Дугуйчин Б.Марал-Эрдэнэ ДОАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Филиппиний Тагаятая хотноо дугуйн уралдааны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд болж, уралдааны эрэгтэйчүүдийн 120 км-ын бөөн гараатай төрөлд ОУХМ Б.Марал-Эрдэнэ дэд байрт шалгарч мөнгөн медалийн эзэн болов.

Монголын дугуйчин тус тэмцээнээс анхны медалиа хүртэж байгаа юм. Тэрбээр 3:13:42 цагийн амжилтаар Австралийн дугуйчин К.Монкийн ард орсон бол Германы А.Вейфенхбах хүрэл медалийн эзэн болжээ. Энэ гараанд нийт 46 тамирчин хурд хүчээ сорьжээ.

Мөн энэ зайд Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрт хурдалсан байна. ДОАШТ-д нийт 16 орны 120 тамирчин уралдсан бол манай улсаас гавьяат тамирчин, дасгалжуулагч Ж.Өлзий-Оршихын удирдлага дор 4 тамирчин өрсөлджээ.

Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих