Нийгмийг аюулаас бус, цагдаагаас хамгаалъя

Хууль сахиулах учиртай цагдаагийн байгууллага өөрөө хууль завхруулагч болж байгаа нь өнөөдрийн гол сэдэв болж байна. Хуулинд хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хорьж болохгүй гэсэн заалт байсаар атал баривчлан хорьсон нь асуудал дэгдээлээ. Нэг ой гурван сартай хүүхдийг гурван ойтой гэж ташаа мэдээлж, эхийг нь баривчилсан юм байна. Энэ мэт хүний эрхийг ноцтой зөрчих хэлбэр хууль хяналтын байгууллагад хэр их газар авсныг тоймлох аргагүй. Олон нийтийн сонорт хүрч, ил мэдэгдсэн нь л энэ жишээ. Улс төрийн зорилготой бүхий л баривчилгааг зөвхөн баасан гаригт зохион байгуулдаг, ингэснээр хэрэг тулгах санаархлаа гүйцэлдүүлдэг, дарамталдаг, эрүү шүүлт тулгадаг гэх зэрэг маш олон шүүмжлэл цагдаагийн байгууллагыг чиглэдэг ч ийм байдал үргэлжилсээр байгаа нь нууц биш.Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хүртэл зөвшөөрсөн. Тэрээр “Би энэ үл бүтэх хуулийн байгууллагад ажиллаж байгаа компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Зайлуулахгүй байгаа” гэж шууд мэдэгдсэн юм. Тэгвэл хуулийн байгууллагын завхрал ямар хор уршиг тарьж байна вэ.

Цагдаа нарын үндсэн үүрэг, ёс зүй, хэм хэмжээ гэж их ярьдаг. Гэтэл энэ тухай ярихаас өмнө цагдаа гэж хэн бэ гэж асуухад хүрч байна. Учир нь Монголын цагдаа нар алуурчин, дээрэмчин, гэмт хэрэгтэн болж хувирсаар буй олон баримт гарах боллоо. Эдгээр баримтаар нийт цагдаагийн алба хаагчийг хамаатуулж, нэр төрийг нь сэвтээх гэсэнгүй. Гэвч төрийн цагдаагаас ийм олон гэмт үйлдэл гарч байгаа нь хэтэрсэн, хэтийдсэн үзэгдэл биш гэж үү. Гэмт хэрэгтэй тэмц гэж итгэл хүлээлгэсэн цагдаа нар нь өөрсдөө гэмт хэрэг үйлдээд эхэлбэл энэ ард түмэн хэндээ найдаж, хэнээс сэргийлэх болж байна аа.

Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссэн. “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэсэн лоозон хатгаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, ярьдаг. Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Хүнийг нь биш, сүлдийг нь хүндэлсэндээ тэр юм. Гэтэл буруу даварч, хазгай сэтгэсэн цагдаа нар “Бид бол төр. Та айж, бид айлгах ёстой” гэсэн шиг даналзсаар, адагтаа алуурчин мэт авиржиж, дээрэмчин мэт хэрцгийжиж ирсэн байна.

Олны олонд ганц нэг муу авир, гэмт үйлдэл, буруу хазгай байлгүй яахав дээ гэж өмөөрөх хандлага байдаг. Нэг чулуу хөдөлсний төлөө уул нүүсэн мэт сүржигнэх хэрэггүй ч гэдэг. Тэгвэл уучлаарай, цагдаа нар аа. Та нараас нэг ч өө сэв олж хармааргүй байна. Энэ бол төрдөө итгэж, хуулиндаа захирагдан амар тайван амьдрах гэсэн иргэн хүний хүсэл.

Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Харин эсрэгээрээ занадаг, заналхийлдэг, сүрдүүлдэг, доромжилдог байхыг зөвшөөрмөөргүй байна. Дээр өгүүлсэн баримтууд бол гэмт хэрэг үйлдэж, шийтгэл хүлээсэн тохиолдлууд нь л юм. Харин нийгэмд цагдаа нарын хэнээрхэл, ёс суртахууны доголдол, жинхэнэ гэмт хэрэгтний сэтгэлзүй зэрэг нь эзэнгүй сүг сүүдэр шиг тэнэж явна.
Яагаад эзэнгүй вэ гэвэл тэр үйлдлийнх нь талаар хэн ч гомдол гаргаж зүрхэлдэггүйд оршино. Цагдаагийн зуултад орохыг хэн л хүсэх вэ дээ. Тийм л учраас Монголд цагдаагийн алба хаагчдын нэр хүнд далд судалгаагаар маш муу гарч, харин ил дүгнэлтээр “А” үнэлгээ авдаг хэрэг.

Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүүхэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өмнөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэхдээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу.

“Энэ моньдийн яс маханд нь л хэлж өгөхгүй бол болдоггүй золиг байгаа юм” гэж хэлээд л хүүхдээ гөвшиж өгдөг эцэг эхчүүдтэй адил Монголын цагдаа эрхээ хэрэгжүүлдэг. Өдгөө дээрх эцэг эхчүүд гэр бүлийн хүчирхийлэгчид болж хувирч байгаа бол мөнөөх цагдаа нар нь харин гэмт хэрэгтэн болж өсөн торниж байх шив. Энгийнээр бодоход ч энэ бол боломжтой хувирал шүү дээ. Ажил дээрээ байнга л хэн нэгнийг дарамталж, зодож, зандчиж дадсан хүн ар гэртээ очоод гарынхаа үзүүрт эхнэр, хүүхдээ хэлмэгдүүлэх нь энгийн л нэг сурц, өөрийн эрхгүй төлөвшиж тогтох рефлекс маягтай болох нь аргагүй биш үү.

Тиймд цагдаагийн байгууллагыг нэг бол хүчнийх, нөгөө бол үйлчилгээнийх нь утга руу бүрэн шилжүүлэх хэрэгтэй байх. Хүчнийх гээд тогтчих юм бол цагдаа нар хүн хөнөөхөд нийгэм ингэтлээ цочирдож хүлээж авахгүй шүү дээ, ядаж л. Хүчээ л хэрэглэсэн юм байлгүй гээд хүчтэйн өмнө сөхөрдгийн үлгэрээр айдас хүйдэс дундаа амьдарна. Харин үйлчилгээний байгууллага гэсэн нэр хаяг, эмблем зүүх гээд байгаа бол түүнийгээ төгс хийгээсэй. Энэ хоёрын ялгаанаас л тэнгэр газар шиг зөрүү үүсээд байгааг хэн хүнгүй мэдэж, ойлгож байгаа. Алуурчинг илрүүлдэг, түүнээс сэргийлдэг гэж итгэсэн чинь өөрөө алуурчин байж таардаг шиг алс хол зөрүү байж болохгүй. Нийгмээ хамгаална, хүн ардаа өмгөөлнө гэж итгэтэл нийгэмдээ аюул занал учруулдаг, хүн ардаа айлган сүрдүүлдэг байж таарахгүй.

Уг нь цагдаагийн тоо, хэлтэс нэгжүүдийн тоо нэмэгдсэний хэрээр гэмт хэргийн гаралт, илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нэмэгдэх учиртай. Улаанбаатар хотын дүүрэг бүр нэг цагдаагийн хэлтэстэй байсан бол өдгөө 14 цагдаагийн хэлтэстэй болоод байгаа.

Гэтэл 2015 оны эхний найман сард 36118 гомдол мэдээлэл ирж, 2339 гэмт хэрэг гарсан бол дараагийн ганцхан сард энэ 31766 гомдол ирж, 2487 гэмт хэрэг гарч, захиргааны зөрчил л гэхэд 8000 гаруйгаар нэмэгджээ. Эндээс цагдаагийн тоонд бус, чанарт асуудал байна аа гэдгийг харж болж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн тоог нэмэгдүүлсэн хэрэг биш, цагдаа нэртэй гэмт хэрэгтнүүдийн тоог л өсгөсөн мэт дүр зураг харагдаж байна… Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: Ардын эрх сонин


URL:

Нэр: НАУРЫЗЫН БАЯР Огноо: 23 March 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих