Л.Гансүхийн ялыг 3.6 жил болгон буурууллаа

Ерөнхий сайд асан Н.Алтан­ хуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал Улсын Дээд шүүхэд өчигдөр 09.00 цагт эхэллээ. Хуралдаан 12.00 цагийн орчимд завсарлаж, шүүгчид хэргийг зөвшилцөхөөр орсон юм. Харин 16.00 цагийн үед дахин хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Хянан шийдвэрлэх шүүх хурлаар Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргалаа.

Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгав. Шүүх бүрэлдэхүүнд Дээд шүүхийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Цогт, Ч.Хосбаяр нар оролцов. Хянан шийдвэрлэх шүүх хурлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буй Л.Гансүх нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэв.

Тодруулбал, “Шинэчлэл”-ийн Засгийн газраас 2012 онд хэрэг жүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.2 тэрбум төгрөг завшсан гэх хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял, төсөл хөтөлбөрийг гүйцэтгэсэн компанийн захирал Н.Даваахүү, нягтлан бодогч Б.Мөнгөн туяа нарт мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн. Эл шийдвэрийг эсэргүүцэж тэд давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тиймээс Л.Гансүх нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд хандсан юм.

Улсын Дээд шүүх уг хэргийг хэлэлцэх хугацааг хоёр удаа хойшлуулсны эцэст өчигдөр ийнхүү хэлэлцсэн юм. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч, прокурор Бурмаа нар оролцов. Өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хуралдаанд Л.Гансүхийг оролцуулах хүсэлт гаргахад шүүгчид боломжгүй гэж шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч Ц.Баасандорж проектор ашиглаж нотлох баримтыг тайлбарлах хүсэлт гаргасан ч шүүгчид шаардлагагүй гэж үзэв.

Учир нь, уг шүүх хурлаар нотлох баримтыг шинжилж, шалгахгүй гэж үзжээ. Мөн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг телевизээр шууд дамжуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн мөн л хүлээж аваагүй юм. Энэ үеэр Л.Гансүх нарын өмгөөлөгчид тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах саналтай байгаагаа илэрхийлж байлаа.

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих