Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-2

3-24-3_700x700

Түрүүч нь http://www.fact.mn/264539.html

Төв Азийн усны хагалбар, гадагш урсгалгүй Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол цутгана. Увс нуурыг олон сая жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл гэж эрдэмтэд үздэг. Давслагаараа далайгаас тав дахин их. Евразийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалж үлдсэн, хээр тал, элсэрхэг хөрстэй. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог ч гэдэг. Увс нуур өргөнөөрөө 79 км. Энэ нь Байгаль нуурын өргөнтэй эн тэнцэх хэмжээ. Уртаараа 84 км км, хамгийн гүн нь 22 метр.

Дээрх онцлог байдлууд нь Увс нуурын ай савын дархан цаазат газрыг байгаль хамгааллын төдийгүй шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтой экосистемийн үнэ цэнэтэй нутаг болохыг илтгэдэг.

Ийм үнэ цэнтэй, байгалийн цогцолборт газарт газрын тосны хайгуул хийхээр болсныг бид хөндөж байгаа билээ. “Увс-1” талбай Увс нуурыг бараг тэр чигээр нь бүсэлсэн байгааг уншигч та зургаас харж байна. Мэргэжлийн хүний хэлснээр бол хайгуулын талбайн хамгийн ойрын цэг Увс нуурт нэг км-т тулсан, тэр цэг нь хязгаарлалтын болон орчны бүсийн зааг дээр гэж байгаа. Ингэснээр хайгуулын үйл ажиллагаа Увс нуурт нөлөөлөх үү гэсэн асуудал зүй ёсоор гарч ирнэ.

УВС, ХЯРГАС НУУРТ ХАЛДАХ УУ?

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу бол хязгаарлалтын бүсээс дотогш ашигт малтмал хайх, олборлохыг хориглодог заалттай. Харин орчны бүсэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, байгаль орчны төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах журамтай. Гэхдээ хоёр бүсийн зааг дээр газрын тосны хайгуулын талбайг олгосон нь Увс нуурын ай савд, тэр бүсийн ус, амьтны аймагт нөлөөлөх эрсдэл өндөр гэдгийг байгаль орчны мэргэжлийн хүмүүс онцлон анхааруулж байна.

Увс нуурын нэг өнцөгт бус ихэнх талбайг нь эргүүлж тойруулж газрын тос хайхаар болсон нь олон нийт төдийгүй мэргэжлийн хүмүүсийн гайхaшралыг төрүүлж байгаа нь энэ. Учир нь “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн хайгуулын явцад 453 цооног ухах төлөвлөгөөг манай улсын талд танилцуулжээ. Энэ талаар сурвалжлагын явцад уулзсан байгаль орчны, тэр дундаа усны мэргэжилтнүүд ийм олон тооны цооног гаргавал усны нөөцөд шууд нөлөөлнө гэсэн юм. Тэд олон нийтэд ил гарч энэ тухай хүчтэй дуугарахаас эмээж байгаагаа илэрхийлж “Ийм их хэмжээний цооног ухах нь тун эрсдэлтэй. Маш том асуудал болж мэдэх нь” гэсэн нь нэгийг бодогдуулав. Энэ мэтээр Увсын томоохон газар нутгийг хамарсан газрын тосны хайгуулын талаар холбогдох хүмүүс бодит байдлыг ярихаас цааргалж, ярьсан ч нэрээ ил гаргахаас татгалзаж байлаа. Тэд чухам юунаас болж асуудлыг өөрсдөөсөө хөндийрүүлсэн нь нийтлэлийн дараагийн цувралуудад тодорхой болно.

Увс нуурыг аль 1997 онд дэлхийн шим мандлын нөөц газарт, 2003 онд Дэлхийн өвд бүртгэсэн бол 2004 онд Рамсарын конвенцид хамруулсан билээ. Рамсарын концвенц нь шувуудын нүүдлийн нутаг, ус намгархаг газрыг дэлхийн хэмжээнд хамгаалдаг байгууллага. Увс нуурын дархан цаазат 424 298 га талбай дээрх амьтан ургамлын аймаг, газар хөрс нь зөвхөн Монголын бус дэлхийн хэмжээний хамгаалалттай нутаг гэсэн үг. Тиймдээ ч Увс нуурын ай сав газарт өнгөрсөн жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын шунахай сэтгэлтнүүд халдаж байгаагүй, огт хөндөгдөөгүй онгон дагшин байсаар ирсэн биз ээ.

Хайгуулын талбайг Увсаар зогсохгүй Монголдоо томоохонд тооцогддог байгалийн цогцолборт Хяргас нуурыг хагас тойруулж олгосон байгаа юм.

Одоогоор хайгуулын үйл ажиллагаа нууруудын орчны бүсэд эхлээгүй, “Монголиа гладвилл Увс петролиум” компани Малчин сумын нутагт өнгөрсөн онд хоёр өрөм тавьж, бусад сумуудад хэрхэн хийх төлөвлөгөө гаргах судалгааны шатандаа явна. Гэсэн хэдий ч холбогдох төрийн байгууллага нь газраа олгочихсоноос хойш өнөөдөр, маргааш хэзээ нэгэн өдөр тус компани Увс, Хяргас нуурын хөвөөнд өрөм тавих нь гарцаагүй. Энэ үүднээс Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга М.Анхбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.

М.Анхбаяр: ХЯЗГААРЛАЛТЫН БОЛОН ОРЧНЫ БҮСИЙН ЗААГ ДЭЭР БАЙГАА НЬ ЭРСДЭЛТЭЙ

-Газрын тосны хайгуулын талбайг Увс нуурт тулгаж өгчээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хайгуулын талбай Увс нуурын дархан цаазат газрын хилийн гадна байгаа. “Монголиа гладвилл Увс петролиум” компани орчны бүсэд хайгуул хийхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж зөвшөөрөл авсан байх ёстой. Одоогоор орчны бүсэд хайгуул хийж эхлээгүй. Бодвол хууль журмын дагуу үнэлгээгээ хийлгэж байгаа байх. Тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсээс дотогш хайгуул хийх нь бүү хэл шонгийн нүх ч ухах үйлдэл байж болохгүй.

-Газрын тосны хайгуулын талбай Увс нуураас хэр хол байгаа вэ?

-Хамгийн ойр цэг нь Увс нуураас 1.1 км-т байна. Энэ солбилцол манай хязгаарлалтын бүс орчны бүсийн зааг дээр байгаа юм. Энэ нь хамгийн эрсдэлтэй цэг тул бид онцгой анхаарна. Одоогоор өрөмдлөг хийж байгаа цэг нь Увс нуураас 25 км-т орчны бүсийн гадна байна. Хэрэв орчны бүсэд хайгуул хийвэл байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж, холбогдох зөвшөөрлөө авч, манайхаар  санал дүгнэлт гаргуулах ёстой. Үнэлгээгээр байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөр бол хайгуул хийхгүй гэв.

Алт, мөнгө, нүүрс, төмрийн хайгуулыг бодвол газрын тосных тэнгэр, газар шиг ялгаатай. Увсынхны хувьд газрын тосны хайгуул эхлэхтэй зэрэгцэн хөдөлгөөнд орж, хүн бүр л нэгнээсээ энэ тухай асууж лавлаж учрыг нь олж ядаж байгаа ажээ. “Газрын тосны хайгуулын үйл ажиллагааг нутгийн ард иргэд таатай хүлээж аваагүй. Уламжлалт мал аж ахуй эрхэлж амьдарч ирсэн хүмүүс бэлчээрээ алдах вий гэхээс айцгааж байна. Газрын тосны талаарх мэдээлэл иргэдийн дунд битгий хэл захиргааны байгууллагуудад ч ховор. Нэг л өдөр /өнгөрсөн хавар/ Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр аймаг руу дуудагдаж, Улаанбаатараас Уул уурхайн яам, Газрын тосны газар зэрэг холбогдох засаг захиргааны хүмүүс ирсэн хуралд суусан юм билээ. Тэр үеэр л анх манайд хайгуул хийх болсон мэдээллийг авсан. Одоо ч иргэд гадаад дотоодын компанид газар орноо алдах нь, нутаг усгүй болох нь гэсэн эмзэглэлтэй байна. Газрын тосны талаар аймгийн удирдлагуудаас шууд даалгавар өгч, үүрэгдсэн маягаар сумуудын үйл ажиллагаа явж байна” хэмээн Давст сумын нэгэн иргэн ярилаа.

З.Ганболд: ТЕХНИКИЙН АСУУДЛААС ӨРӨМДЛӨГӨӨ ЗОГСООСОН

“Монголиа гладвилл Увс петролиум” компани өнгөрсөн жил Малчин суманд анхны өрмөө тавьж хайгуулын ажлыг эхлүүлжээ. “Малчин сумын нутагт хоёр цооногийн өрөмдлөг хийсэн. Нэг өрөм 900 гаруй метр хүрээд техникийн асуудлаас болоод зогссон. Нөгөө нь 1930 метр яваад ажлаа дуусгасан” гэж Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд ярив. Угтаа тус компани өнгөрсөн жил таван цооногийн өрөмдлөгийн ажил хийхээр төлөвлөгөө батлуулжээ. Энэ тухай Газрын тосны газрын мэргэжилтэн “Компани 2015 онд геофизикийн судалгаа болон таван цооногийн өрөмдлөгийн ажил хийх төлөвлөгөөг манайхаар батлуулсан. Гэтэл хоёр цооног өрөмдөөд ажлаа дуусгасан. Ямартаа ч энэ оны эхний улиралд багтааж өнгөрсөн жилийнхээ ажлын үр дүнг тайлагнаж, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөг батлуулах ёстой” гэлээ.

Үргэлжлэл бий…

Б.Энхзаяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих