Алдаатай сурах бичгүүд сурагчдад боловсрол олгоход сөргөөр нөлөөлж байна

Бид бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” цагийн хөтөлбөрийн зорилго, агуулга, сурах бичгийн судалгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байна. Гэтэл дээрх сурах бичгүүд хууль тогтоомж, стандартад нийцээгүй агуулга, арга зүй болон найруулга зүй, зөв бичих зүйн ихээхэн алдаатай байсан нь сурагчдад боловсрол олгоход сөргөөр нөлөөлж байна.

Бид энэ талаар БСШУЯ-д олон удаа хандаж албан тоот хүргүүлж байсан ч хүлээн аваагүй тул УИХ-ын дарга З.Энхболдод 1-5 дугаар ангийн Иргэний боловсролын хичээлийн сурах бичигт дээрх алдааны талаар 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/102 албан тоот хүргүүлсэн билээ.

2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Л.Ламбаагаас БСШУ-ны сайд Л.Гантөмөрт манайхаас тавьсан хүсэлтийг уламжлан: “…Энэ асуудлаар танай яаманд удаа дараа хандсан боловч тодорхой хариу аваагүй байна. Хавсралтаар ирүүлсэн сурах бичгүүдэд хийгдсэн засваруудаас үзэхэд эргэж харах, засч залруулах зүйл байгаа нь тодорхой байна. Иймд тухайн сурах бичгүүдтэй холбоотой ирүүлсэн саналуудыг судалж тайлбар, цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой саналыг хавсралтаар ирсэн сурах бичгийн хувилбарын хамт ирүүлнэ үү. Хувийг Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбатад” гэсэн 16/1164 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг.

Гэтэл өнөөдрийн байдлаар 2014 оны хэвлэлт дээрх алдаанууд 2015 оны сурах бичигт ямар ч засваргүйгээр хэвээр байгаа төдийгүй 2016 онд хэвлэгдэх сурах бичгүүд ч мөн адил засваргүй гарах болоод байна.

Дээрх байдлаас харахад биелэлтгүй, гүйцэтгэлгүй бичиг цаасыг бие биедээ даатгаад, хоорондоо шидэлцэж байх зуур хүүхэд багачууд маань хохирч сууна. Бид үнэний төлөө, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө гараа хумхиж суусангүй 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн /ёс суртахууны унших эх/ бүхий “Иргэний боловсрол” нэртэй сурах бичгүүдийг хэрэглээнээс хасаж, хууль тогтоомж стандартад нийцсэн байдлаар дахин зохиож хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан болно.

Сурах бичгүүдийн алдааг жишээ татан орууллаа.

.

Davalgaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих