Ч.Отгочулуу: Төслийн санхүүжилтийг нутагшуулах хэрэгтэй

Монголын эдийн засгийн чуулган-2016” удахгүй болно. Энэ удаагийн чуулганаар төслийн санхүүжилтийн талаар хөндөх гэж байгаа юм. Энэ талаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

3-24-6_700x700-Жил бүрийн гуравдугаар сард Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн чуулганаас гарсан үр дүнгийн талаар ярилцлагаа эхэлье?

-2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэрт эдийн засагч Эрнандо Де Сотог урьж энэ чухал арга хэмжээг эхлүүлж байлаа. Сото “Далд болон үхмэл байгаа хөрөнгийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ” гэдгээрээ дэлхийд алдаршсан эдийн засагч. Тэрээр манай улсад ирээд судалгаа хийн, зөвхөн гэр хорооллыг судлахад долоо орчим тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орох боломж байгаа талаар ярьж байсан юм. Хашаа байшинтай хүмүүс үл хөдлөх хөрөнгөө байрьцаалаад зээл авч болох тухай ярилцаж байсан.

Мөн гурав, дөрвөн жилийн өмнөх ээлжит форумаар компанийн засаглалыг сайжруулах тухай, Баялгийн сантай болох тухай зөвлөлдөж байлаа. Энэ мэтчилэн олон чухал санаа гарч байсныг хүмүүс санаж байгаа байх. Төр засаг маань ч олон ажлыг хийсэн. Жишээлбэл, хөрөнгийн бүртгэл, арилжааны банкуудын барьцааны асуудал гэх зэрэг. Гэхдээ Эрнандо Де Сотогийн хэлж байсан зүйлүүд бүрэн утгаараа хэрэгжиж чадаагүй л байна. Ер нь чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжинө гэвэл гурван зүйлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, чөлөөлсөн байх ёстой. Эхнийх нь газар. Харамсалтай нь одоог хүртэл газраа эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулж чадахгүй байгаа. Хоёр дахь нь мөнгө буюу капитал.  Гурав дахь нь хөдөлмөр. Хүн дуртай ажлаа хийж, түүнийгээ өндрөөр үнэлүүлэх эрхтэй. Эдгээр гурван хүчин зүйл эдийн засаг, санхүүгийн эргэлтэд бүрэн орж бид Үндсэн хуульд заасан замналынхаа дагуу хөгжинө гэж боддог.

-Эдийн засгийн чуулганаар өрсөлдөх чадвар, компанийн засаглал, баялгийн сантай болох тухай ярьж байсныг тод санаж байна. Энэ бүхэн аль хэдийнэ хүмүүсийн сонирхдог сэдэв болжээ?

-Өнгөрсөн жил компанийн засаглал яагаад сайн байх ёстой вэ гэдгийг ярьж байсан. Мөн гүйцэтгэх болон төлөөлөн удирдах зөвлөл ямар үүрэг, хариуцлагатай байх ёстой вэ гэдгийг ярьсан. Уул уурхайн яам, Нээлттэй нийгэм хүрээлэнгээс хийсэн хамтарсан судалгаагаар манай улсын компанийн засаглал тааруухан байна гэж гарсан байгаа юм. Ялангуяа уул уурхайн салбар дахь  төрийн өмчит компанийн засаглал муу үзүүлэлтийг авсан. Учир нь төрийн өмчит зарим компани Хүний хөгжил сангийн тухай хуулиар үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Хоорондоо зөрчилтэй олон хуулиар зохицуулагдаж байгаа нь компанийн засаглалд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн. Энэ тухай өнгөрсөн жилийн форум дээр ярьсан учраас улстөрч болон шийдвэр гаргагч нар бодитой ойлголттой болсон. УИХ-аар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар төрийн өмчит компани Компанийн тухай хуулиар ажлаа явуулахаар болсон нь Эдийн засгийн форумын нэг хаялга гэж болно. Мөн энэ хуралдаануудад гадны байгууллагууд оролцож Монгол Улсын төрийн өндөрлөгүүд хэр өндөр ач холбогдол өгч байгааг нь ажиглаж суудаг. Төрийн бодлогод эерэг өөрчлөлт орж байгаа зэргийг ч харж байгаа юм. Ингэснээр гадны хөрөнгө оруулагчидтай харьцахад хялбар болж байна гэсэн үг.

-Хэдэн жилийн өмнө Стэнфордын их сургуулийн эрдэмтэд Эдийн засгийн чуулгад оролцож байсан нь сайн мэдээ болсон гэдэг. Энэ талаар?

-Тиймээ тэр үед тэдгээр эрдэмтэд Баялгийн сантай болох хэрэгтэй гэдэг зөвлөгөө өгч байсан. Тухайн үед тэд Хүний хөгжил сангийн тухай хууль зөвхөн баялгийг хуваарилж байгаагаас бус хуримтлал үүсгэхгүй байна гэж хэлсэн юм. Ер нь уул уурхайгаас орж ирж байгаа мөнгө инфляцийг өсгөдөг. Үүний сөрөг нөлөөг арилгахын тулд 5-6 жилийг зарцуулдаг гэдгийг бид харлаа. Харин үүнийг тогтворжуулах механизм нь баялгийн сантай болох явдал. Тиймээс саяхан Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсан. Энэ мэтчилэн Монголын эдийн засгийн форум дээр ярьж байсан зүйлүүд биелэлээ олж байна.

Өнгөрсөн хугацаанд том төслүүдээ урагшлуулах ёстой гэдгийг бид ойлгосон. Энэ нь эдийн засагт чухал байр суурь эзэлнэ гэдгийг ч мэдэрсэн. Мөн хөрөнгө оруулалтын урсгал тасарч болохгүй. Хэрэв энэ замаар явбал гадаад валютын ханш хаана хүрдэг вэ гэдгийг харж байна шүү дээ. Уг нь өр зээл авахаас илүү хөрөнгө оруулалтын урсгалаа таслахгүй байх учиртай. Тэгэхээр том төсөл, хөрөнгө оруулалт хоёрыг холбогч гүүр нь төслийн санхүүжилт гэдгийг хүмүүст ойлгуулах ёстой болж байгаа юм. Тухайлбал, “Оюутолгой”, “Тавантолгой”, “Цагаан суварга”-ыг манай улсын банкууд ойрын хэдэн жилдээ санхүүжүүлж дийлэхгүй. Мөн төр бонд гаргаж мөнгө босгочихоод нэг төсөлд хийх нь асар эрсдэлтэй алхам болно.

-Төслийн санхүүжилт гэдэг зүйлийг энэ удаагийн форумаар хэлэлцэх гэж байгаа юм байна, Үүнийг тайлбарлаач?

-Товчхондоо бол, эрсдэлтэй салбарын том төслийг санхүүжүүлэх нэг арга нь төслийн санхүүжилт. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд тийм хэмжээний эрсдэл дагаж байгааг бизнесийнхэн мэддэг. Тиймээс үүнийг санхүүжүүлэх хэлбэр нь төслийн санхүүжилт юм. Үүнд олон компани оролцдог. Монголд ийм жишээ бий. Тухайлбал, Оюутолгой компанийн санхүүжилтийг хэлж болно. Урт хугацаанд олон байгууллага оролцдог. Бидний хувьд төслийн санхүүжилт гэдэг нь шинэ ойлголт. Энэхүү санхүүжилтийг дэлхийн томоохон байгууллагууд сүүлийн 60 жил хийж ирсэн байдаг юм билээ. Жишээлбэл, Малайз, Солонгос зэрэг орныг хэлж болно. Тэд дэд бүтцээ хөгжүүлэхдээ төслийн санхүүжилтийг хэрэгжүүлсэн байдаг. Хэдийгээр манай улсын банкууд одоохондоо энэ санхүүжилтийг хийж чадахгүй ч цаашдаа хийж сурах хэрэгтэй байна.

-Манай улсын компаниуд төслийн санхүүжилтийг олохын тулд юу хийх ёстой вэ?

-Мэдээж компаниуд засаглалаа сайжруулан, ТЭЗҮ болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зөв баталж сурах зайлшгүй шаардлага бий. Түүнчлэн дэлхийн хаана ч очсон, томоохон банк санхүүгийн байгууллагын удирдлагуудтай уулзахдаа тэдний төвшинд хүрч харилцах чадвартай боловсон хүчинтэй болох учиртай. Одоогоор энэ хэмжээнд хүрч, гадныхантай харилцах төвшинд бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байна. Мөн төрийн зүгээс улс төрийн эрсдлийг бууруулдаг байх ёстой. Монгол Улсад ажлын байр нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон. Ажлын байрыг бий болгох суурь буюу усалгаа нь хөрөнгө оруулалт. Ер нь төслийн санхүүжилтийн талаар хүмүүст зөв ойлголт өгөх ёстой. Бид чөлөөт зах зээлтэй байна гэдэг сонголтыг хийсэн. Үүний тулд иргэд нь эдийн засгийн мэдлэгтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүн байгалийн хүчийг дийлдэггүй гэдэг шиг зах зээлийн хүчийг бас дийлдэггүй юм. Зах зээлтэйгээ хөл зэрэгцэн алхахын тулд мэдлэг хэрэгтэй. Тиймээс төслийн санхүүжилтийн талаарх зөв мэдээллийг өгөхийн тулд энэ сэдвийг энэ удаагийн Монголын Эдийн засгийн форумаар хөндөж байгаа юм. Түүнчлэн шийдвэр гаргаж байгаа улстөрчдөд зөв ойлголтыг өгөхийг зорьж байна. Мөн гадаадын экспертүүд энэ салбар хуралдаанд оролцож өөрийн орны туршлага, санаа бодлоо хэлэлцэнэ. Ингэснээр олон нийт мэдээлэл авахаас гадна хувийн хэвшлийнхэн төслийн санхүүжилт татахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг ярилцана.

-Төслийн санхүүжилт хийх боломж нь дан ганц банкинд байдаг гэж ойлгож болох уу?

-Хэт өрөөсгөл ойлголт болно. Мэдээж хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож болно. Мөн Нийгмийн даатгалын болон хөрөнгө оруулалтын сангуудаас төслийн санхүүжилтийг босгож болно. Ер нь манайх шиг хөгжиж байгаа орнуудын хувьд төсөлд хөрөнгө оруулдаг хөгжлийн (development, Ex-IM) банкууд бий. Тухайлбал, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк зэргийг дурдаж болно.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: erdene Огноо: 29 March 2016

Mongol nutag deeree ene sankhuujiltiig bairshuulj boldoggui yum baikhdaa!!! Yadakhdaa am dollaryn khansh buukh baikhdaa!!!

Нэр: Anonymous Огноо: 3 April 2016

Зах зээлийн хүчин зүйл гэдэг байгалийн хүчин зүйл адил гэсэн нуугдмал томьёлол одоо л ил гарч эхлэж байх шив дээ.тийм аваас зах зээлийн жамыг урьдчилан мэдэрч төр зохицуулж залуурдах зарчим үйлчлэх ёстой бна. Гэтэл манай төр засаг зах зээлийн өрсөлдөөний далдгар аяндаа зохицуулна..цаг хугацааны эрхээр аяндаа өөрийн гэсэн шалгуур шүүлтүүр үүд бий болно гэж номнолол дэлгэрүүлж ард олноо ниймийн шавар намагт суулгасан бна даа.ингэсэнээр манангийн хэдэн лидерүүд гадныхан
тай хамтарч баяжсан нь дүр зураг тодорч одоо цаашдаа тэд хоорондоо өрсөлдөн ард түмнээ хэдэн хэг болгон талцуулан тэмцэлдэх боллоо !!!

Нэр: СМААБ Огноо: 18 April 2016

ЗАЛЬТАЙ ЗАЛУУ

Нэр: zz'z Огноо: 29 April 2016

z’z

Сэтгэгдэл бичих