. 1952 онд томоохон хувьсгал болсноос хойш бараг жил бүр л хувьсгал гарч, төрийн эрх баригчид нь толгой дараалан солигдож эхэлжээ. Эмх замбараагүй байдал, иргэний дайн Боливийн хувьд өдөр тутмын үйл явдал болсон байна.

Сүүлдээ тус улсын иргэний хөдөлгөөнүүд байгалийн хийн салбараа төрийн мэдэлд авахыг эрх баригчдаасаа шаардаж эхэлсэн гэдэг. Ард түмнийхээ энэ хүсэл, сонирхол дээр тулгуурлан өнөөгийн Ерөнхийлөгч Эво Моралес нь 2006 онд сонгогдон гарч иржээ. Дээд боловсрол ч эзэмшээгүй тэрбээр хийн үйлдвэрлэлийг төрийн мэдэлд авч,  Америкийн “ExxonMobil”, Испанийн “Repsol”, Бразилийн “Petrobras”, Францын “Total”, Их Британийн “British Gas” зэрэг олон улсын томоохон корпорацитай хийсэн бүх гэрээг хүчингүй болгоно гэдгээ амласан байна.

Түүнчлэн гадаад өрөө төлөхөөс татгалзаж, кокаин гаргаж авдаг кок ургамлын тариалалтыг нэмэгдүүлнэ хэмээн ард түмэндээ тунхаглажээ. Ядуу гэр бүлд төрж өссөн тэрбээр өөрөө энэхүү ургамлын ачаар л ерөнхийлөгч болж чадсанаа бахархан ярьдаг нэгэн. “Энэ навч намайг хүний хувьд, улс төрчийн хувьд төлөвшүүлсэн болохоор би америкчуудын үгэнд орж, түүний тариалалтыг хориглож чадахгүй” хэмээн Эво Моралес мэдэгдэж байсан. Эдүгээ Боливи улс Колумби, Перутэй зэрэгцэн дэлхийн кокаины зах зээлийн  гол нийлүүлэгчдийн нэг болсон нь мэдээж АНУ-аас эхлээд бусад орны эрх баригчдын дургүйцлийг хүргэж байгаа юм.

2009 онд Эво Моралес шинэ Үндсэн хууль санаачлан батлуулахдаа улсынхаа нэрийг Олон үндэстний Боливи улс болгон өөрчилсөн байдаг. Түүнчлэн эдийн засгийн тулгуур салбаруудаа төр хянадаг болжээ. Байгалийн хий болон бусад эрдэс баялгийн нөөц ард түмний өмч хэмээн шинэ Үндсэн хуульдаа тусгасан ч боливичууд энэ бүхний үр шимийг хүртсэн гэхэд хэцүү аж.

Боливийн нэг хүнд ногдох ДНБ 1973 доллар байгаа нь маш бага тоо ажээ. Латин Америкийн бусад орон дундаас зөвхөн Гондурас, Парагвай, Никарагуа л үүнээс бага үзүүлэлттэй юм байна. Уул уурхайн олборлолт их явагддаг ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддагүй учраас эдийн засгийн өсөлтөд нь төдийлөн нэмэр болдоггүй гэнэ.

2010 онд Боливи улс 6.1 тэрбум ам.долларын экспорт хийсний дийлэнх хэсгийг байгалийн хий, түүхий нефть, цайрын хүдэр, цагаан тугалга эзэлж байна. Мөн хугацаанд тус улс таван тэрбум ам.долларын импорт хийжээ.  Бразил, АНУ, Япон зэрэг оронтой худалдаа хийдэг боливичууд эдгээр оронд газрын тосоо түүхийгээр нь өгчихөөд, эргүүлээд тэднээсээ нефтийн бүтээгдэхүүн өндөр үнээр худалдаж авдаг нь өрөвдөлтэй. Уул уурхайн салбар нь улсын төсөвт багагүй хэмжээний хөрөнгө төвлөрүүлдэг ч тэр бүхнээ ядууралтай тэмцэхэд зарцуулсаар юу ч үгүй хоцорно.

Ядуурал, ажилгүйдэл газар авсны зэрэгцээ тус улсад авлига, хээл хахууль байдаг л үзэгдэл болжээ. Дэлхийн банк далд эдийн засгийн судалгаа гаргахад Боливи улс 151 орноос хамгийн дээгүүрт цохиж явна. Боливийн далд эдийн засаг ДНБ-ийхээ 68.1 хувьд хүрсэн байна. “Хар аравдугаар сар” гэх хэргээр өмнө нь сайд, генерал, адмирал байсан хүмүүсийг олон жилээр яллах болсон тухай мэдээлэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр цацагдсан юм. Энэ хэрэгт Боливийн ерөнхийлөгч асан Гонсало Санчес де Лосада, Батлан хамгаалахын сайд асан Карлос Санчес Берсаин нарыг ч буруутгаж байгаа боловч хоёул Америкт амьдарч байгаа тул яллаж чадахгүй байгаа гэнэ.

2003 оны аравдугаар сард байгалийн хийгээ АНУ болон Мексикт худалдахыг эсэргүүцсэн эвлэлүүд олон тооны бослого гаргасан. Тухайн үед Эль-Альто хотын оршин суугчид нийслэлдээ хүрэх замыг хаан жагсахад зэвсэгт хүчин гал нээснээр 64 хүн амь үрэгдэж, 405 хүн гэмтсэн нь “Хар аравдугаар сар” хэмээх хэргийг үүсгэжээ. Олон жилийн турш боливичуудыг амраалгүй ирсэн бослого, үймээн өнөөдөр ч байраа тавьж өгөхдөө хойрго байгаа юм.

Саяхан л гэхэд нутгийн хоёр хязгаарыг холбох зам тавих ажлыг эсэргүүцсэн хэсэг хүн жагсаал хийсэн. Гэтэл Чилийн эрх баригчид үүнд Америкийн Олон улсын хөгжлийн агентлаг буруутай хэмээн үг хаяж амжжээ. Ер нь Боливийн эрх баригчид америкчуудад дургүйгээ нуудаггүй. Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-д айлчилсныхаа дараа Эво Моралес “Хятад бол дэлхийн хамгийн том гүрэн. Тун удахгүй АНУ Хятадын колони болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн мэдэгдэж байв.


URL:

Сэтгэгдэл бичих