Хэнтийн Засаг дарга хэмжээлшгүй эрхт хаан болохыг мөрөөддөг

Засаг дарга нар хөдөө орон нутагт хэрхэн дур зоргоороо авирлаж буйг иргэд мэдээлж байгаа билээ. Энэ удаа Хэнтий аймгийн  Хэрлэн сумын дөрөвдүгээр хорооны иргэн Л.Энхбаатартай ярилцлаа.

-Та аймгийнхаа тухай яриач?

-Манай аймаг 64 мянган хүн амтай, 19 сумтай. Түүх дурсгал, байгалийн сайхан бүрдсэн нутаг даа. Хэнтий нутгаас  Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба гурвыг УИХ-д сонгосон. Энэ гурван гишүүн орон нутгийн хөгжлийн төлөө бус дараагийн сонгуульд яаж гарах вэ гэдэгт толгойгоо гашилгаж байдаг байх. Хэнтий аймгийн Хурх, Өмнөдэлгэр, Хэрлэн гээд тариалангийн бүс нутагтай байлаа. Тариа тарьж, гурил тээрэмдээд зүүн гурван аймгаа хангадаг байсан юм. Гэтэл Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурил тэжээлийн “Буудайн цацал” үйлдвэрийг хувьчилж аваад тоног төхөөрөмжийг нь хятадуудад зарчихсан. Ганц нэг уул уурхайн компани ороод ирэхээр Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй “эх орончид” айлгаад гаргачихдаг. Тийм учраас ажилгүй иргэд халамжийн мөнгөө авах гэж хэдэн өдрөөр дараалан зогсдог болсон.

-Танай аймагт хэний “бүлэглэл” хүчирхэг байна вэ?

-Залуучууд Солонгос улс руу гарчихвал аз жаргалтай болчих юм шиг санадаг шүү дээ. Түүн шиг 1930-аад оны сүүлээр өвөр монголчууд амь зулбан Хэнтий аймагт орж ирсэн. Тэдний үр удмууд Хэрлэн голын хөвөөгөөр нутаглаж ногоон паспорттой амьдардаг байлаа. Дарлагдсан, зовсон хүмүүс учраас нэлээд ажилсаг байдаг. Тэдгээр хүмүүсийн үр садын нэг аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар юм. Багадаа өвөр монгол энэ тэр гэж дээрэлхүүлж байсан болоод ч тэр үү одоо нутгийн иргэдийг өөд гаргадаггүй. Хэнтий аймгийг өвөр монгол гаралтай таван гэр бүл удирдаж байна гэхэд нэг их хилсдэхгүй.

-Улс төрд орохоосоо өмнө юу хийж байсан хүн бэ?

-Зах зээл эхлэхэд хятад спирт найруулан найрка л зардаг хүн байлаа. Дараа нь архины дэлгүүртэй болсон. Одоо ч гэсэн “Алаг барс” гэдэг дэлгүүртэй. Тэр дэлгүүр, ресторанаа өргөжүүлэхийн тулд аймгийнхаа цэцэрлэгт саадыг үгүй хийж байгаа юм. Хамгийн гайхалтай нь аймгийн онцгой байдлын газрын ажилчид Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын барилгыг барьдаг юм.

-Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нэг их том хаус бариулсан сурагтай?

-Аймгийн захиргааны баруун хажууд, “Хан Хэнтий” чуулгатай залгаа хоёр давхар хаус барьсан. Зүүн гурван аймагт байхгүй хаус гэж ярьдаг юм. Дотор засал, тавилга энэ тэр нь музей шиг л  юм гэнэ лээ. Тэр хавийн бүх газар Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын мэдэлд байдаг юм. Аймгийн Засаг дарга өөрийн эрх мэдлээ ашиглан ийм их хэмжээний газар авч болдог л юм байна. Мөн аймгийн төвөөс зүүн тийш Хэрлэн голын хөвөөнд нэг их том газар авч хаус бариулсан.

-Намаар ялгаварлан хавчин хяхдаг тал бий?

-Тэр бол дээд зэрэг. Нэг муу хүнээ үзэхгүй. Насаар нь дарамтлах гэж л үзнэ. Аймгийн санхүү хэлтсийн дарга Ганбатыг долоон удаа ажлаас нь халсан. Цаадах нь ажлаас халах тоолонд шүүхэд ханддаг. Бүр аймгийнх нь шүүх шийдэж өгөхгүй болохоор Дорноговь аймгийн шүүхэд ч ханддаг юм. Дорноговийн шүүхийн шийдвэр гараад Ганбат ажилдаа орно. Тэгээд нэг цаг болоогүй байхад нь ажлаас халдаг. Яалт ч үгүй Ганбат шүүхээр дийлсэн хэдий ч ажлыг нь хийлгэдэггүй. Тийм учраас мань эр сул цалин аваад сууж байдаг болсон сурагтай. Дөрөвдүгээр сургуулийн захирал Эрээнтовч УИХ-ын сонгуулиар С.Жаргалын сурталчилгаанд гүйсэн байгаа юм. Ч.Эрдэнэбаатар Засаг дарга болонгуутаа “Муу урвагч”  гэж адалж байгаад багш болгож байх жишээтэй.

-Аймгийн шүүх нь Засаг даргынхаа заавраар хөдлөх үү?

-Аймгийн Засаг дарга орон нутагтаа хаан болохын   тулд шүүх, цагдаа, мэргэжлийн хяналтаа мэдэлдээ авах хэрэгтэй байдаг юм байна. Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын гарын үзүүрт аймгийн шүүх хөдөлнө. Шүүхийн дарга Лхагвасүрэн хэдэн жилийн өмнө Дорнод аймгаас жижиг тэргээр нүүж ирсэн  юм. Гэтэл хоромхон зуур баяжаад гурван давхар хаус бариулж байна. Энд тэнд покер тоглоод явж байдаг. Үндэслэлгүйгээр баяжсан хүний нэг. Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын үнэнч найз нь. Манай аймагт хариуцлага гээч зүйл үзээд өгье ч гэсэн байхгүй. 4000 хүн амтай, Бэрх тосгоныг тэр чигээр нь хөлдөөсөн Засаг дарга Лхагвасүрэнг ИТХ-ын даргаар томилсон. Одоо энэ нөхөр Засаг даргын итгэлт найз нь.

-Аймгийн газар нэлээд зарагджээ дээ?

-Манай аймаг үйлдвэр хөгжөөгүй хэрнээ газрын наймаа л явагддаг болсон. Газрын албаны залуу дөрвөн газрын гэрчилгээ үзүүлж байгаад  нэгийг нь 25 сая төгрөгөөр зарж байх жишээтэй. Энэ удаа нэрийг нь хэлэхээ байя. Засаг дарга өөрийн тойрон хүрээлэгч болон намынхандаа аймгийн төвдөө газар олгодог. Мань мэтэд газар олдохгүй хэцүү л байна.

-Засаг дарга Ч.Эрдэнэбаатарын сонгуульд ажилласан хүн ажилтай болдог гэсэн?

-Бүх л газар байдаг үзэгдэл. Хамаатан садангууд нь халамж, нийгмийн даатгалд ажилладаг гэхэд болно. Хэнтий аймагт хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж бий. Гэтэл Засаг дарга Ч.Эрдэнэбаатар бүгдийг нь худалдаад авчихсан. Хэдхэн сарын өмнө “Ч.Эрдэнэбаатар эзэн хаан боллоо” гээд үглэж явсан  сэтгүүлчид өөрчлөгдсөн. Бүгдийг нь   Хар зүрхний хөх нуурын эрэг дээр амраахад л “Засаг даргаа яаж магтах вэ” гэж ярьсан байгаа юм. Засаг дарга Ч.Эрдэнэбаатар магтахаар нь маасайгаад л, муулахаар муур шиг хярдаг хүн. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр иймэрхүү байсан болов уу гэсэн бодол төрдөг юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хэнтийд очоод хатуухан үг хэлсэн байх шүү?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хэнтий аймгийн иргэд тамгын газар руу орохдоо тамын тогоонд орж байгаа мэт хулгадаг” гэж билээ. “Хан Хэнтий” чуулгын байранд болсон уулзалтад иргэд сэтгэлээ онгойтол ярьсан. Тэр уулзалт дээр гэдийсэн авлигачид бөхийж, бөхийсөн ард гэдийж билээ.

-Уулзалтын дараагаар Засаг дарга уулзалт дээр үг хэлсэн иргэдтэй хариуцлага тооцсон гэв үү?

-АН-аас зохиосон “Монгол хүн -2020″ аян Хэнтий аймагт болсон. Энэ уулзалт дээр АН-ын дарга Н.Алтанхуяг ирсэн. Би “Хэнтий аймгийн уугуул иргэд ядуурлын туйлд хүрлээ. Гэтэл Засаг даргын амьдрал эрс сайжирч хэд хэдэн хаустай боллоо” гэдгийг хэлсэн юм. Тэгээд маргааш нь аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Цэргийнхүү баривчлуулж “Аймгийн удирдлагын нэр хүндийг унагалаа” гэж загнасан. Аймгийн цагдаа албан тушаалтны аюулгүй байдал, нэр төрийг л хамгаалах үүрэг хүлээдэг юм.

-Нэг хүн олон жил Засаг даргаар ажиллахаар мөнгө төгрөг идээд байдаг юмаа даа?

-Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатарыг зүүн бүсийн бөөний төв байгуулах мөнгийг идчихсэн гэдэг юм. Одоо бол төсвөөс хумслахааргүй хөрөнгөжсөн. Харин түүнд хэмжээлшгүй эрхт эзэн хааны л титэм хэрэгтэй байгаа. Эцэст нь хэлэхэд Засаг дарга Ч.Эрдэнэбаатар улам баяжаад ард иргэд ядуураад байгааг л хэлмээр байна.

Г.ЭРДЭНЭБАТ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих